Ө.Туул: Баруун тархины хөгжил сайтай хүн бүтээлч, төсөөлөх чадвартай байдаг

Aдмин / Боловсрол

ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын өмнө мэргэжлээ сонгох хариуцлагатай үе ирлээ. Мэргэжлээ зөв сонговол сайхан ирээдүйг бүтээж чадна.

-Хүний амьдралын хамгийн чухал сонголтын нэг нь мэргэжил. Өөрт тохирсон мэргэжлээ сонгохдоо юун дээр анхаарах ёстой вэ?

-Мэргэжил сонгохдоо гурван асуултыг өөртөө тавих хэрэгтэй. Хамгийн түрүүнд тухайн мэргэжилд дуртай байгаагаа мэдэх. Ажиллах дуртай, үгүйгээ . Мөн өөрийн биеийн онцлогтоо тохируулж сонгох чухал. Гуравдугаарт дэлхийн болон улсынхаа зах зээлд эрэлт хэрэгцээтэй эсэхийг судлах шаардлагатай. Ирээдүйн 30 жилд эрэлттэй байх мэргэжлийг эзэмшвэл амьдралд алзахгүй. Дээрх гурван зүйлд төвлөрч мэргэжлээ зөв сонгоорой. Үүнээс гадна тухайн сурагч ажил мэргэжлүүдийн талаар өргөн мэдлэгтэй байх шаардлагатай бөгөөд тухайн мэргэжлээ гадаад хэлээр сонирхож судлаад үзээрэй. Мөн өөрийгөө таньж мэдэх, аав ээж, багштайгаа зөвлөвөл үр дүнтэй. Мэргэжлийнхээ дагуу зорилгоо төсөөлөх, суралцах сургуулиа мэдэх нь өгөөжтэй. Хөдөлмөрийн зах зээлээ судлах тухайд дэлхийн том байгууллагууд ажилтныхаа IQ бус EQ-г нь хардаг болсон. Тархины хөгжлийн тестээр байгалиас өгөгдсөн чадвар нь илэрнэ. Мөн төрөлх өгөгдөл, авьяас чадвартаа тулгуурлаж мэргэжлээ сонговол үр дүнтэй.

-Тест өгөхийн давуу тал юу вэ?

-Манай “Amrita” мэргэжил сонголтын байгууллага үйлчлүүлэгчээ гурван төрлийн тестээр оношилж, мэргэжлийн зөвлөгөө өгч ажилладаг. Ингэхдээ Монгол хүний онцлогт нийцүүлэн сургалт, зөвлөгөө өгч байна. Орос, Америк, Энэтхэг улсын эрдэмтдийн гаргасан шинжлэх ухааны үндэстэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сонгодог арга аргачлал, оношилгооны төхөөрөмж ашигладаг. Бүх насныхан оношлуулах боломжтой. Манайх боловсролын салбарын багш нараар багаа бүрдүүлсэн. Засгийн газраас 2016-2024 оныг хүүхдийн хөгжил хамгааллын жил болгож зарласан. Үүнтэй холбогдуулан бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ЕБС-ийн сурагчдад мэргэжил сонголтын тест, зөвлөгөө, зөвлөмжийг үнэ төлбөргүй өгч ажилладаг. Ингэхдээ хүүхдийн хүсэл сонирхол чадварыг шалгасан 100 гаруй асуултыг тавьж, гурван тестийн аргаар гаргадаг. Нэг ёсондоо таван мэдрэхүйгээр нь шинжиж тогтоодог гэсэн үг.

Оюун ухааны тестээр зүүн баруун тархины ялгаа, давуу талыг мэдэж болно. Тархины суралцах чадварын түвшин, төрөлхийн оюуны чадамж, суралцах хурд нь ч гарна. Мөн EQ, IQ, AQ, CQ буюу дөрвөн “Q” чадвар, итгэлцүүр тодорхойлогддог. Үүгээр суралцах арга барил, шинж чанар, хэлбэр онцлог нь гардаг. Олон талт оюуны чадамж, тэдгээрийг хөгжүүлэх арга, хүний төрөлх зан төлөв, хувийн онцлог давуу болон сул талаа ч мэдэж авах боломжтой. Харилцааны ур чадвар, хамтран ажиллах чадвар, авьяас билэг, сонирхлоо олохоос гадна мэргэжлийн чиг баримжаа нь ч гардаг шүү. Харин тоон оношилгооны тестээр зан чанар, эрч хүч, био энерги, танин мэдэхүй, сонирхол, эрүүл, мэнд, логик сэтгэлгээ, хөдөлмөрлөх чадвар нь харагдана. Үүнээс гадна азтай байдал, аз тэтгэх, үүрэг хариуцлага хүлээх чадвар, ой санамж оюун ухаан, зорилго эрмэлзэл, гэр бүл, дадал зуршил, өөрийн үнэлэмж гоц авьяас, оюун санааны чадавх нь харагддаг. Мэргэжил сонголтын тест нь нийгмийн хэв шинж, ажил хэрэгч хэв шинж, судлаач, шинжээч хэв шинж, уран сайхны хэв шинж, бодит үйл ажиллагаа, стандартыг баримтлах хэв шинж зэрэг зургаан хэв шинжийг илрүүлдэг.

-Ахлах ангийн сурагчдад мэргэжил сонголтын зөвлөгөө үнэ төлбөргүй өгч ажилладаг гэлээ. Үүний зорилго нь юу вэ?

-БШУЯ болон Хүүхэд хөгжлийн газар хамтран 250 мянган оюутнаас сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллах эсэхээр судалгаа авсан. Гэтэл 60 хувь буюу 150 оюутан мэргэжлээрээ ажиллахгүй гэсэн хариулт өгсөн. Үүнийг цааш судлахад нэг оюутан дөрвөн жилийн хугацаанд сурахдаа их мөнгө төлдөг. Аав ээжийнхээ хөдөлмөрлөж олсон мөнгийг үнэ цэнтэй, зорилготой зарцуулах хэрэгтэй. Эх орны ирээдүй болсон залуу үе мэргэжлээ буруу сонгож, ажилгүйчүүдийн эгнээг нэмж, өөрийн зорилго, санхүү зэргээр хохирч байгааг харах амаргүй. Тиймээс үүний төлөө ямар нэгэн зүйл хийе гэж бодсон. Эцэг эхчүүд энэ асуудалд багаас нь анхаарч, хүүхдийнхээ төрөлх өгөгдлийг зөв тодорхойлж, мэргэжил сонголтод нь шинжлэх ухаанчаар хандах шаардлагатай.

-Мэргэжил сонголтын тест чухал санагдлаа. Хүүхдүүдэд тодорхой хэв шинжүүдэд нь тохирсон зөвлөгөө өгдөг үү?

-Бид тухайн сурагчтай онцлог, давуу талынх нь талаар ярилцана. Өөрийгөө танин мэдэхэд нь туслах SWOT шинжилгээ, 30 хоногийн төлөвлөгөө, хандлага, ур чадвараа тодорхойлох аргачлал зэргийг хэрхэн ашиглах заавар зааварчилгаа өгдөг. Мөн сонирхож байгаа мэргэжлийнх нь талаар мэдээлэл өгч, судлах аргачлалыг нь заана. Мэргэжлээ судлахдаа шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нухацтай, хандаж шийдвэр гаргах хэрэгтэй. Суралцах сургуулиа сонгох нь мөн л чухал шийдвэрт тооцогдоно. Тухайлбал, ямар үзүүлэлт, шалгууруудыг хангах, тэтгэлэгт хөтөлбөрийг мэдээлэлд тусалдаг.

-Хүн бүрийн авьяас чадвар харилцан адилгүй. Харин үүнийгээ хэрхэн нээх ёстой вэ?

-Үүнд баруун, зүүн тархины хөгжил чухал нөлөөтэй. Зүүн тархины хөгжил сайтай хүн дүн шинжилгээ хийх, логиктой, нарийвчлах, зохион байгуулалттай, шинжлэх ухаанч, аливааг хэл яриагаар илэрхийлж хариу өгөхийг илүүд үздэг. Ижил төстэй зүйлийг хялбархан олдог. Мөн мэдрэмж сэтгэл хөдлөлөө хянаж чаддаг. Эвлүүлдэг тоглоом, оньсого, үг бүтээх, асуудал шийдвэрлэх, үгийн сүлжээ бөглөх дуртай. Харин баруун тархины хөгжил сайтай хүн бүтээлч, төсөөлөн бодох чадвартай, зөн совинтой, өөрийн гэсэн үзэл баримтлалтай, аливааг томоор хардаг. Сонирхол нь хөгжим, өнгө, зураг, бүжиг, жүжиглэх, загвар зохион бүтээх, спортод чиглэнэ. Мөн өрөвдөх сэтгэлтэй, дүрслэх чадвар нь өндөр хөгжсөн байх нь бий. Тэд шинэ санаагаар дүүрэн сэтгэхүйтэй. Бүтээл нь хязгааргүй сэтгэл хөдлөл, мэдрэмжээс нь ургаж гардаг.

-XII ангийн сурагчид мэргэжлээ сонгох хариуцлагын өмнө ирсэн байна. Мэргэжлээ буруу сонгосон хүнд ямар үр дагавар гардаг вэ?

-Мэргэжлээ зөв сонгоогүй хүүхэд амьдралд алдах нь бий. Орчин үед гэр бүл салалт их байгаа нь нэг талаараа мэргэжлээ буруу сонгосонтой холбоотой. Хүн өөртэйгөө ижил түвшний хүнээ хайдаг нь нууц биш. Зорилгогүй, мэргэжлээ буруу сонгосон хүмүүс амьдрал зохиогоод удалгүй салдаг. Ингээд хүүхэд өнчирч, гэр бүл салалтын тоо нэмэгдэж байна. Үүнээс гадна дургүй ажлаа хийж байгаа хүн ямар ч хүсэл тэмүүлэл, зорилгогүй байдаг. Өөрийн нөөц боломж, чадвараа дайчлахгүй, ажилдаа хоцорно, хамт олонтойгоо нийтэч харилцаа үүсгэдэггүй. Залуучууд 2-3 байгууллага дамжиж ажлаа солих нь мэргэжлээ буруу сонгосонтой холбоотой. Харин мэргэжлээ зөв сонгосон хүүхэд их сургуулиа төгсөөд хүсэл тэмүүлэл дүүрэн хөдөлмөрлөнө. Үргэлж шинэ зүйл мэдэхийн төлөө хөгжиж, хамт олны дунд нэр хүндтэй, нийгэмд өөрийн гэсэн байр сууриа эзэлсэн өөртөө итгэлтэйгээр сайхан амьдралыг бүтээж чаддаг. Өөрөөр хэлбэл, мэргэжлээ зөв сонгосон хүн бүтээлч сэтгэлгээтэй, эерэг хандлагатай, зорилготой хүнтэй танилцах боломжтой. Тиймээс аз жаргалтай амьдралын хамгийн том суурь нь мэргэжил сонголт. Бид Олон улсын Глобал сургууль, Баянзүрх дүүргийн 102 болон 127 сургууль, Налайхын Эрдмийн ундраа цогцолбор сургууль болон тус дүүргийн боловсролын байгууллагын ажилчдад сургалт явуулдаг. Мөн СӨБ-д хувь хүний хөгжлийн сургалт өгч ажиллаж байна.

-Тестээр шалгахад хүн бүр өөр, өөрийн онцлог, чадвартай нь ажиглагддаг байх. Үүнээс одоогийн залуусын хувьд ямар чадвар нь илүү байна вэ?

-Судалгаанаас харахад залуус EQ өндөртэй байгаа нь тогтоогдсон. Энэ нь манай залуус нинжин сэтгэлтэй, бусдыг хайрладаг, удирдах чадвартай, харилцааны соёлтой болж байна гэсэн үг. Оюун ухааны чадамжтай байгаа нь тестээр тогтоогдсон. Өөрийнхөө чадварыг мэдсэн, зорилготой хүүхэд өөртөө итгэлтэй болдог. Харин өсвөр насны хүүхдийн анхаарал төвлөрөлт 15 минут байна. Тиймээс бага хугацаанд мэргэжил сонголтын талаарх мэдлэгийг товчхон өгөх нь чухал.

Хүний аз жаргалтай амьдралын гол хүчин зүйл нь гэр бүл, үр хүүхэд. Өнөөдрийн нийгэмд бид ажлын хойноос яваад гэр бүлдээ хангалттай цаг гаргаж чаддаггүй. Энэ нь сайн муу үр дагавартай. Ажлын төлөө завгүй явсан хүмүүс эргээд харахад олон зүйлийг алдсан байх нь бий. Ажлын цагтаа ажлаа хийгээд бусад цагаа гэр бүлдээ зарцуулах нь чухал. Үүний тухай бид албан байгууллагад сургалт ордог. Хүн хоногийн 24 цагийн наймд нь ажлаа хийнэ. Найман цагт нь унтаж амраад үлдсэн цагаа гэр бүлтэйгээ өнгөрүүлэх нь зөв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.