Сүүлийн долоон жилийн хугацаанд угаарын цочмог хордлогын тохиолдол 9,009 бүртгэгдсэний 103 нь нас баржээ

Aдмин / Эрүүл мэнд

Хүний Эрхийн Үндэсний Комиссоос агаар, орчны бохирдлоос үүдэлтэй хүний эрхийн зөрчлийн асуудлаар мэдээлэл өглөө.

Монгол Улсын төрөөс 2010 оноос хойш агаарын бохирдолд анхаарал хандуулж, шийдэх ёстой тулгамдсан асуудал болохыг тодорхойлж, шат шатандаа холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн.

Гэсэн хэдий ч агаарын бохирдол буураагүй, чанарт өөрчлөлт байхгүй хэвээр байсан тул Засгийн газраас “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг 2017 онд баталж, дулааны станц, дулааны цахилгаан станцаас бусад хэрэглээнд түүхий нүүрс ашиглахыг хориглох, гэр хорооллын айл өрхийг сайжруулсан түлшээр хангах, цахилгаан халаалтыг дэмжих зорилгоор гэр хорооллын цахилгаан эрчим хүчний татаас олгох, сургуулиудын зөвхөн нүүрсээр ажилладаг дулааны уурын зуухыг хийн болон цахилгаан халаагуураар солих зэрэг олон арга хэмжээг авч ажилласан хэдий ч агаарын чанарын үзүүлэлт стандарт хэмжээнд хүрэхгүй, агаарын бохирдолтой хэвээр, үр дүн хангалтгүй байна.

Монгол Улсад агаарын бохирдол нь хүн амын дунд амьсгалын зам, уушги, гуурсан хоолой, зүрх судас, дархлааны тогтолцооны өвчлөл, хорт хавдар үүсэхэд нөлөөлөх гол хүчин зүйл болж байна.

Агаарын бохирдол нь Монгол Улсад хавсарсан байдлаар нас баралт, хөгжлийн бэрхшээлд хүргэх эрсдэлийн 10 гол хүчин зүйлийн нэг болоод байна.

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн судалгаагаар агаарын бохирдлын нөлөөнд 65-аас дээш насны өндөр настан, 0-5 насны хүүхэд, жирэмсэн эх, архаг, суурь өвчтэй хүмүүс илүү өртөж байна.

Монгол Улсад жилд дунджаар 300 хүн агаарын бохирдлоос үүдэлтэй өвчний улмаас нас барж байгаа бөгөөд 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн хоёр дахь шалтгаанд уушгины хатгалгаа орж байна.

Гомдол, хяналт шалгалтын дарга Г.Ууганбаатар "Угаарын хийн хордлогын улмаас иргэд амь насаа алдах тохиолдол нэлээд гарах болсон. Өнгөрсөн жилүүдэд ийм асуудал цөөнгүй гарсан.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд сүүлийн долоон жилийн хугацаанд угаарын цочмог хордлого 9,009 бүртгэгдсэний 103 нь нас барсан гэдэг судалгаа бий. Тандалтын тоон мэдээг харахад жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байна.

Шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарт хаягдах тоос, тоосонцрын агууламжийг бууруулах тал дээр тодорхой хэмжээгээр ахиц гарсан хэдий ч түлшний түүхий эдийн чанарыг сайжруулах шаардлагатай байна.

Мөн угаарын бохирдлоос иргэд өөрсдийн болон үр хүүхэд, гэр бүлийнхний амь насыг хамгаалах, шахмал түлшийг стандартын дагуу хэрэглэх, аюулгүй байдлыг хангах, шахмал түлшний хэрэглээний талаарх мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх, сэрэмжлүүлэх, орон сууцжуулах, дэд бүтцийг шийдвэрлэх ажлыг холбогдох албаныхан шат дараатай арга хэмжээг үр дүнтэй авч хэрэгжүүлэхийг зөвлөж байна" гэлээ.

эх сурвалж: ikon.mn


Сэтгэгдэл

Зочин [202.131.225.53] 2024-09-20 10:13:04

utaatai dain zarlad bsan darga nar gde?


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.