Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа

Aдмин / Улстөр

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд өнөөдөр /2026.03.19/ Дэлхийн банкны Байгаль орчны газрын олон улсын захирал Валери Хики тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаясгалан болон Дэлхийн банкны Байгаль орчны газрын олон улсын захирал Валери Хики, тус банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Таехюн Ли, Зүүн Ази, Номхон далайн бүсийн байгаль орчны ахлах эдийн засагч Жиованни Рута болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Талууд уулзалтаар Монгол Улсын тулгамдсан асуудал болох уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилт болон сэргээгдэх эрчим хүчийг ашиглах хууль эрх зүйн орчныг сайжруулах, эдийн засгийн суурьтай байгаль орчны хуулиудыг батлах, энэ салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулах зэрэг асуудлыг хөндөж, санал солилцон, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ энэ үеэр Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаас эхлэн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Ойн тухай, Төрийн тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Усны тухай, Байгалийн ургамлын тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай зэрэг 12 хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулгыг хэлэлцэхээр төлөвлөөд буйг дуулгаад, 2026 ондоо багтаан байгаль орчны салбарын 33 багц хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, зорилготой ажиллана гэлээ.

Мөн тэрбээр ирэх наймдугаар сарын 16-наас 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа орсныг тэмдэглэв. Мөн Улсынг Их Хурлын даргын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд байгаль орчны хууль, эрх зүйн орчныг эдийн засгийн суурьтай болгох, зүй зохистой харилцааг бий болгох чиглэлийг баримталж, холбогдох хуулийн өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөн ажиллаж байна гэв.

Харин Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан Дэлхийн усны өдөр тохиож буй энэ цаг үед Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзаж буйд талархлаа илэрхийлээд говиос сонсгогдсон гишүүний хувьд Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх Усны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаагаа дуулгав. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар уур амьсгалтын өөрчлөлт, цөлжилт, ус, ой сан хамгаалах асуудалд онцгой анхаарал хандуулан, манлайлал үзүүлэн ажиллаж байна гэлээ.

Дэлхийн банкны Байгаль орчны газрын олон улсын захирал, хатагтай Валери Хики Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган эхэлсэн ажил ихтэй энэ үед цаг гарган хүлээн авсанд Байнгын хорооны гишүүдэд талархлаа илэрхийлэв. Мөн Монгол Улсын хувьд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт, дулаарал, цөлжилт, газрын доройтлын асуудалд Байнгын хороо анхаарал тавьж ажиллаж байгааг сайшаагаад тодорхой асуудалд анхаарах шаардлагатай байгааг тэмдэглэсэн.

Тодруулбал газар, ус, нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчний нөөцүүдээ урт хугацаанд үр дүнтэй ашиглахад хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих эрх зүйн орчныг сайжруулах, улмаар усны талаар Монгол Улс дэлхий дахинд зүй зохистойгоор байр сууриа илэрхийлэхэд анхаарах нь зүйтэй гэв. Мөн эдгээр асуудлууд болон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулахад Дэлхийн банкнаас дэмжлэг үзүүлж ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.