"Орано Майнинг САС" компанитай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар 1600 ажлын байр бий болно
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өчигдөр (2025.01.08) Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Орано Майнинг САС" компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл зэргийг зөвшилцөх саналыг хүргүүлсэн.
“Бадрах энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч "Орано Майнинг САС" компанитай байгуулах гэрээний төслийг УИХ-аас зөвшилцөж, улмаар соёрхон баталснаар гуравдагч орны хоёр дахь томоохон хөрөнгө оруулалтын гэрээ болох юм.
Засгийн газраас энэхүү гэрээг үзэглэснээр гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж, улс, орон нутгийн төсөвт жилд 520 тэрбум төгрөг, төслийн нийт хугацаанд 17.1 их наяд төгрөг, Үндэсний баялгийн санд жилд 61.5 тэрбум төгрөг, төслийн нийт хугацаанд хоёр их наяд төгрөгийг төвлөрүүлж, шинэ технологи нутагшиж, 1600 ажлын байр бий болно гэж тооцоолжээ.
Мөн гүйцэтгэх засаглалын тэргүүн “Сүүлийн жилүүдэд үүссэн эдийн засгийн хямрал, бараа материал, техник тоног төхөөрөмжийн үнийн өсөлт, технологийн лиценз эзэмшигчдийн зүгээс тавьсан нэмэлт шаардлагуудтай холбоотойгоор “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийн EPC-04 багц ажил буюу үндсэн үйлдвэрийн барилга байгууламж, газрын тос боловсруулах ажлын үнийн дүн 2018 онд боловсруулсан
ТЭЗҮ-ээр тооцоолсон зардлаас 30 орчим хувиар өссөн. Үүнтэй холбоотойгоор төслийн нэмэлт санхүүжилтийг БНЭУ-ын ЭКСИМ банкны зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх хүсэлтийг Монгол Улсын Сангийн яамнаас хүргүүлснээр нэмэлт санхүүжилтийг зөвшөөрсөн байна. Иймд нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийг зөвшилцөх саналыг УИХ-д хүргүүлж буйг Монгол Улсын Ерөнхий Л.Оюун-Эрдэнэ тодотголгов.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл