Найрааны бөхчүүд нийгмийн шившиг болон гадуурхагдаж эхэллээ
“Олны ам нэг л цаашаа эргэвэл яаж ч мэрийгээд, бурхан мэт байгаад ч нэмэргүй дээ” гэдэг. Мөн “Муу нэрийг хусавч арилахгүй, сайн нэрийг хүсэвч олохгүй” гэсэн үг бий. Ард түмний амьдралаас гарсан эдгээр үгнүүд үнэхээр үнэн. Нэгэнт л ард түмэнд муу нэртэй үлдсэн бол мянга сайн юм хийх гэж зүтгээд ямар ч нэмэргүйг бид олон жишээнээс харж байна.
Сүүлийн томоохон жишээ гэхэд яруу найрагч Ж.Мөнхбат байна. Өнөө жилийн наадмаар киноны бүтээлүүд нь төрийн соёрхолд нэр дэвшихэд нийтээрээ эсэргүүцэж юу болов. Бараг мянган хүний сэтгэгдэл дунд нэг ч эерэг сэтгэгдэл байгаагүй нь, тэдгээр хүмүүс троллууд биш бүгд өөрсдийнхөө нэр устай, зураг хөрөгтэй хаягнаас худалч, хулгайчаар нь дуудан үнэнээсээ үзэн ядсан.
Муу нэрийг хусавч арилахгүй гэдэг энэ. Тэгвэл яг одоо аймгуудын наадамд найраа хийж буй бөхчүүдийг нийгэм тэр чигээрээ шившиг болгон гадуурхаж эхэллээ. Олон нийт бөхийн найрааг үнэхээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Баян-Өлгийн наадам юу болов. Хэдэн жилийн өмнө казах түмнээс заан цолтон төрлөө гээд Баян-Өлгийнхөн Серик заанаа яаж хүндэтгэн угтаж, баярыг нь ямар өргөн дэлгэр хийсэн билээ. Сая Серик зааныг нутагтаа очиж барилдахад бүгд эсэргүүцэж, гадуурхаж, дургүйцлээ илэрхийлсэн. Учир нь өнөө жилийн наадмаар найраанд орлоо гэж дургүйцсэн. Мөн Баян-Өлгийн наадамд найраанд орж худлаа унаж өгсөн гэх Х.Гантулга харцага, Э.Мөнхбаатар начин нарыг олон нийт ёстой шившиг болгож байна.
Х.Гантулгыг өрсөлдөгч бөхтэйгөө барилдаж байхад нь “Чи боль оо, хүний хүүхдийн мөнгө авчихаад бушуухан унаж өгөөч ээ” хэмээн чангаар орилж, тэрхүү бичлэг нь цахимаар нэвт явсан. Э.Мөнхбаатар тавын даваанд ам бөхөө амлахгүй удсан. Гар утсаа л хараад байсан. Үүнийг наадамчид “Найраа хийсэн мөнгөө орж ирэхийг нь хүлээж удлаа” гэж нийтээрээ эсэргүүцсэн. Эдгээр бөхчүүдийг даваа наймаалцсан асуудлаар АТГ-т шалгуулна гэдгээ иргэд хэллээ. Мөн найраа хийсэн нь батлагдвал наадамд барилдуулахгүй байх санаачилгыг иргэд гаргаж байна.
Энэ мэт шударга бус зүйлийг нийтээрээ эсэргүүцдэг болсныг хэн хүнгүй бодож, үнэн зөв явахгүй бол олны ам нэг л мэдэхэд цааш эргэх аюул ойрхон иржээ.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
Д.Батболд


































































Сэтгэгдэл