Э.Анхбаяр: Эрсдэлт бүлгийнхнийг ирэх долоо хоногоос менингококк халдварын вакцинд хамруулна

Aдмин / Эрүүл мэнд

Засгийн газрын өнөөдөр (2025.02.05)-ийн хуралдаанд Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-ийн удирдлагууд менингококкийн халдварын нөхцөл байдал, эрсдэлийн талаар мэдээлэл хийж байна. ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр Засгийн газрын хуралдаанд оролцохоосоо өмнө сэтгүүлчдэд мэдээлэл өгснийг хүргэе..

ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр:

-Энэ халдварт өвчний дэгдэлт таван жилийн үечлэлтэй гарч байна. Вакцин сэргийлэлт эхэлсэн 1995 оноос хойш менингококк халдварт өвчний тохиолдлын тоо эрс буурсан. Бидний тооцоолж байгаагаар, энэ онд 15 орчим тохиолдол бүртгэгдэх магадлалтай.

Эрүүл мэндийн яамнаас менингококк халдварын эсрэг вакцины захиалга хийсэн. Эрүүл мэндийн сайд 2000 тун вакцины худалдан авалт хийх шийдвэр гаргаад байна. Эдгээр вакциныг эхний ээлжид халдварын тохиолдлуудын ойрын хавьтлуудад болон эрсдэлт бүлгийнхэнд хийхэд хангалттай гэж үзэж байна.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар вакцин, хими сэргээлт эмчилгээ, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулна. Мэдээж эрсдэлт бүлгийн хүн ам, хавьтлуудыг дархлаажуулалтад хамруулах, вакцины тоо хэмжээг нэмэх нь чухал. 2000 тун вакцины худал авалт бол хийгдсэн. Одоо Монгол Улсад ирж байна.

2024 оны арванхоёрдугаар сарын 5-нд халдварын анхны тохиолдол бүртгэгдсэний дараа вакцин худалдаж авах талаар ярьж, хэлэлцэж, захиалга хийхээр болсон. Ирэх долоо хоногт 2000 тун вакцин ирнэ. Тэгэхээр вакцинд эрсдэлт бүлгийнхнийг ирэх долоо хоногоос хамруулна. Өнөөдөр вакциныг дахин нэмж захиалах, эмнэлгүүдийн бэлэн байдлыг хангах, хим эмчилгээ зэрэг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар танилцуулна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, олон улсын байгууллагууд дэгдэлт гарсан орнуудад вакциныг түгээдэг. Монгол Улсад менингококкын халдвар дэгдэлтийн хэмжээнд хүрээгүй.

Менингококк жил бүр тодорхой хэмжээнд бүртгэгддэг. Сүүлийн гурван жилийн тухайд 2022, 2023 онуудад хоёр, хоёр тохиолдол, 2024 онд дөрвөн тохиолдол бүртгэгдсэн. Нас баралт бүртгэгдээгүй. Харин 2025 он гарснаар нэг тохиолдол хүндэрч, эндлээ.

Мэдээж вакцины асуудлыг бид өнгөрсөн жилүүдэд ч ярьж байсан. Хамгийн сүүлд 2022 онд менингококкын эсрэг вакцин хийгдсэн. 2023, 2024 онд худалдан авалттай холбоотой асуудлаас болж вакцин орж ирээгүй. Гэхдээ бид яаралтай энэ асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.