Ч.Ганхуяг: Татварын байцаагчид дураараа загнаж, “Дансыг чинь нээгээд өгье, тэдийг өгчих” гэдэг байдал газар авсан
“Монголын эдийн засгийн форум” НҮТББ-ын тэргүүн Ч.Ганхуягтай ярилцлаа.
-Монгол Улсад татвар бизнес эрхлэгчдийн хувьд дарамт болсон хэвээр байна. Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд ямар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж та бодож байна вэ?
-Татварын улсын байцаагчдын хүнд суртал, дураараа загнадаг байдал хэтэрсэн. Аж ахуйн нэгж дээр очоод, үйл ажиллагааг нь зогсоогоод, дансыг нь хаадаг. Дараа нь “Дансыг чинь нээгээд өгье, тэдийг өгчих” гэдэг байдал газар авчихсан. Энийг нуух шаардлага байхгүй. Нөгөө талдаа зөрчлийн хэрэг үүсгэдэг, акт тавьдаг. Прокурор орж ирдэг. “Энийг жаахан хөнгөлчихье. Чи тэдийг өгчихөөрэй” гэдэг. Энэ бол байж болшгүй, эвлэрч болохгүй зүйл.
Аж ахуйн нэгж дээр чинь 50 хувийн торгууль тавьчихъя, хувь хүн дээр чинь 10-ыг тавьчихъя гэнгүүт нөгөөх нь бүлтгэнэж байгаад, ажлаа явуулахын тулд хувь хүн дээрээ 10 хувиараа торгууль тавиулчихъя гээд, “гэмт этгээд” болоод байгаа юм. Энэ байдлыг өөрчлөхгүй бол бид нөгөө хөрөнгө оруулагч үндэстэн, крипто үндэстэн биш, гэмт хэрэгтнүүдийн үндэстэн болчих гээд байна.
Татвар авахдаа хуулиа дагамаар байгаа юм. Гэмгүй бизнес хийж байгаа хүмүүсийг гэмт хэрэгтэн, ялтан болтол нь Зөрчлийн хуулиар дууддаг, дансыг нь хаачихдаг. Дансаа хаалгасан хүн яаж цалингаа тавих юм бэ. Энэ шударга бус байдлыг цэгцлэх ёстой. Тухайлбал, татварын байцаагч нар дунд шатандаа нугалаа үүсгэхээ болих хэрэгтэй.
-Татварын албаныхан татварын байгууллага бүрэн цахимжсан, амьд харилцаа байхгүй учраас авлига, хээл хахууль байхгүй гэдэг?
-Цахимжуулах ёстой. Өнөөдөр дансууд хаагдсаар байна. Бизнес эрхэлж байгаа хүмүүсийн хувьд хамгийн хүнд асуудал бол дээр дурдсан, дурын байцаагч очоод, үйл ажиллагааг нь зогсоогоод, банкны дансыг нь хаачихдаг явдал.
Бизнес эрхлэгч түрээсээ, цахилгааны төлбөрөө төлж чадахгүйд хүрдэг учраас байцаагчийг дагаж гүйгээд “Данс нээгээд өгөөч ээ. Би цалингаа тавих хэрэгтэй байна. Маргааш шинэ жил, цагаан сар болох гэж байна” гээд гуйдаг. Энэ асуудлыг тодорхой хуваарь гаргаад, төлүүлээд явахад болно шүү дээ. Татварын дарамт бага байна гэдэг Монголд худлаа шүү. Монгол Улс татварын дарамт хамгийн өндөр улсуудын тоонд ордог.
-Сүүлийн үед бизнесийн байгууллагууд руу чиглэсэн улстөржилт их байна. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Цаанаа улс төрийн зорилго байна уу, үгүй юу мэдэхгүй. МҮХАҮТын даргын хэлсэн шиг бизнесүүд нь бизнесээ хийдэг, улстөрчид нь улс төрөө хийх нь зүйтэй. Төр нь төрийнхөө ажлыг хийгээд, бодлогоо гаргаж, бизнес эрхлэгчдээ дэмждэг, ямагт хамгаалдаг бодлоготой байх ёстой гэж би бодож байна.
Хууль зөрчсөн бол бизнесийнхэнд хуулийнх нь дагуу хариуцлага оногдуулах ёстой. Авлига өгч болохгүй, бусадтайгаа жигд зөв өрсөлдөх ёстой. Дарга нарыг аргалж байгаад том тендер, том төслүүд аваад байж болохгүй. Тэр хэм хэмжээгээ нэг талаасаа барьж явах ёстой.
-Нийгмийн даатгалын шимтгэл, Хувь хүний орлогын албан татварыг хэдэн хувиар бууруулбал бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгж, цаашлаад бидэнд ашигтай вэ?
-Манайх нийгмийн даатгалын шимтгэл нь хүрэлцэхгүй байна, тэтгэврээ тавьж дийлэхгүй байна гээд нэмээд байдаг. Миний ухамсар сууснаас хойш нийгмийн даатгалын шимтгэл дандаа нэмэгдсээр ирсэн. Энэ асуудал дуусах биш, эцэс төгсгөлгүй үргэлжилсээр байна. Нөгөө талдаа та анзаарсан байх.
Эрэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах нас 55, эмэгтэйчүүдийнх 50 байсныг аажим аажмаар нэмж 60, 65 болгосон. Энэ бол урт хугацааны шийдэл биш байхгүй юу. Манай эрэгтэйчүүдийн дундаж наслалт хэд билээ. Хэдэн хувь нь тэр насаа үзэж, тэтгэвэртээ гарч, төлсөн мөнгөө авч байгаа билээ. Тэгэхээр энэ дээр арай өөр шийдэл хэрэгтэй.
-Таны бодлоор ямар шийдэл оновчтой вэ?
-Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан яаман дээрээ ажлын хэсэг ажиллуулж байна. Түүн дээр хуримтлалын систем рүү шилжээд, хүмүүс нийгмийн даатгалаар төлж хуримтлуулсан мөнгөө авах, өвлүүлэх боломжтой, хувийн тэтгэврийн тогтолцоо руу хэсэгчлээд шилжих алхмуудыг заавал хийх ёстой.
Өнөөдөр Үндэсний баялгийн сангийн асуудлууд яригдаж байна. Үүн дээр төрийн өмчийн том том компаниудын хувьцаа болон орлогыг бидний ирээдүйн, Норвегийн сан гэдэг шиг Тэтгэврийн сан руу шилжүүлэх байдлаар бүтцийн өөрчлөлт хийгээд явах боломжтой гэж бодож байна.
-Зөвшөөрлийн тухай хуульд нийт 372 зөвшөөрөл байгаагаас 251 нь тусгай, 121 нь энгийн зөвшөөрөл байна гэлээ. Энэ олон зөвшөөрөл үйл ажиллагаа явуулахад маш их төвөг болдог гэж бизнес эрхлэгчид ярьж байна. Үүнийг хэрхэн өөрчлөх боломж байна вэ?
-Үнэн. Бизнес эрхлэх гэхээр хуулиасаа давсан зөвшөөрлүүдтэй. Эхнээсээ яамдууд зарим журмуудаа цуцалж байх шиг байна. Найман нэрийн дэлгүүрийн зөвшөөрөл авах гэж найман сар хүлээх явдал манайд бий. Зөвшөөрөл нэрийн дор гэрээ, батламж, магадлан итгэмжлэх гэх мэт олон журам мөрдөж, бичиг цаас бүрдүүлэх гэж олон зуун төрийн албан хаагчийн үүд сахидаг, гарын үсэг зуруулдаг тогтолцоог халах ёстой.
-Жил бүр гадна, дотноос төлөөлөгчид урьж ирүүлэн, “Монголын эдийн засгийн форум” арга хэмжээ зохион байгуулдаг. Бид яриад л байдаг, үр дүн гарч байна уу гэж олон хүн асууж байна. Та юу хэлэх вэ?
-Монгол Улсын Засгийн газар “Бизнест ээлтэй байна” гэж зарласан. Бодит байдал дээр ялангуяа татварын дарамт шахалт их байна. Бид энэ байдалтай эвлэрмээргүй байна. Эвлэрэхгүй гээд жагсаал цуглаан хийж, байдлыг тогтворгүйжүүлж болохгүй. Хүн хэлээрээ гэдэг. Сайжиртал нь ярьсаар л байх болно. Бусад улс хийгээд болчихсон зүйлийг бид яагаад хийж болохгүй вэ.
Сүүлийн 50 жилд бар болоод ч юм уу, огцом хөгжил гаргаад ирсэн улсууд бүгд автократ засаглалтай байсан. Хаадтай, эсвэл цэргийн дэглэмийн дор хөгжөөд гараад ирсэн. Бид энэ 30 жилд өөрсдийнхөө гаргасан ахицыг хэтэрхий дорд үзмээргүй байна. Чөлөөтэй, парламентын ардчилсан тогтолцоо дор энэ өсөлтийг гаргаж, хөгжил дэвшил авчрахгүй гээд, бууж өгөхгүй эдийн засгийн форум хийж байна. Монголын эдийн засгийн форумаас үр дүн гардаг.
-Тухайлбал?
-Бид хурал хийж, зөвшөөрлийг цуцаллаа. НӨАТ дээр өөрчлөлт гарна. Чуулга уулзалтын үеэр “Envision” компани 50 мегаваттын хураагуур хийхээ зарласан. Өнөөдөр бид цахилгааны хязгаарлалтад нэг их олон орсонгүй. Өнгөрсөн өвлөөс ялгаатай нь бид энэ жил 2-3 удаа цахилгаанаа таслуулах шиг боллоо.
Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтарч хийсэн. Өөрөөр хэлбэл, төр, хувийн хэвшил хамтарч ажиллаад, амжилтад хүрсэн нь маргах аргагүй. Практикийг нутагшуулах хэрэгтэй. Төр бүхнийг хийх биш, хувийн хэвшилтэйгээ хамтраад, хувийн хэвшлээ дэмжээд, бодлого зохицуулалтаа гаргаад, эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгч байж явуулж байгаа юм.
Д.ЭРДЭНЭТУЯА (ӨДРИЙН СОНИН)
Сэтгэгдэл
зочин [59.153.86.103] 2025-02-15 19:37:22
үнэн бол төрийн албан хаагч гэдэг бол шантаажчин дээрэмчин болж харагдаж байна . төрд очсон эрх мэдэлтэн цулайтлаа баяждаг нь энэ мэт явдлаас болдог байх . жижиг ,дунд аж ахуй эрхлэгчид цулайтлаа баяжсан нь байхгүй гэхэд үнэнээс гажихгүй .
Zochin [202.9.46.148] 2025-02-15 14:38:49
Ядарсан хүмүүсийг хэрчинэ. Томчуудыг бол яах ч үгүй
zochin [202.9.41.60] 2025-02-15 12:37:34
ARDM юу болсон бэ Луйвардсан мөнгөө ард түмэндээ тарааж өгнө үү
Зочин [202.9.41.104] 2025-02-15 10:34:20
Одоо цагт татварын байцаагч Гаалийн байцаагчаас баян болсон цаг. Цаашдаа татварын байцаагч болбол маш хурдан баяжина
talh [103.212.119.251] 2025-02-15 09:50:21
talh chin bas coin ii luivarchin hiisen biznesgui pizdaa