Б.Энхболд: Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэж буй эрүү шүүлтийн хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацаа урт байх ёстой

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн
Б.Энхболдтой ярилцлаа.
-Та Засгийн газраас өргөн барьсан, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй танилцсан байх. Энэ төсөлд эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг ямар байдлаар боловсруулсан байна вэ, юу тусгах зайлшгүй шаардлагатай гэж бодогдов?
-Энэ хуулийн төсөл дээр анхнаас нь оролцож, санал зөвлөмжөө өгч явсан. Төсөлд Конвенцын агуулга, дэлхий нийтийн чиг хандлага дагуу “эрүү шүүлт тулгах”, “хүнлэг бус хэрцгий харьцах” гэдэг гэмт хэргийг хоёр тусад нь салгаж хуульчлахаар тусгаад, өөр зүйл ангиудын хүндрүүлэх шинжид байсан хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулах хор уршгийг 21.12 дугаар зүйлийн хүндрүүлэх шинжид тусгасан, хөөн хэлэлцэх хугацааг сунгаж 12 жил байхаар тусгасан нь хууль зүйн техникийн хувьд ач холбогдолтой.
Харин хүний эрхийн хорооноос өгч байгаа зөвлөмж, гадаад орны эрүүгийн хуульд энэ төрлийн гэмт хэргийг хуульчилсан байдалтай харьцуулахад учир дутагдалтай зүйлүүд байна.
Эдгээрийг хууль батлагдах явцад засаад явах боломжтой байх. Тухайлбал, гэмт хэргийн аюултай байх хэв шинжийг илэрхийлэх хүндрүүлэх шинжүүд тусгагдаагүй, үүнтэй холбоотойгоор эрүүгийн хариуцлагын асуудлыг ч эргэн харах, эрүүгийн хариуцлагыг оновчтой тогтоож чадвал хөөн хэлэлцэх хугацааг зөвхөн энэ гэмт хэрэгт зориулж тусгайлан бичих шаардлагагүй юм.
-Хүндрүүлэх шинжүүд тусгагдаагүй гэлээ. Энэ талаар тодруулъя?
-Шүүхээр шийдвэр лэгдсэн хэргүүдээс үзэхэд, эрүү шүүлт тулгах гэмт хэргийг бүлэглэж үйлдэх, зэвсэг хэрэглэх, цагдан хорих байр, эрх чөлөөг нь зориуд хязгаарлаж байгаад үйлдэх, гэр бүл, үр хүүхдэд нь нөлөөлөх, бусад хүнээр гүтгүүлэх байдлаар үйлдсэн байгаа юм.
Мөн хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдсэн тохиолдолд ч байна. Эдгээр үйлдлүүд нь гадаад орны жишиг, НҮБ-ын Хүний эрхийн хорооноос өгөөд байгаа эрүүгийн хариуцлага, хөөн хэлэлцэх хугацаа нь тухайн гэмт хэргийн үйлдэгдсэн байдалд тохирсон байх гэдэг агуулгыг илэрхийлэх юм. Тиймээс эдгээрийг анхаарч, төсөлд тусгах нь зүйтэй.
-Эрүүдэн шүүх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тусгавал зохих вэ?
-Өнөөгийн хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулиар хөөн хэлэлцэх хугацааг таван жил хүртэлх гээд маш багаар тогтоосон. Судалгаанаас харахад, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэд хэдэн хэргийг хэрэгсэхгүй болгоод, ял шийтгэлгүй үлдэж байгаа тохиолдол байна. Тийм учраас Засгийн газраас өргөн барьж байгаа хуулийн төсөлд хөөн хэлэлцэх хугацааг доод тал нь 12 жил байна гэж тусгасан нь дэвшилттэй, давуу тал гэж бодож байна.
Миний хувьд гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг оновчтой тогтоогоод, ялын бодлогоос хамаарч бусад хэргүүдийн нэгэн адил хөөн хэлэлцэх хугацааг тогтоож өгвөл оновчтой гэж харж байна. Дэлхийн улс орнуудын практикаас харахад ялын бодлогоо дагаад хөөн хэлэлцэх хугацаа хангалттай урт байдаг.
-Эрүүдэн шүүх гэмт хэргийг хүн төрөлхтний эсрэг олон улсын гэмт хэрэг, тиймээс хөөн хэлэлцэх хугацааг тоолох ёсгүй гэсэн ойлголт байдаг. Энэ үүднээс бүр хөөн хэлэлцэх хугацаагүй байвал болохгүй юу?
-Ялгаж авч үзэх шаардлагатай. Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд заасан гэмт хэргүүдийн хувьд хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүй гэж заасан. Энэхүү дүрэмд заасан төрлөөр устгах, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг, түрэмгийллийн гэмт хэргүүдийн үйлдлийн аргад эрүүдэн шүүх, энгийн иргэд болон олзлогсодтой хүнлэг бус хэрцгий харьцаж, эрүүдэн шүүх үйлдлийг хамааруулж хориглосон байдаг.
Энэ утгаараа дэлхийн улсууд эдгээр гэмт хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацаа тоолдоггүй бөгөөд олон улсын гэмт хэрэгт тооцдог. Манай улсын хувьд ч Ромын дүрэмд заасан эдгээр үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн 29 дүгээр бүлэгт гэмт хэрэгт тооцож, хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй байхаар заасан.
Харин дотооддоо үйлдсэн эрүү шүүлт тулгах гэмт хэргийн тухайд олон улсын гэмт хэрэг гэж үзэхээсээ илүүтэйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг, хүний эрх чөлөөний эсрэг гэмт хэрэгт хамааруулан үздэг. Тиймээс хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүй гэж хатуу тогтоох нь тийм оновчтой биш.
Гагцхүү гэмт хэргийн ноцтой байдал, хор уршигт тохирсон байдлаар л хөөн хэлэлцэх хугацааг үндэслэлтэй тогтоох ёстой. Хэрэв эрүү шүүлтийн улмаас хүний амь нас хохирсон бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй байх зохицуулалт манай Эрүүгийн хуульд одоо ч бий.
-Монгол Улс НҮБ-ын Эрүүдэн шүүлтийн эсрэг конвенцод тайлангаа хэд дэх удаагаа илгээсэн бэ?
-Монгол Улс НҮБ-ын гишүүн орны хувьд Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцод 2001 онд нэгдэн орж, хэрэгжилтийн талаарх тайлангаа гурав дахь удаагаа илгээгээд байгаа юм. Энэ конвенцын дагуу оролцогч улсууд эрүү шүүлт тулгах үйлдлийг эрүүгийн хуульдаа гэмт хэрэгт тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан зохих шийтгэлийг шударгаар оногдуулж байх үүрэг хүлээсэн байдаг.
Өөрөөр хэлбэл, конвенцын нэгдүгээр зүйлд заасан Эрүүдэн шүүх гэсэн тодорхойлолтод бүрэн нийцсэн хуулийг батлах ёстой юм. Монгол Улсын хувьд конвенцын агуулгад нийцүүлэн эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг 2015 оны Эрүүгийн хуульд хуульчлан тогтоосон нь нэлээд дэвшилттэй зохицуулалт болсон.
Ингэж тогтоохдоо зарим шинжүүдийг нь орхигдуулсан байна гэсэн шүүмжлэлийг НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хороо, UPR буюу Олон улсын хүний эрхийн ээлжит хэлэлцүүлгүүдээс Монгол Улсад өгсөн байдаг.
-Монгол Улс энэ зөвлөмжийг дагаж мөрдөж байгаа юу?
-Зөвлөмжийн мөрөөр үнэхээр шаардлагатай нэмэлт өөрчлөлтүүдийг Эрүүгийн хуульдаа тусгах ажил тасралтгүй үргэлжилж УИХ, Засгийн газраас зохих арга хэмжээ авч байна.
Одоогийн Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлд эрүү шүүлт тулгах гэмт хэрэг гэж ямар үйлдлийг үзэх талаар тусгаж, энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд гэмтэл учирсан, хүний амь нас хохирсон бол холбогдох бусад зүйл хэсгүүдтэй давхар зүйлчлээд, хариуцлага хүлээлгээд явж байгаа.
Ял шийтгэлийн хувьд торгох, хорих ял, энэ үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон тохиолдолд 12-0 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял оногдуулж болохоор хуульчилсан зохицуулалттай. Гэсэн хэдий ч НҮБ-ын ЭШЭХны өгч буй зөвлөмжид эрүү шүүлт тулгах гэмт хэргийн тодорхойлолт конвенцын агуулгад бүрэн нийцэхгүй байна гэж үзсээр байгаа юм.
Хамгийн сүүлд 2024 оны арваннэгдүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд Женев хотноо Монгол Улс Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцын гурав дахь удаагийн тайлангаа хамгаалсан. Энэ тайланг хамгаалсантай холбогдуулан гарсан урьдчилсан дүгнэлтэд энэ талаар бас дурдсаныг анхаарах ёстой.
-Урьдчилсан дүгнэлтээр эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг конвенцод нийцүүлэх талаар ямар асуудал дурдсан бэ?
-Нэгдүгээрт, хохирогч болон гуравдагч этгээдийг хамгаалах агуулга тусгагдаагүй. Хоёрдугаарт, төрийн албан тушаалтны өдөөн хатгалга, ил, далд зөвшөөрлийг тусгах.
Гуравдугаарт, доод шатны албан тушаалтнууд нь эрүү шүүлт тулгаж, зүй бус харьцсан үйлдлийг мэдсэн, эсвэл мэдэж байх ёстой байсан ч урьдчилан сэргийлэх талаар зохих арга хэмжээ аваагүй дээд шатны албан тушаалтнуудад эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй.
Дөрөвдүгээрт, эрүү шүүлт тулгахыг завдах, энэ үйлдэлд хамтран оролцсон тохиолдолд хариуцлага хүлээлгэж байх. Тавдугаарт, эрүү шүүлт тулгах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулж болох бөгөөд энэ нь гэмт хэргийн ноцтой шинжид нийцэхгүй байгаа талаар, мөн эрүү шүүлт тулгасан гэмт хэрэгт өршөөл үзүүлдэг, хөөн хэлэлцэх хугацаа богино байгааг анхааруулсан.
Монгол Улсын Засгийн газраас эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг боловсронгуй болгох хуулийн төслийг боловсруулаад, УИХ-д өргөн барьж, одоо хэлэлцэгдэж байна. Тийм учраас энэ хуулийн төслийн хүрээнд дээр дурдсан асуудлыг анхааралтай судлан үзэж шийдвэрлэх ёстой. Мэдээж зарим зүйлүүд нь аль хэдийнэ манай хуульд туссан зүйлүүд ч байгаа юм.
-Бусдыг эрүүдэн шүүсэн хэчнээн тохиолдол гарч, шүүхээр шийдвэрлэгдсэн байдаг вэ?
-Сүүлийн найман жилийн статистик судалгаанаас үзвэл, шүүхээр 16 гэмт хэрэг шийдвэрлэгдсэн байна. ХЭҮК, прокурор, энэ төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгадаг байгууллагуудын статистик мэдээллээс үзэхэд, жилд 100 гаруй эрүү шүүлттэй холбоотой гомдол, мэдээллийг шалгаж байна. Үүний хоёр нь шүүхээр шийдэгдэж байна гэсэн үг юм. 2024 онд хоёр, 2025 оны байдлаар нэг хэрэг шүүхээр хэлэлцэгдээд явж байна.
Шүүхээр шийдвэрлэгдсэн гэмт хэргүүдийн хувьд цагдаагийн албан хаагч, тагнуулын байгууллагын ажилтан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан, прокурор гэх зэрэг байгууллагын ажилтнууд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож хариуцлага хүлээсэн байна. Энэ дотроо дийлэнх нь цагдаагийн байгууллагын алба хаагчид оролцсон хэргүүд байдаг.
-Эдгээр хүмүүст ямар хариуцлага хүлээлгэсэн байна вэ. Ер нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдвэл хатуу ял шийтгэл хүлээх юм байна гэсэн ойлголт төрүүлж чадаж байна уу?
-Хуульд заасан хариуцлагыг хүлээлгэж байна. Гэхдээ тухайн гэмт хэргийн аюултай шинжид тохирсон хариуцлагыг хүлээлгэж чадаж байна уу гэвэл тийм биш, ихэвчлэн торгох, нийтийн албан тушаалд ажиллах эрхийг хасах шийтгэл оногдуулсан байна.
Тухайлбал, бүлэглэж, хүний эрх чөлөөг хасах, цагдан хорих байранд үйлдсэн, зэвсэг, техник хэрэгсэл ашиглаж, бэлгийн дарамтын шинжтэй үйлдэл хийж, бусад этгээдийг татан оролцуулж, эсхүл хүүхдийн эсрэг үйлдсэн хэргүүдэд харьцангуй хөнгөн ял шийтгэл оногдуулсан байх жишээтэй.
Тэгэхээр хариуцлагыг шударга, тохирсон байдлаар оногдуулж чадахгүй байгаагаас энэ төрлийн гэмт хэрэг дахин үйлдэгдэх, эрүүгийн хариуцлагын урьдчилан сэргийлэх зорилго бүрэн биелэгдэхгүй байх талтай байна.
Нөгөө талаар энэ төрлийн гэмт хэргийн шинж, түүний ноцтой тохиолдолд хариуцлагыг ялгамжтай авч үздэг дэлхийн улсуудын жишигтэй нийцүүлэх нь төрийн алба хаагчдыг олон эрсдлээс хамгаалахад ач холбогдолтой.
Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН
Д.ЭРДЭНЭТУЯА
Сэтгэгдэл