“Хүнсний хувьсгал”-ын дүнд зөвхөн нэг жилд 44 мянган ажлын байр бий боллоо

Aдмин / Улстөр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа.

Ерөнхийлөгчийн очсон “Об пластик” ХХК “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авч хуванцар савны үйлдвэрээ ашиглалтад оруулаад байна.

Ингэснээр өндөгний сав, жимс, ногооны амьсгалдаг сав, таваг, аяга зэрэг 16 нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж эхэлжээ.

Ерөнхийлөгчийг “Об пластик” ХХК-ийн үйлдвэрт ажиллах үеэр аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ танилцууллаа.

Манай улсад сав, баглаа, боодлын чиглэлээр 50 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2,500 гаруй хүнийг ажлын байраар хангаж, жилд 150 орчим тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

Аж ахуйн нэгжүүд цаасан хайрцгийн 90, гялгар уутны 80, ундаа, усны сав баглааны 87, даацын шуудайны 96, бүх төрлийн шошгын 75 хувийг үйлдвэрлэж байна.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 14 аж ахуйн нэгж 27.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын болон эргэлтийн хөрөнгийн зээл авчээ.

Үүний үр дүнд:

  • Хүнсний ногооны хуванцар тэвшний үйлдвэр ашиглалтад орсон,
  • Ажлын байрны талбай 6,000 гаруй м2-аар,
  • Эргэлтийн хөрөнгө 20 орчим хувиар,
  • Борлуулалтын орлого 18 хувиар,
  • Бүтээгдэхүүний нэр төрөл 15-аар,
  • Улсад төлөх татварын хэмжээ 14 хувиар нэмэгджээ.

Цаашид дотооддоо үйлдвэрлэж байгаа ижил төрлийн импортын бараанд 20 хувийн босго тогтоох, хүний нөөц бэлтгэх, хүнсний зориулалтын бус савны хэрэглээг бууруулах, хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэхэд анхаарахыг хүсэж байлаа.

Мөн “Хүнсний хангамж, аюулгүй байдал-2” үндэсний хөдөлгөөн өрнүүлж, 50 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулбал дотоодын үйлдвэрүүдийн хүчин чадал одоогийнхоос 28-33, улсад төлөх татварын хэмжээ 20 хувь нэмэгдэх боломжтой юм байна.

“Жүр үр” ХХК шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулжээ

“Жүр үр” ХХК “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд бага хүүтэй, урт хугацаатай зээл авч, 10,000 кв.м талбай бүхий үйлдвэрээ ашиглалтад оруулжээ.

Үйлдвэрт Герман, Нидерланд, Итали, Испанийн талх, нарийн боов, бялуу үйлдвэрлэх автомат шугам, шарах шүүгээ, хөргүүртэй агуулахууд, гүн хөлдөөгч төхөөрөмж суурилуулсан байна.

Ингэснээр үйлдвэрлэлийн бүтээмж нь 2-4 дахин нэмэгдэж, хүчин чадал 50-200 хувиар өсөх боломж бүрджээ.

Энэ үйлдвэр бол “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний үр дүн, аж ахуйн нэгжүүд, баялаг бүтээгчдийг бодитоор дэмжиж байгаагийн илрэл гэдгийг компанийн удирдлагууд хэллээ.

“Жүр үр” ХХК 1,200 гаруй хүнийг ажлын байраар хангадаг, 36 салбартай, 300 гаруй харилцагчаар дамжуулан 40 гаруй нэрийн бялуу, 140 гаруй төрлийн амттан нийлүүлж байна.

Төрөөс мах, сүү, газар тариалан гээд хүнсний үйлдвэрлэлийн салбарыг тасралтгүй дэмжиж ирсэн ч гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл хамрагддаггүй байсан.

Тэгвэл “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ салбарыг анх удаа бодлогоор дэмжиж байгаад талархал илэрхийллээ.

Хүнс, хөдөө аж ахуйн салбар өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад Дотоодын нийт бүтээгдэхүүнд 5.6 хувийн өсөлт авчирсан. Энэ өсөлтийн 3.6 хувийг хүнсний боловсруулах салбарын үйлдвэрлэл эзэлж байна.

Гол нэр төрлийн 19 бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд нэгдэн, бодит үр дүн гаргаж байгаа аж ахуйн нэгжүүд, баялаг бүтээгчдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийллээ.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 3,000 гаруй аж ахуйн нэгж 1.2 их наяд төгрөгийн урт хугацаатай, бага хүүтэй зээл аваад байна.

Мөн энэ хөдөлгөөн болон “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгжүүдэд 300 гаруй тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт, зээлийн хүүгийн дэмжлэг үзүүлжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.