Т.Даваадалай: Мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудыг дэмжиж, хамтарч ажилланa

Нийслэл хот 2025-2028 онд 24 мега төсөл хэрэгжүүлнэ. Эдгээр төсөлд дотоодын үйлдвэрлэгч компаниудыг давуу эрхтэйгээр оролцуулах, тэр дундаа Сэлбэ дэд төвийн орон сууцны төслийн тендерт дотоодын барилгын компаниудыг оролцох нөхцөлийг хангах зорилгоор НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, “Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК-ийн удирдлага, Монголын барилгын үндэсний ассоциаци болон Монголын барилгачдын нэгдсэн холбооны төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо.
Энэ талаар НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Сэлбэ дэд төвийн орон сууцны төсөл болон бусад төслүүдэд дотоодын компаниуд оролцох нөхцөлийг хууль, эрх зүйн хүрээнд шинэчилнэ. Өөрөөр хэлбэл, мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудыг дэмжиж, хамтарч ажиллана.
Нийслэлээс зарлаж буй тендерт дотоодын компаниудыг оролцох эрхээр хангах, мөн дотоодын компаниудтай хамтарч залуу инженерүүдийг дэмжих, хүний нөөцийг бэлдэх, соён гэгээрүүлэх кампанит ажил зохион байгуулна” гэлээ.
Уулзалтаар мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудыг дэмжиж, хамтарч ажиллах санамж бичиг байгуулахаар болсон юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл