Лу.Гантөмөр: Манай нам руу, гишүүд рүү дайрсан гүтгэлгээ одоо засахыг МАН-аас шаардаж байна

МАН-ын бага хурал уржигдар үүр цайтал хуралдаж, хамтарсан Засгийн газраас гэрээ зөрчсөн шалтгаанаар АН-ыг хасах болсон талаар мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр АН-ын дарга болон гишүүд байр сууриа илэрхийлснийг хүргэж байна
АН-ын дарга Лу.Гантөмөр: -Үгээ хэлдэггүй УИХ-ын гишүүн гэж байхгүй. Манай намын залуу гишүүд үг хэлснээс болж Засгийн газар огцордог зүйл гэж юу байх вэ. Цаашид үзэл бодлоо чөлөөтэй, шударгаар илэрхийлэх гишүүд олон гарч ирнэ. Тэр болгонд Засгаа унагаагаад байх уу. УИХ-ын гишүүн амыг барина гэдэг яриа хаана ч хийгддэггүй. Тиймээс манай нам руу, гишүүд рүү дайрсан гүтгэлгээ одоо зас гэдгийг МАН-аас шаардаж байна.
Ардчилсан нам гэрээгээ зөрчлөө гэж улаан цагаан гүтгэж байна. Яагаад Засгаа огцруулж байгаа гол шалтгааныхаа тал үнэнг ядаж хэл. Үнэнийхээ ядаж талыг ярь л даа. 100 хувь худлаа ярьж болохгүй биз дээ. МАН-ын олонх нь хэдхэн сарын өмнөх үзэл санаанаасаа урвасан. Хуучин төрхөө харуулж байна. Ямар ч итгэлгүй боллоо. Тиймээс бид мэдээж засагт ажиллахгүй. Сөрөг хүчнээ хийгээд явах ёстой. Намынхнаасаа төрийн эрх ашгийг улдан эсэргүүцэхгүй байхыг хүсч байна.
Манай улс төр бол дандаа ард түмнээ хорлож байдаг. Улстөржиж гарсан шийдвэр нь дандаа улс орны хөгжлөөс чангааж байдаг. Бид 35 жил хэрэлдлээ. Өнөөдөр Монгол Улсын хөгжил дэвшил ямар байна. Тиймээс эндээ дүгнэлт хийгээд парламентын засаглалыг хамгаалахын төлөө хамтарсан Засгийн газрыг байгуулсан.
Энэ үүднээс гарын үсгээ зурсан. Зурсан хүнийх нь нэг бий. Тиймээс өнөөдөр итгэл маань нурлаа, энэ утгаараа намын даргын ажлаа өгье гэж байгаа юм. Энэ асуудлаа би АН-ын Улс төрийн зөвлөлдөө танилцуулсан. Хэрхэн цаашаа явах вэ гэдэг асуудлаар МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзалт хийнэ. Мөн ХҮН намын дарга Т.Доржхандтай уулзана. Ер нь гэрээ цуцалсан тохиолдолд хамтын хариуцлагатай шүү гэдэг үг, үсэгтэй. Тиймээс энэ талаар л яригдах байх.
Миний хувьд МАН-ын даргаас нэг л зүйлийг хүснэ. Гүтгэлгээ одоо больчих гэдгийг. Үнэн зөвийнхөө зах цухаас одоо яриарай гэж хэлнэ. Үнэний зах зух гэдэг бол МАН-ын дотоод хагарал шүү. Албан тушаалд шунасан бодол шүү. Үндсэн хуульд ялсан нам Засгаа байгуулах эрхийг нь олгодог. Харин хэрхэн байгуулах нарийн зохицуулалтыг өгөөгүй. Тиймээс хамтарсан Засгийн газар байгуулагдсан. Түүнээс биш гүтгэж байгаа шиг Үндсэн хуулиа зөрчсөн Засгийн газар байгаагүй шүү.
Нөгөөтэйгүүр энэ Засгийн газраас маш чухал хуулийн төслүүдийг өргөн барьсан. Эдгээр хуулийн төслүүд энэ жилдээ багтаж батлагдаад, хэрэгжих ёстой. Төрийн алба тодорхой хувиар цөөрөх хэрэгтэй. Нуулгүй хэлэхэд, энэ өнцөг МАН-ын дургүйг хүргэчихсэн болов уу гэж дотроо бодож байгаа. Гэхдээ төрийн данхар бүтцийг арилгах заалт хамтарсан Засгийн газрын гэрээнд тусгагдсан байдаг.
Эдийн засгийн эрх чөлөөг зохицлооё гэдэг маань бас хүмүүсийн дургүйг хүргэчихсэн болов уу гэж бодож байна. Гэвч эдгээр зохицуулалтыг хийхгүйгээр Монгол Улс цаашаа явахгүй. 2027 оны өвлийг утаагүй угтана гэж та бүхэнд амлаж байсан. Энэ ажил цаашаа хийгдээсэй гэж хүсч байна. Уг ажлын зураг нь зурагдчихсан. Хийх л хэрэгтэй. Үүнийг шахна. Нөгөөх нь төрийн албаны цомхтголыг шахаж ажиллана. ХҮН намыг хамтарсан Засгийн газраас огт гаргаж болохгүй. Яагаад гэвэл Засгийн газар өөр намын хяналт баймаар юм билээ.
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж: -АН буцаад сөрөг хүчний үүргээ бүтнээрээ гүйцэтгэх болсон нь сайн. Нөгөөтэйгүүр болохгүй, бүтэхгүй юмыг шүүмжил, сөрөг хүчин хий гэж ард түмэн сонголт өгсөн. Ард түмний сонголтоос гажиж болохгүй. Дэмжсэн олон ажил бий. Засгийн газраас оруулж ирсэн том төслүүдийг дэмжиж санал өгсөн. Ардчилсан намыг сөрөг хүчнээ хий гэж үүрэг өгсөн, тэр дагуу л ажилласан.
Эрх баригч нь эрх баригч хүчин шиг бай, сөрөг хүчин нь сөрөг хүчин шиг бай гэдэг энэ суурин дээр буцаж ирсэнд баяртай байна. Би бүх сайдаасаа асуусан. Ерөнхий сайдын хүүгийн тансагласан хөрөнгө мөнгийг та нар олж өгөөгүй биз гэж. Тэд “Олж өгөөгүй” гэж шууд хариулсан.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: -Болох ёстой зүйл болдгоороо боллоо гэж харж байгаа. Тэр тусмаа зөв зарчим руу явж байна гэж ойлгож байна. Бага татварыг эрхэмлэсэн, төр биш иргэний орон зайг эрхэмлэсэн, чадварлаг зохицуулалтыг эрхэмлэсэн буюу барууны гэдэг нам, өндөр татвар, хавтгайрсан халамж, сул, нүсэр зохицуулалтыг эрхэмлэсэн зүүний гэдэг нам сонгуулийн үр дүнгийн дараа нэг тогоонд орчихоор нөгөө үзэл баримтлал гэдэг зүйл алдагддаг.
Тэр дундаа МАН, АН нэг тогоонд орчихоор парламентын 90 хувь хамтралд нэгдсэн. Ийм юм бол сонгууль хийж ер нь яах юм бэ гэдэг асуулт гарч ирнэ. Тиймээс энэ хоёр нам үндсэн байршил дээрээ байж, түүнээсээ бодлогын ялгаагаа гаргаад явах нь төгс засаглалыг бүрдүүлнэ. Түүнээс биш нэг тогоонд орох ерөөсөө биш юм аа.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл: -Ямар нэг шалтаг хэрэгтэй байсан юм байлгүй. АН хамтарсан Засгийн газарт нэгдсэн гэрээгээ зөрчөөгүй л гэж харж байгаа. АН өөрсдийн мөрийн хөтөлбөр, бодлогоо хэрэгжүүлэхийн төлөө л ажилласан. Зарим нэг УИХ-ын гишүүний үйлдэл, үгийг ярих л байх. Гэхдээ тангараг өргөсөн УИХ-ын гишүүний үгийг ямар нэг улс төрийн зорилгоор хязгаарлаж болохгүй. Бүгд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй.
АН-ын генсек Н.Ганибал: -Манайх орон нутагт улс орон даяар дүрмийн хэлэлцүүлэг, хөтөлбөрийн хэлэлцүүлгээ хэлэлцүүлээд явж байгаа. Анхан шатны намын гишүүдээсээ саналыг нь авч байгаа. Бид дүрмээ шинэчилье, улс төрийн намын тухай хуулийн дагуу дүрмээ маш тодорхой шинэчилье гээд төлөвлөсөн.
Наадмаас өмнө бид дүрмийнхээ төслийг улсын дээд шүүхэд өргөн барихаар ажиллаж байгаа. Манай дүрэм шинэчлэгдэн батлагдсанаар зохион байгуулалтаа явуулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ер нь сая манай нам Шинэ намыг нэгтгэж авах хурал хийсэн. Энийг дээд шүүх бүртгэж аваагүй байна.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: -АН гэрээнд дурдсан бүх зүйлүүдийг хариуцлагатайгаар биелүүлсэн. Том төслүүдийг гацаанаас гаргах, УИХ-аар хэлэлцэх, санал хураахад хамгийн хариуцлагатай, хуралд суугаад асуудлыг дэмжиж явсан нь АН-ынхан. Асуудал хариуцсан АН-ын сайд нар зүгээр суугаагүй. Энэ богино хугацаанд байдаг бүх нөөцөөрөө ажилласан. Тэгэхээр гэрээ зөрчсөн гэдэг бодитой дүгнэлт биш.
Ардын нам шүүмжлэл сонсож огт сураагүй. Ажил хийхэд шүүмжлэл байнга гардаг. АН дотроо ч гэсэн ил тод яриад шүүмжилдэг нам. Өөрийн намын дарга бүү хэл өрөөлийн намын даргыг ч шүүмжилж, алдаа дутагдал байвал ил тод шаарддаг нам. Шүүмжлэлийг гэрээ зөрчлөө гэж харж байгаа нам бол энэ улс орон дуугүй байх дарангуйллыг бодитоор тогтоосон байна гэсэн үг.
УИХ-ын гишүүн Э.Одбаяр: -МАН-ын бага хурлын үеэр хамтарсан Засгийн газар байгуулсан намын гишүүд гэрээгээ удаа дараа зөрчсөн гэж мэдээлсэн. Тэр хамтарсан Засгийн газрын гэрээнд тус тусын намын мөрийн хөтөлбөрт суусан тодорхой ажлуудыг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг үйл ажиллагааны төлөвлөгөөний тухай асуудлыг тусгаснаас бие биенийхээ алдаа дутагдлыг хараад, дуугүй, загас шиг байх тухай тусгаагүй.
Ер нь ямар нэгэн шалтаг шалтгаан байсан байх. Ард нь гишүүд дэмжигчдийн тоогоороо МАН болон АН зөрүү багатай, улсыг хүнд хэцүү цаг үед нь тулж явдаг улс төрийн хоёр намынхаа хувьд Үндсэн хуулиар олгосон үүргээ биелүүлж, хариуцлагаа хүлээгээд явсан гэж ойлгож байна.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
үглээ өвгөн [66.181.178.132] 2025-05-23 19:05:23
Хоноц хоноцдоо.дургүй!? Хонуулсан.айл.хоёуланд нь дургүй..гэдэ???
Зочин [139.5.216.20] 2025-05-23 18:37:08
харин тийшдээ.гэмгүй ажлаа хийж байгаад нэг өглөө л хөөгдчих гэж дээ.ман ийм л найдваргүй
Гарам [66.181.178.122] 2025-05-23 18:34:32
Жилийн настай эвцtл байж дээ хөөрхийс. Одоо уйлан дуугараад яахав дээ Гантөмөр та л ингэж эвцэлдэнэ гэж тохироод хэдэн хүмүүсээ аваад хөнжилд нь орсон биз дээ. Уг нь сонгуулиар бол ард түмэн та нарыг хүчтэй сөрөг хүчин хий гэж л гаргасан санагдах юм. Улс төрийн сонгуулийн учрыг мэддэггүй юм байжээ.
Зочин [202.126.89.14] 2025-05-23 17:17:54
Баян айлын ядуу тэнэг шаамий хүргэн хөөгдсөндөө гомдоод үхлээ ккк . Чи зайл аа
зочин [59.153.86.103] 2025-05-23 15:50:41
коммунистуудтай нэг хөнжилд орж нэр хүндээ барах гэж дээ гутамшиг . коммунистууд буруугаа бусдад нялаад өөрсдөө цэвэр гардаг аргатай шүү . болохгүй бол хядлага хийгээд дуусгадаг түүхтэй .
Зочин [139.5.216.20] 2025-05-23 18:39:44
коммунистууд хэзээ ийм баян бас шуналтай байгаагүй.эд нар чинь 2,3 н нийгмийн эрлийзүүд шүү дэн
иргэн [103.212.119.190] 2025-05-23 15:19:07
Яг үнэн !!!! шаардлага өгөх нь зөв !!!!!! оролгоо нотол гэхээр хажуждахаа хавирагчидийг байранд нь оруулчих !!!!!!!!!