Монгол-Хятадын 5 дахь удаагийн экспо бүс нутгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэнэ

Aдмин / Боловсрол

Монгол Улс, БНХАУ хамтран зохион байгуулдаг “Монгол-Хятадын Экспо” 5 дахь удаагийн арга хэмжээг Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ы Хөх хотод 2025.08.25-08.29-ний өдрүүдэд болно. Энэ удаагийн экспогийн бэлтгэл ажил, онцлогийн талаар олон нийтэд мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурлыг 2025.07.30-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулав.

Хурлын үеэр Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ)-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, БНХАУ-ын Худалдааны Дэд сайд Ян Дун, Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ы Дэд дарга Ян Жинь нар мэдээлэл өглөө.

“Монгол-Хятадын Экспо” өнгөрсөн 10 жилийн жилийн хугацаанд Монгол Улс, БНХАУ-ын хамтын ажиллагаагаар хязгаарлагдахгүй бүс нутгийн тогтвортой хөгжил, Зүүн хойд Азийн худалдаа, эдийн засаг, нийгэм, соёлын түншлэлийн өргөн цар хүрээтэй форум болж өргөжсөн гэдгийг талууд онцлов.
ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн “Монгол-Хятадын Экспо” олон улсын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ашигтай түншлэлийг шинэ түвшинд хүргэх стратегийн чухал тавцан болсон. Энэ удаагийн экспог "Харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг ахиулъя" уриан дор зохион байгуулж байгаа. Байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжилд чиглэсэн, дэвшилтэт технологи, инновацид суурилсан хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд онцгойлон анхаарч буйгаараа онцлог болно.
Монгол Улсын зүгээс хэрэгжүүлж буй “Ногоон хөгжлийн бодлого”, “Хүнсний хувьсгал”, малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрийг дэмжих “Цагаан алт”, “Атрын IV аян” зэрэг томоохон бодлого, хөтөлбөрүүд нь үндэсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбарыг шинэ шатанд гаргаж, нэмүү өртөг шингэсэн, байгальд ээлтэй, органик бүтээгдэхүүн экспортлох боломжийг бүрдүүлж байгааг онцлон тэмдэглэж байна.
Экспод Монгол Улсаас экспортын чиг баримжаатай, органик, байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 500 гаруй аж ахуйн нэгж оролцохоор төлөвлөж байна. Түүнчлэн “Монголын өдөрлөг”, “Инноваци ба гарааны бизнес” форум, хоёр талын B2B уулзалтууд, соёлын солилцооны арга хэмжээнүүд зэрэг дагалдах үйл ажиллагаа өргөн хүрээнд зохион байгуулна. Монголын тал экспог түүх, уламжлал, эдийн засгийн хамтын ажиллагаа, байгаль орчны тэнцвэрийг хангасан, харилцан хүндэтгэлтэй, үр дүнтэй арга хэмжээ болгон зохион байгуулахаар бэлтгэлээ ханган ажиллаж байна” хэмээн мэдээлэл өглөө.

Монгол Улс болон БНХАУ хооронд байгуулсан “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай Хамтарсан тунхаглал”-д хоёр тал хамтарсан үзэсгэлэн, яармаг зохион байгуулахаар тохиролцсон бол, “Иж бүрэн стратегийн түншлэлийг урагшлуулах тухай Хамтарсан мэдэгдэл”-д худалдааны нийт хэмжээг ойрын хугацаанд 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлсэн. 2024 оны эцэст хоёр орны худалдааны эргэлт 19.05 тэрбум ам.долларт хүрсэн нь энэхүү зорилт бодитой хэрэгжиж байгааг харуулж буйг 2 орны төлөөлөгчид хэвлэлийн хурлын үеэр тэмдэглэлээ.
Экспод Монгол Улс, БНХАУ-ын нийт 3500 гаруй аж ахуйн нэгжээс гадна олон улсын бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцоно.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.