Залуучуудад цөмийн зэвсгийн эсрэг тэмцэхийг уриалжээ

Японы Хирошима хотод атомын бөмбөг хаяснаас хойш яг 80 жил өнгөрч байна. Дэлхий даяар тогтворгүй байдал өсөн нэмэгдэж буй энэ үед тус хот дэлхий ертөнцийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл хэрэгт оролцохыг залуучуудад уриалахын сацуу мөргөлдөөнийг зогсоохын тулд өөрсдийн ашиг сонирхлыг түр хойш тавихыг улс орнуудад уриалжээ.
Хирошима хотын дарга Казүми Мацүи амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ёслолын үеэр “Улс үндэстний түвшинд өнөө цагт үймээн самуунтай байгааг үл харгалзан ард түмэн бид хэзээ ч бууж өгөх ёсгүй.
Цэргийн зардал, үндэсний аюулгүй байдал, цөмийн зэвсгийн талаарх алдаатай буруу бодлого нь хүнлэг бус үр дагаварт хүргэж болзошгүйг хойч үеийн удирдагчид болох манай залуучууд ухамсарлах ёстой” гэж хэлжээ.
Атомын бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хүмүүсийг төлөөлдөг Японы байгууллага өнгөрсөн онд Нобелийн энх тайвны шагнал хүртсэн.
1945 оны наймдугаар сарын 6-ны өдөр АНУ-ын “Enola Gay” бөмбөгдөгч онгоц Хирошимад атомын бөмбөг хаясан яг тэр цагт буюу өглөөний 8:15 цагт ёслолд оролцогчид нэг минут чимээгүй зогсон амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэсэн байна. Атомын бөмбөгийн уршгаар тухайн оны эцэс гэхэд 140 мянга орчим хүн амь үрэгджээ.
Японы Ерөнхий сайд Ишиба Шигэрү "Цөмийн зэвсгийн аймшигт үр дагаврыг туулсан цорын ганц улсын хувьд Японы эрхэм зорилго бол ялангуяа зэвсэг хураах асуудлаар талцал хуваагдал улам бүр нэмэгдэж байгаа энэ үед цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнцийг бий болгох дэлхий дахины хүчин чармайлтыг ахиулах юм" гэж цохон тэмдэглэсэн байна.
Эх сурвалж: KYODO NEWS
Э.ХУЛАН
Хирошима хотын захиргаанаас мэдээлснээр, Энх тайвны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд болсон 80 жилийн арга хэмжээнд түүхэндээ хамгийн олон буюу 120 улс орон, бүс нутгийн төлөөлөгчид оролцжээ.
Сэтгэгдэл
АНУ-ыг мартаж болохгүй. [66.181.160.58] 2025-08-07 12:03:06
Японууд өөрсдөө дайн эхлүүлээгүй бол тэднийг хэн ч бөмбөгдөхгүй байх байсан. Бусдад энэ дайнаа битгий нялзаа, япончуудаа. Америк цөмийн бөмбөг анх үүсгэж, бөмбөгдсөн. Тэгээд хойноос нь БУСАД улс орнууд цөмийн бөмбөг зохиож үйлдвэрлэж эхэлсэн. Анхдагч нь АНУ шүү. Үүнийг бид хэдийд ч мартаж БОЛОХГҮЙ!!!