Тэтгэвэр нэмэгдүүлэх, зээлийн нөхцөлийг сайжруулах санал дүгнэлт боловсруулах ажлын хэсэг чиглэл өгөв

Aдмин / Улстөр

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо энэ долоо хоногийн буюу есдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаараа 01 тоот тогтоол гаргаж, ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, эрүүл мэндийн болон асрах үйлчилгээг сайжруулах талаар Ахмадын зөвлөл болон нэр бүхий ахмад настнуудаас ирүүлсэн өргөдлийг судлан үзэж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбатын ахлан ажиллаж буй тус ажлын хэсэг (2025.10.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын, Эдийн засаг, хөгжлийн, Сангийн яамд, Монголбанк болон холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулан өргөдөл гаргасан ахмад настнуудын төлөөлөлтэй уулзлаа.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Эрдэнэбат уулзалтын эхэнд товч мэдээлэл хийсэн юм. Тэрбээр Улсын Их Хурлын дарга болон Ерөнхий сайдтай уулзаж, ахмад настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэх болон тэтгэврийн зээлтэй холбоотой асуудлууд, мөн ахмад настны халамж, хамгааллыг сайжруулах талаар зөвлөлдөж, ярилцсан байна. Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Засгийн газрын болон Байнгын хороодоор энэ асуудлыг хэлэлцэх учир хугацаа алдалгүй тодорхой саналуудыг нэгтгэж ирүүлэхийг Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар чиглэл болгосон байна.

Ажлын хэсгийн уулзалтад Төрийн ордны гадаа суулт хийж буй ахмад настнуудыг төлөөлөн иргэн Ц.Алтанзул, Д.Отгонбаяр, Э.Ганбаатар нар оролцсон юм. Ахмад настан Ц.Алтанзул өндөр настай хүмүүс ордны гадаа 37 хоног сууж, заримынх нь эрүүл мэнд муудаж буйг дурдаад, тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгохыг шаардаж байснаа болиод одоогийн доод хэмжээ буюу 689 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 572.4 төгрөгийг тус бүр хоёр дахин, боломжгүй бол 50 хувиар, халамжийн тэтгэврийн хэмжээ 397.5 мянган төгрөг байгааг амьжиргааны баталгаажих доод түвшингээр буюу 495.4 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлэх, мөн тэтгэвэр барьцаалсан зээлийн өр, орлогын харьцааг өмнө баримталж байсан 70/30 гэсэн харьцаанд буцааж оруулан, 36 сарын хугацаатайгаар олгох хүсэлт тавьж буйг хэллээ. Өр, орлогын харьцааг чангаруулсан шийдвэрийг Ерөнхий сайд болон Монголбанкны Ерөнхийлөгч нарын уулзалтаар цуцалж, хугацааг 24 сар болгохоор тогтоосныг арилжааны банкууд ердөө гурван хоног баримталсан тухай тэрбээр мэдээлж, мөн зээлийн үлдэгдлээс дахин хүү тооцон, нэмж суутгаад байгааг шийдвэрлэж өгөхийг хүсэв.

Ажлын хэсгийн ахлагч С.Эрдэнэбат ахмад настнуудаас тавьж буй шаардлага, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нараас өгсөн чиглэлийн дагуу Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг хуралдуулж, тодорхой санал, хувилбар боловсруулж ирүүлэхийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, нөхцөл шаардлага, хязгаарлалтыг багасгах тооцоо хийж, мөн санал ирүүлэхийг Монголбанканд, ахмад настныг асрахуй болон халамж хамгааллыг сайжруулах талаарх нийгмийн даатгалын реформын тухай санал боловсруулахыг Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт, ахмад настны тэтгэврийн хэмжээг инфляцын түвшинтэй уялдуулан жил бүр нэмэгдүүлж байх хуулийг хэрэгжүүлж ажиллахыг Сангийн яаманд, төсвийн урсгал зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 24 хувиас хэтрүүлэхгүй байхаар заасан Монгол Улсын хөгжлийн 2026 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэлд өөрчлөлт оруулах тухай санал боловсруулж ирүүлэхийг Эдийн засаг, хөгжлийн яаманд тус тус үүрэг болголоо.

Зорилгодоо чиглэсэн тодорхой саналыг оновчтой боловсруулж ажиллах шаардлагатайг ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл зөвлөж, мөн тэтгэвэрт гарах дөхөхөөрөө нийгмийн даатгалын шимтгэлийг огцом өндрөөр төлж, өндөр тэтгэвэр тогтоолгодог, хүн амын зарим хэсгийн шимтгэлийг төр хариуцдаг байх зэрэг хуулийн цоорхойг нөхөж засах саналуудаа бэлтгэж ирүүлэх нь зүйтэй гэсэн юм.

Ажлын хэсэг дээрх байгууллагуудаас ирүүлсэн саналыг нэгтгэж, ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаас өмнө Өргөдлийн байнгын хорооны хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


Сэтгэгдэл

Иргнн [66.181.187.85] 2025-10-04 22:11:18

Зөв шаардлага .Учир нь одоо тэтгэврмын зөрүү асар их болсон 5 сая тэтгэвэртэй залуу ахмадууд их болсон. Өөрөөр хэлбэл хуулиын цоорхой ашиглахд өндрөөр НДШ төлсөн эсвэл уул уурхайгаас хамаарч өндөр цалинтай хүмүүс бий болсоноор тэтгэвэр огцом өссөн Гэтэл насаараа ажиллаад НДШ төлсөн иргэд 650к авч байгаа Ингэхээр тэтгэвэр нэмнэ гээд хувилах юм бол зөрүү асар ихсэнэ .Иймд бага тэтгэвэр нэмэх нь зөв

Иргэн [66.181.161.221] 2025-10-04 17:22:22

Ахмадуудаа харж үзэхгүй бол дараагийн сонгуульд саналаа өгөөд гэж бүү гуй санал авах гэж шээс нь савирдаг бз дэ ахмадууд нам гэдгээ боль сонгууль хүртэл хамраар чинь газар шаалгана удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно гуйх цаг ирнэ

зочин [66.181.180.247] 2025-10-04 14:51:28

Тэтгэвэр авагчдынхаа тоог Монгол улс зөв гаргаасай, болгосой. Өмнө жил 450000 хүн тэтгэвэр авдаг гэдэг байснаа одоо 350000 хүн авдаг мэт яриад байгаагийн аль нь зөв бэ? эсвэл 1 жилд 100000 тэтгэвэр авагч бурхны оронд одчихлоо гэж үү? Яг үнэн зөв статистик тоо гаргаж олон нийтэд мэдээлээч ээ. Өөрсдийн төлсөн тэтгэврийн хуримтлал, эрхэлж байсан албан тушаал, ажилласан жил зэргээ тооцуулж тэтгэвэр тогтоолгосон байхад яагаад бүгдээрээ ижил тэтгэвэр авах ёстой тухай яриад байгаа вэ? Байгууллагын цэвэрлэгч, дарга 2-г яг ижилхэн тэтгэвэртэй болгох нь зөв үү? Өмнөх зээлээ төлж дуусаагүй байж дараагийн зээлээ авна гэж байж болох уу? Хуулийн дагуу инфляциа тооцоод тэтгэврээ нэмэгдүүлээд явах нь зөв биш үү? 10% инфляцитай байхад тэтгэврийг 6% нэмээд байгаа нь огт ойлгомжгүй юу? эсвэл ямар нэгэн хөрвүүлэх коэффициентээр бүгдэд нь яг адилхан нэмж болох байх даа? Зарим хүмүүсийн 1 хүүхдийг тооцож 1,5% тэтгэврийн хувийг нэмсэн боловч зарим хүмүүсийн хүүхдүүдийг огт тооцоогүй нь шударга уу?


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.