Сумын цолтнуудын шинэ оны эхний барилдаанд Д.Мөнх-Отгон түрүүллээ
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн шинэ оны эхний барилдаанд 672 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Увс аймгийн Хяргас сумын харьяат, сумын заан Д.Мөнх-Отгон 10 даван анх удаагаа түрүүллээ.
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат, сумын заан Д.Сундуй үзүүрлэв.
Их шөвгийн гуравт Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, сумын заан О.Учралбаяр, дунд шөвөгт Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, сумын заан З.Нямдорж, Увс аймгийн Наранбулаг сумын харьяат, сумын заан Б.Энхманлай, Тува улсын залуу бөх Донгак Сүлде нар шалгарлаа.
Бага шөвөгт Дундговийн заан Б.Доржсамбуу, Увсын заан Ц.Бямбацогт, Сүхбаатарын заан О.Эрдэнэбадрах, Өвөрхангайн заан Д.Мөнхтогтох, Архангайн заан А.Бат-Эрдэнэ нар үлдэв.
"Янжка'с Терафи" ХХК-ийн захирал Д.Янжиндулам "Цолд ойрхон бөх" уламжлалт шагналаа Тува улсын залуу бөх Донгак Сүлдед гардуулсан юм.
Дараагийн барилдаан энэ сарын 13-нд Шинэ үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой чансаа өндөр 128 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.




































































Сэтгэгдэл