С.Уиткофф: Оросын талтай хийсэн хэлэлцээ амжилттай боллоо
ОХУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Кирилл Дмитриевтэй хийсэн уулзалт “үр дүнтэй” болсон тухай АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Уиткофф мэдэгдлээ. Уг уулзалт Орос-Украины дайныг зогсооход чиглэсэн АНУ-ын зуучлалын хүрээнд Флорида муж улсад болжээ.
Уулзалтад Америкийн талаас Сангийн сайд Скотт Бессент, Ерөнхийлөгч Д.Трампын хүргэн Жаред Кушнер, Цагаан ордны ахлах зөвлөх Жош Грюнбаум нар оролцсон байна.
Оросын Ерөнхийлөгчийн хөрөнгө оруулалт-эдийн засгийн хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч К.Дмитриев хэлэхдээ, бямба гаргийн уулзалт үр дүнтэй болсныг мөн онцлон тэмдэглээд “Украины асуудлаас гадна Орос-Америкийн эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцсэн” гэдгийг дурдлаа.
Абу-Дабигийн хэлэлцээ
Өнөөдөр Абу-Дабид эхлэх Орос-Украины хэлэлцээний өмнөхөн К.Дмитриев АНУ-д айлчиллаа. Өмнө нь нэгдүгээр сарын 23-24-нд Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэлд болсон эхний шатны хэлэлцээнд АНУ оролцсон юм. Тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мэдэгдэхдээ, хоёр дахь шатны хэлэлцээ Орос-Украины хооронд болно, гэхдээ Вашингтон түүнд оролцож магадгүй гэдгийг дурдлаа.
Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Д.Песков бямба гарагт мэдэгдэхдээ, Ерөнхийлөгч Д.Трамп Оросын Ерөнхийлөгч В.Путинд хандан, хэлэлцээ хийхэд таатай нөхцлийг бүрдүүлэхийн тулд Киев хотод агаарын цохилт өгөхгүй байхыг хүссэн гэдгийг хэлэв. Д.Трамп хэлэхдээ, агаарын цохилт долоо хоногийн хугацаанд зогсоно гэсэн бол Песковын ярьснаар, эл хугацаа хоёрдугаар сарын 1-нд дуусах ажээ.
Үүний сацуу Украины Ерөнхийлөгч В.Зеленскийн хэлснээр, АНУ, Ираны хооронд түгшүүртэй байдал даамжрах аваас ОХУ, АНУ, Украины гурван талт уулзалтыг зохион байгуулах газар, огноо өөрчлөгдөж магадгүй юм.
Эх сурвалж: DW
Б.АДЪЯАХҮҮ
































































Сэтгэгдэл