З.Энхболд: Монголын ард түмэн Ерөнхийлөгчөө сонгодог шиг АН даргаа сонгодог байсан дүрмийг өөрчилсөн нь буруу
Улсын Их Хурлын дарга асан, Ардчилсан намын дарга асан З.Энхболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Удахгүй морь жил гарах гэж байна. Цагаан сарын бэлтгэлээ хангачихсан уу?
-Би морь жилтэй хүн. Жил орж байна. Цагаан сарын бэлтгэл болчихсон байх аа. Би өөрөө нэг их оролцдоггүй. Эхнэр бэлтгэлээ базаана, би грузчик хийнэ, ийм ажил үүргийн хуваарьтай.
-Жаран нэгний жил үү. Цагаан сараар ер нь хөлд дарагдах уу, танайх?
-Тийм. Тавдугаар сард тэтгэвэртээ гарна. Өлзий бид хоёр хоёулаа айлын том учраас дүү нар ирж золгоно. Тиймээс нэлээд хүн хүлээж авна.
-Хөдөө, орон нутгаар золголтоор явах уу?
-Ээж дээрээ очиж золгоно. Ээж маань хотод байдаг, хөдөө явдаггүй.
-Жил орж байна гэлээ. Нөгөө талаас Ардчилсан намын хувьд ч “жил нь орж байна” гэж хэлж болохоор түүхэн ой тохиож байна. Энэ талаар?
-1990 оны Ардчилсан хувьсгал цагаан морь жил болсон. Одоо 36 жилийн ой нь болж байна. Тэр үед монголчууд дал гаруй жил явсан коммунизмоосоо татгалзаад, дэлхий нийтийн жишгээр ажиллаж амьдрах шийдвэр гаргасан. 36 жилийн хугацаанд алдаа, оноо аль аль нь бий. Гэхдээ олсон нь алдсанаасаа илүү. Монгол хүний дундаж наслалт 70 давлаа. Социализмын үед 50 орчим байсан байх. Амьдралын чанар сайжирсан. Мэдээж засаж залруулах зүйл олон байна. Улаанбаатарын утаа, түгжрэл гэх мэт асуудал бий. Урьд нь айл болгон машинтай байгаагүй учраас түгжрэл гэж ойлголт байсангүй. Одоо хот тэлэхгүй, харин автомашин нэмэгдсэнээс түгжрэл үүсч байна. Энэ бол Улаанбаатарын асуудал. Хотоос гараад л орон нутагт түгжрэл байхгүй.
-Цагаан сараар түгжрэл ч хэцүүдэх байх даа. Түгжирнэ гээд гэртээ суултай биш гарч л таарна байх даа...Сонгуулиуд ойртож байна. Улс төрийн намуудын хувьд морь жил ямар жил байх бол?
-2027 онд Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 онд УИХ, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль гээд болно. Ер нь бүх улс төрийн намын гол зорилго бол сонгуульд амжилттай оролцох. Сум, аймаг, улс гээд шат бүрд ялалт байгуулах нь улс төрийн намын үндсэн үүрэг. Улс төрийн намууд ч өөрсдөө төлөвшиж байна. Ардчиллын төлөө таван нам нэгдэж Ардчилсан намыг байгуулахад би анхны Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдож байсан. Тэр үеэс хойш миний амьдралын 26 жил АН-тай салшгүй холбоотой явж ирлээ. Намын ЕНБД, намын дарга гээд бүх шатанд ажилласан. 1990 онд дүрэмтэй улс төрийн нам гэвэл тухайн үеийн МАХН л байлаа. Ардчиллын таван нам 2000 онд нэгдэж АН болсон. Тухайн үед дүрэм боловсруулахдаа МАХН-ын загварыг суурь болгож, заримыг нь өөрчлөөд явсан. 2016 оны УИХ-ын сонгуульд ялагдсаны дараа “дүрмээ шинэчилье” гэсэн санаачилга гишүүдээс гарсан. Ажлын хэсэг байгуулагдсан. Цагаан сарын үеэр би ажлын явцыг нь шалгаж үзэж байсан. Тухайн үед дараагийн намын дарга хараахан сонгогдоогүй байсан үе. 2000 онд АН байгуулагдахад боловсруулсан намын дүрэм 2016 он хүртэл үндсэндээ хэвээрээ байсан. Ажлын хэсгийн боловсруулсан дүрмийн төсөлд зарчмын том ялгаа харагдаагүй. Ингээд хуучны загварыг зогсоож, Английн Консерватив намын дүрмийг орчуулж, Монголын нөхцөлд тохируулан баталсан. 2017 оны хавар батлагдсан АН шинэ дүрэм бол зарчмын том өөрчлөлт шинэчлэл.
-Нөгөө АН-ын даргад таван хүн өрсөлдөж, эв нэгдлийн таван сум гээд хэсэг явсан, мөн үү. Ер нь 2017 оны шинэ дүрмийн хамгийн том өөрчлөлт нь юу байсан бэ?
-Хамгийн том өөрчлөлт нь дотоод сонгуулийн тогтолцоо буюу “сунгаа”-г нэвтрүүлсэн явдал. Англиар “primary” гэдэг Англи АНУ зэрэг улсуудын намуудын дотоод сонгуулийг “сунгаа” гэж орчуулсан. Америкт Конгресс, Сенат, Ерөнхийлөгчид нэр дэвших хүмүүсийг намын гишүүд нь шууд сонгодог. Бид энэ зарчмыг Консерватив намын дүрэмтэй хослуулж оруулсан. Ингэснээр намын гишүүд өөрсдөө бүх шатны намын удирдлага болон бүх шатны сонгуульд нэр дэвшигчээ тодруулдаг болсон. 2017 оны хавар намын даргын сунгаа болж, таван хүн өрсөлдсөн. С.Эрдэнэ даргаар нь сонгогдсон. Мөн тэр жил Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ сунгаагаар тодруулж, Халтмаагийн Баттулга тодорсон. Халтмаагийн Баттулга улмаар Ерөнхийлөгчийн сонгуульд ялж, АН 2016 онд бүх шатанд цөм ялагдсан ялагдлыг зогсоосон. Би энэ амжилтыг шинэ дүрэм, сунгааны тогтолцоотой холбоотой гэж үздэг. Учир нь 2000 онд хийсэн дүрмээ 17 жилийн дараа буюу 2017 онд өөрчилсөнөөр Х.Баттулга ялсан гэж боддог.
-Өмнө нь нэр дэвшигчийг хэрхэн тодруулдаг байсан юм бэ?
-Урьд нь АН-ын Их хурал нэр дэвшигчийг шийддэг байсан. Бид нэг шат нэмээд, нийт гишүүдээсээ асууж, шууд санал авдаг болгосон. 180 мянган гишүүнээс санал авч тодруулсан хүн илүү өргөн дэмжлэгтэй гарч ирдэг. Жишээ нь Х.Баттулга гишүүдийн дэмжлэгээр тасархай гарч ирсэн. Ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялахыг урьдчилж хэн ч мэдэхгүй. Харин гишүүдийн олонхын дэмжлэгтэй нэр дэвшигч төрийн сонгуульд ялах илүү боломжтой байдаг.
-Яагаад заавал Английн Консерватив намын дүрмийг жишиг болгосон юм бэ?
-Дэлхий дээр үндсэндээ хоёр том улс төрийн үзэл баримтлал давамгайлж байна. Төвөөс зүүн, төвөөс баруун.Төвөөс зүүн чиглэлийн намуудын олон улсын нэгдэл нь Социалист Интернационал. Монголд энэ чиглэлийн төлөөлөл бол социал демократ үзэлтэй МАН. Харин төвөөс баруун чиглэлийн намуудын нэгдэл нь Олон улсын ардчилсан холбоо буюу IDU (International Democrat Union). АН энэ холбооны гишүүн. Өөрөөр хэлбэл, дэлхийн 200 улсын дийлэнхид нь International Democrat Union болон Socialist International гэдэг хоёр том холбооны гишүүн ямар нэг нам сонгуульд ялж улс орноо удирдаж байдаг. Английн Консерватив нам бол IDU-ийн гишүүн, бидэнтэй ижил үзэл баримтлалтай. Мөн Америкийн Бүгд Найрамдах нам, Германы Христийн ардчилсан холбоо зэрэг төвөөс баруун чиглэлийн намууд энэ холбоонд байдаг. Английн Консерватив намын даргыг гишүүд нь шууд сонгодог тогтолцоонд шилжээд олон жил болсон. Англид эрх барьж байгаа намын дарга солигдоход Ерөнхий сайд нь шууд солигддог. Тиймээс даргаа гишүүд нь сонгоно гэдэг маш хариуцлагатай тогтолцоо. Бид ч бас гишүүддээ эрх мэдлийг нь өгч, намын дарга, нэр дэвшигчийг дотроосоо ардчилсан зарчмаар сонгодог болсон. Энэ бол намын дотоод ардчиллыг бэхжүүлсэн том алхам.
-Та 2017 оны дүрмийн гол давуу тал нь гишүүдийн оролцоо байсан гэж хэллээ. Яагаад энэ зарчим чухал байсан бэ?
-Нэр дэвших хүсэлтэй хүн бүр “би ялна” гэж боддог. Гэхдээ үнэхээр хэн ялах вэ гэдгийг хэдхэн хүн биш, өргөн гишүүнчлэл илүү бодитоор мэдэрдэг. АН-ын Их хурал бол мянга орчим хүнтэй. Тэд нэр дэвшигчийг тодрууллаа гэхэд сонгуульд ялах эсэх нь тодорхой биш. Харин 100 мянга, 180 мянган гишүүн санал өгөөд нэг хүнийг гаргаад ирвэл тэр нь бодит өрсөлдөөнд бэлтгэгдсэн байдаг. 2017 онд бид энэ зарчмыг нэвтрүүлсэн. Энэ дүрмээ угтаа хэдэн жил хадгалаад явах ёстой байсан ч манай намынхан энэ дүрмээ өөрчилсөн юм билээ. 2017 оны дүрмийг жишээгээр тайлбарлавал их ойлгомжтой болдог.
-Тухайлбал, ямар жишээ хэлэх вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийг ард түмэн сонгодог. Үүнтэй адил АН-ын даргыг нийт гишүүд нь сонгодог байсан. 2017 оны дүрмээр зөвхөн Ерөнхийлөгчийн нэр дэвшигчийг биш, намын даргыг ч гишүүд шууд сонгосон. Зөвхөн төв байгууллага биш, сум, аймаг, дүүрэг, нийслэл гээд бүх шатанд гишүүд өөрсдөө намын дарга, намын хороогоо сонгодог байсан. Дүрмээ өөрчилж ҮБХ-гоор намын даргаа сонгодог болсон нь буруу, гишүүдэд өгсөн байсан эрхийг буцааж авсан. Дахиад л даргаа, тамгаа булаацалдаг тогтворгүй байдал руугаа буцсан гэсэн үг.
-Энэ тогтолцоог та дотоод ардчилал өндөр байсан гэж үзэж байна уу?
-Тийм. Зарим талаар Монгол Улсын сонгуулийн системээс ч илүү ардчилсан байсан. Жишээ нь, нэг аймаг 42 хүний бүрэлдэхүүнтэй Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай байлаа гэж бодъё. АН дотроо гурав дахин олон буюу 126 хүнтэй тухайн аймгийн намын хороогоо сонгоно. Аймгийн намын хорооны 126 дотроос хэн нь аймгийн ИТХ сонгуульд нэр дэвших вэ гэдгийг аймгийн бүх АН-ын гишүүд шийддэг. Ингэснээр шат шатандаа өрсөлдөөн бий болж, илүү бэлтгэгдсэн ялах магадлалтай нь гарч ирдэг. Мөн дотоод зөрчил, хуйвалдааныг хаах зорилготой. Өмнө нь цөөн хэдэн хүн нийлж байгаад намын даргаа огцруулдаг, дотоод зодоон их гардаг байсан. Ингээд дараагийн сонгуульд ялагддаг. 2017 оны дүрмээр бол зөвхөн сонгуулиар дүнгээ тавиулна. Хэрэв сумын намын дарга сумандаа ялбал сумын Засаг дарга болно. Чадахгүй бол дараагийн дөрвөн жил өрсөлдөхгүй, өөр хүнийг намын даргаар сонгож дараачийн сонгуульдаа бэлдэнэ. Ингэж шат шатандаа эрүүл өрсөлдөөн бий болгох зорилготой байсан.
-Гэтэл энэ тогтолцоог өөрчилсөн гэж та шүүмжилж байна. Яагаад сайн явж байсан дүрмээ өөрчлөв...?
-Мэдэхгүй. Ямартаа ч манай намын шинэ удирдлагууд буцаагаад 2000 оны дүрэм рүү шилжсэн. Одоо бол аймаг, нийслэлийн намын хороог гишүүд сонгоно. Тэр хороо нь Үндэсний бодлогын хороогоо сонгоно. Үндэсний бодлогын хороо нь намын даргаа сонгоно. Ийм “матрёшка” хэлбэрийн шаталсан систем үүссэн. Бид 2000-2017 оны хооронд ийм тогтолцооны сул талыг хангалттай харсан. Цөөн хүн хуйвалдаж, даргаа унагадаг, дотоод зөрчил ихэсдэг. Тиймээс 2017 онд ухамсартайгаар шууд ардчилсан тогтолцоонд шилжсэн. Гэтэл 20-30 жил тогтвортой мөрдөх ёстой дүрмээ удалгүй буцаасан. Би намын нийт гишүүдэд уриалж байгаа. Гишүүд өөрсдөө шийддэг, шууд оролцоотой байсан 2017 оны дүрэм рүүгээ буцаж шилжих хэрэгтэй. Намын дотоод ардчилал эрүүл байхгүй бол дараагийн сонгуулиудад амжилт олох боломж хязгаарлагдана.
-Та 2017 оны дүрмээ хадгалсан бол 2027, 2028 оны сонгуулиуд “карманд” байна гэж харж байна уу?
-2028 оны УИХ-ын сонгуульд 126 хүн нэр дэвшинэ. Тэр 126-ыг хэдхэн хүн биш, 200 мянга, цаашлаад 250 мянгад хүрч байгаа нийт гишүүд шийднэ гэдэг бол асар том давуу тал. Одоо АН-д шинэ гишүүд олноор элсэж байна. Тэр хүмүүс өөрсдөө нэр дэвшигчдээ тодруулна. Ингэвэл ялах магадлал өндөр. Би Өвөрхангайн хүн. Нутаг дээрээ жишээ авья. Жишээ нь, Нарийнтээл сум 21 хүний Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай гэж бодъё. Нарийнтээлд АН ялсан гэхээр Түүний 12 нь АН, үлдсэн нь МАН байгаа. Дараагийн сонгуульд ялалт байгуулахын тулд сул байгаа есөн суудлын төлөө АН дотроо сунгаа явуулна. Одоо ИТХ гишүүд хүсвэл сунгаагүйгээр шууд нэр дэвших эрхтэй дүрмээр. Намын хорооны гишүүдээс 27 хүн өрсөлдлөө гэж бодъё. Тэр 27-гоос 9-ийг нь хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгийг Нарийнтээлийн АН-ын гишүүд өөрсдөө шийднэ. Үүнийг аймаг, Улаанбаатарын төв аппарат шийдэхгүй. Шууд тухайн шатны гишүүд шийднэ. Аймгийн Иргэдийн хурал 42 суудалтай байлаа гэж бодъё. Хэрэв АН 10 суудалтай бол 30 гаруй сул суудлын төлөө өрсөлдөнө. Тэгвэл намын хорооноос гурав дахин олон нэр дэвшигч гаргаж, дотроо өрсөлдөж, шилдгүүдийг тодруулна. Аймгийн АН-ын гишүүд өөрсдөө хэнийг дэвшүүлэхээ шийднэ. Гаднаас хүн оруулж ирэхгүй. Аймагтаа ажилласан, намын хороонд орж, бэлтгэлээ хангасан хүмүүсээсээ сонгоно. Энэ бол өөрөө төрийн том сонгуульд орох бэлтгэл.
-Өөрөөр хэлбэл, сонгуульд өрсөлдөх байнгын бэлтгэлээ хангаж байна гэсэн үг үү?
-Яг тийм. Байнгын бэлтгэлтэй арми хүчтэй байдаг. Чингис хааны арми байнгын бэлтгэлтэй байсан учраас дэлхийд хүчирхэгжсэн. Одоо ч гэсэн Швейцарийн эрэгтэй хүн бүр зэвсэгтэй, байнгын бэлэн байдалтай байдагтай адил Чингис хааны цэргүүд айл бүрд зэр зэвсэг, морьтойгоо байнгын бэлтгэлтэй байсан. Үүнтэй адил АН-ын гишүүд, нэр дэвшигчид дотоод сонгуулиараа дамжуулж байнга бэлтгэл хийж байх дүрэм баталсан юм. Ингэвэл том сонгуульд туршлагатай, өрсөлдөөнд шалгарсан хүмүүс орно.
-Та 2017 оны дүрмийг өөрчлөхөд гадны нөлөө орсон гэж хардаж байна уу. Өөрөөр хэлбэл, сайн явж байгааг нь унагая гэдэг нөлөөлөл орсон байж болох уу?
-Ардын намын гишүүдийн дунд “яагаад АН ингэж бүх шатандаа гишүүдээрээ шийдүүлээд байж болдог, бид яагаад тэгж болохгүй юм” гэсэн яриа гарсан юм билээ. Миний ойлгосноор МАН-ын дарга нар АН-ын удирдлагуудад “Бүх гишүүд бүхнийг шийддэг энэ дүрмээ өөрчил” гэсэн шахалт байсан. Тэгээд тэр шахалтын дагуу дүрмээ буцаасан. Уг нь МАН гишүүдийнхээ үгэнд орж АН-тай адилхан дүрэмтэй болвол дэвшил болох байсан. Монгол Улсын Үндсэн хуулийн заалт бол ард түмэн Ерөнхийлөгчөө шууд сонгоно гэсэн зарчим. Үүнтэй адил намын даргаа нийт гишүүд нь сонгох нь илүү ардчилсан. Бид бүр нийслэлийн намын даргаа нийслэлийн АН-ын гишүүдээр шууд сонгуулж байсан. Тэр хүн сонгуульд ялбал нийслэлийн Засаг дарга болох боломжтой. Харин өнөөдрийн тогтолцоогоор нийслэлийн Засаг даргыг иргэд шууд сонгохгүй. Тэгэхээр АН дотооддоо илүү ардчилсан байсан гэсэн үг. МАН намын даргаа Бага хурлаараа сольж байна. Хэдхэн зуун хүн кноп дарж шийдэж байгаа. Тэр хүмүүст нөлөөлөхөд амархан. Харин 200-300 мянган гишүүнд нөлөөлөхөд хэцүү. АН дүрмээ өөрчилж МАН шиг болсон нь буруу.
-Дүрэм гэдэг намын эв нэгдлийн баталгаа. Тэгэхээр нөгөө хуучин дүрэм рүүгээ орсон учраас АН-ын дотор зөрчилдөөн дахиад үүсэх нөхцөл бүрдэж эхэлж байгаа юм биш үү?
-Дүрэм бол намын “Үндсэн хууль”. Байнгын өөрчлөөд байж болохгүй.1990 онд нэг дүрэмтэй, 2000 онд өөрчилсөн, 2017 онд дахин шинэчилсэн. Хэрэв ойр ойрхон өөрчлөөд байвал дотоод тогтворгүй байдал үүснэ. 2000-2017 оны хооронд бараг жил бүр намын даргаа сольдог, дотоод зөрчил ихтэй байсан. Энэ бол дүрмийн сул тал. Англи, Америкийн намууд дотоод ардчилалтай мөртлөө хагардаггүй. Дотоод өрсөлдөөн бол эрүүлжих процесс. Харин цөөн хүн тохиролцож шийддэг систем л хагарал дагуулдаг.
-Ирэх дөрөвдүгээр сард АН-ын Их хурал болно. Тэгэхээр буцаад 2017 оны дүрмээ оруулж ирэх боломж байгаа юу?
-Ямар ч байсан гишүүд аймаг, нийслэл, дүүргийн намын хороогоо сонгоно. Тэндээс асуудал яригдана. Хэрэв дүрмээ засахгүй бол дараагийн сонгуулиудад ялахгүй байх.
-Танай намын гишүүдэд олгож байгаа шинэ паспорт зарим нэг орон руу виз мэдүүлэхэд тодорхой хэмжээгээр давуу тал үүсдэг болно гэсэн. Жишээ нь, Америк руу гарахад асуудал гэж ярьж байна. Энэ үнэн үү?
-Визийг тухайн улсын Элчин сайдын яам шийддэг. Паспорт чиптэй болсноор шууд визийн хөнгөлөлт бий болно гэж хэлэх нь өрөөсгөл. Яах вэ, энэ хүн ардчилсан үзэлтэй юм байна гээд давуу тал байж болно. Гэхдээ визийн бодлогыг бид биш, тухайн улс шийднэ.
-Саяхан Засгийн газар баялгийн өгөөжийн 60 хувийг ард түмэн хүртдэг байх хэлэлцээрийг хийсэн. Энэ талаар таны байр суурь ямар байгаа вэ?
-Энэ асуудлаар тохиролцож явна гэдэг зүгээр онигоо. Монгол Улсын Үндсэн хуульд “хуулиар тогтоосон татвар төлөх үүрэгтэй” гэж заасан. Иймд татвар, өгөөжийн асуудал ил тод, хуульд суурилсан байх ёстой. Г.Занданшатар, Ж.Оджаргал нарын яриа хууль биш. Үүнийг хэрвээ хуулиар тогтоочихвол болно гэсэн үг. Ж.Оджаргал тэр компанийн 100 хувийн эзэн биш, 40 байсан, одоо 30 орчим болсон байх. Тэгэхээр тэр компанийн өмнөөс Ж.Оджаргал шийдвэр гаргах эрхгүй. Үлдсэн 70 хувь нь хуулиар тогтоосон татвараа л төлнө гэвэл түүгээр явна. Энэ утгаараа тэр компани Ж.Оджаргалын Ерөнхий сайдтай амаар тохирсон хувийг шууд төлөөд явахгүй гэсэн үг. Нөгөөтэйгүүр Эрүүгийн гэмт хэргийг нуун дарагдуулах зорилгоор өөрөө тохиролцож болохгүй л дээ.
-Ямар Эрүүгийн гэмт хэрэг билээ...?
-400 сая тонн нүүрсийг хулгайлчихсан эрүүгийн гэмт хэрэг байгаа. Элдэв хуульгүй өгөөжийн хувь ярьж байхаар зүгээр л хулгайлагдсан Ухаахудагаа л буцааж авах шаардлагатай. Ингэж чадвал Баялгийн сан бодитойгоор дүүрнэ.
-Уг нь Цагаан сарын өмнө ард түмэндээ барьсан бэлэг гэж олон нийт харсан даа...?
-Бэлэг нь 10 жилийн дараа юм билээ. Инфляциа бодохоор 10 жилийн дараахь 10 сая төгрөг нь одоогийн нэг сая төгрөгтэй тэнцэх юм байна лээ.
-Монгол Улсын Засгийн газар яагаад ийм хийсвэр хэлэлцээр хийх болов...?
-Ойлгомжтой. Эднээс улс өөрийн юмаа шууд хурааж авч чадахгүй байна гэсэн үг. Хэл үг байхгүй шууд л хурааж авах ёстой. Хэрэв 2028 онд АН ялвал шууд л хурааж авна. Яагаад гэвэл энэ бол улсын өмч. Ж.Оджаргал энэ орд газрыг олоогүй, Монгол Улс олсон. Оюу толгойн нэг километрийн гүнд байгаа зэс алтны ордыг монголчууд олоогүй. Энийг Роберт Фрийдланд олсон. Тийм болохоор тэрээр хуулийнхаа дагуу таван хувиа төлөөд явахад ямар ч асуудалгүй. Фрийдландын олсон баялагтай адил баялгийг монголчууд 40 жил хайж явсаар олсон нь Ухаахудаг. Энэ талаарх мэдээ, мэдээлэл, мэдлэгийг төрд ажиллаж байсан хулгайчид хулгайлаад зарсан нь Ж.Оджаргалд очсон. Тэгэхээр үүнийг залруулахгүйгээр, баялгийн хулгайгааа зогсоохгүйгээр явбал монголчууд хэзээ ч сайхан амьдрахгүй.
-Эрчим хүчний асуудал дээр эрх баригчид “Чи барьчихгүй яасан юм, чи тэгчихгүй яасан юм” гэх зэргээр маргалдах боллоо. Сүүлд Ц.Даваасүрэн, С.Баяр хоёр маргалдсан. Ер нь эрчим хүчний асуудалд таны байр суурь ямар байдаг вэ?
-Эрчим хүч бол чухал сэдэв гэдгийг иргэд тогоо таслуулж байгаад ойлгож байна. Эрчим хүч бол стратегийн, суурь салбар. Гэтэл эх үүсвэрүүд хуучирч, шинэ станц баригдаагүй олон жил боллоо. Урьд нь цахилгааны үнэ бодит өртгөөсөө хэт доогуур байсан учраас хөрөнгө оруулалт татах, шинэ эх үүсвэр барих боломж бүрдээгүй. Харин сүүлийн үед үнэ тарифыг өөрчилснөөр шинэ станц барих эдийн засгийн боломж анх удаа бодитоор яригдаж эхэлж байна. Гэхдээ үүнийг мэргэжлийн түвшинд, тооцоо судалгаатай хийхгүй бол буруу шийдвэр гаргах эрсдэлтэй. Х.Нямбаатарыг би сошиалд шүүмжилчихсэн байгаа. 30-40 жил болсон зуухнуудыг бүхэлд нь солино гэсэн өнгөц ойлголт яригдаж байна. Би өөрөө эрчим хүчний инженер хүн. Миний мэргэжил автоматик, телемеханикийн инженер. Зуух гэдэг бол таван давхар, хоёр орцтой байшинтай дүйцэх хэмжээний аварга байгууламж. Зуухыг бүхэлд нь нэг дор “солих” тухай ойлголт байхгүй. Дотор нь мянга мянган гагнаасгүй хооолой, галд тэсвэртэй тоосго гэх мэт бий. Эдгээр нь тодорхой насжилттай. Чанартай труба авбал таван жил, хямд авбал нэг жил ч болох жишээтэй. Төлөвлөгөөт засварыг жил бүр хийж, элэгдсэн элэгдээгүй тухайн хэсгийг нь солих замаар зуух хэдэн ч жил ажилладаг. Ийм нарийн технологийг улс төрийн яриагаар хялбарчилж болохгүй.
-Зөвхөн зуух биш, бусад тоноглол ч насжилттай биз дээ?
-Тийм. Станц бол цогц систем. Зуухнаас гадна турбин, генератор гэж бий. Уураар эргэдэг турбин нь онгоцны сэнс шиг зарчмаар ажиллана. Түүний эргэлтийг генератор цахилгаан болгон хувиргана. Турбогенераторын хэсэг дунджаар 30 жилийн настай. Зүгээр ажиллаж байсан ч тодорхой хугацааны дараа солих шаардлагатай. Учир нь дараагийн 30 жилийг даах баталгаа байхгүй. Бид энэ том засварыг ТЭЦ-4 дээр хийж байсан. Бондын хөрөнгөөр 120 МВт-ын өргөтгөлийг хоёрхон жилийн дотор хийсэн. Үнэндээ бол 120 МВт-ын шинэ станц барьсантай адил үр дүн гарсан. Гэхдээ хуучин байр дотор нь сүүлийн үеийн, илүү хүчин чадалтай, овор багатай турбин суурилуулсан учраас “шинэ станц” гэж нүдэнд харагдаагүй. Тийм болохоор хүмүүс мэддэггүй юм билээ. Хэрэв 120 МВт-ын өргөтгөлөө шинээр байшин бариад тэр дотроо хийчихсэн бол АН-ынхан шинэ станц барьчихсан юм байна гэж хүмүүс харна байх. Гэхдээ бидэнд иргэдэд таалагдах нь чухал биш. Ажил хийж, асуудлаа шийдэх л чухал. Энэ бол АН-ын Ардын намаас ялгарах гол шинж шүү.
-Гэтэл сүүлийн жилүүдэд ядаж ийм томоохон өргөтгөл хийгдсэн үү?
-Харамсалтай нь үгүй. Би ажлаа өгөөд 10 жил болж байна. Энэ хугацаанд дорвитой өргөтгөл хийгдсэнгүй. Чойбалсангийн дулааны цахилгаан станцыг тооцохгүй бол шинэ эх үүсвэр орсонгүй. Харин Бөөрөлжүүтийн 300 МВт-ын станцыг хувийн хэвшил өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлж байна. Улсын бодлогоор, системтэйгээр хэрэгцээгээ угтаж барьсан томоохон шинэ эх үүсвэр бараг алга.Гэтэл хүн ам өсөж, эдийн засаг тэлэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ жил бүр нэмэгдэж байна. Өсөлтийг урьдчилан тооцож, 3-5 жилийн өмнөөс эх үүсвэрээ барих ёстой. Бид хоцорч явна. Саяны асуудал бол Голомтын барьсан станц дээр асуудал үүсэхэд ТЭЦ-4 дээр ачаалал нь ирээд асуудалд орж байгаа байхгүй юу.
-Таныг 2027, 2028 оны сонгуульд оролцохгүй гэж хэвлэлүүд онцлоод байна. Үнэхээр оролцохгүй юу?
-Би оролцоно, харин өөрөө нэр дэвшихгүй. АН-аас зөв хүмүүсийг нэр дэвшүүлэх, тэр хүмүүсийг гаргахын төлөө ажиллана. Энэ чинь би сонгуульд оролцохгүй гэсэн үг биш биз дээ.
-АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд яригдаж байгаа таван кандидат байгаа гэж ярьж байна. Энэ талаар таны бодол ямар байгаа вэ?
-Тав ч байна уу, арав ч байна уу, хорь ч байна уу хамаагүй. Би бол дуртай нь дэвш гэж байгаа. Хамгийн гол нь сунгаа хийж 180 мянган гишүүнээрээ л сонгуулчих. Тэгвэл ялах хүн нь тодорно. Хэдхэн ҮБХ-ны гишүүн нэр дэвшүүлж болохгүй. Тэр бол Монголын ард түмний төлөөлөл биш. Харин АН-ын 200 мянган гишүүн бол Монголын ард түмний төлөөлөл. Нөгөө жижигрүүлсэн хувилбар чинь байхгүй юу. Хоёр сая сонгогч байгаа. Тэрний 10 хувь нь АН-д байна. Тэгэхээр 10 хувийнх нь гаргасан шийдвэр үнэнд ойртохоос биш 0.01 хувийн гаргасан буюу мянган хүний гаргасан шийдвэр үнэнээс маш хол зөрнө. Цэвэр статистик.
-Одоо тийм өөрчлөлтөө ер нь хийх шинж байна уу?
-О.Цогтгэрэл тэгье л гэж байна лээ. Хүмүүсээ бүртгэж аваад тэгээд гишүүдтэйгээ уулз гээд явуулна. Тэр нь зөв л дөө. О.Цогтгэрэл сонгуульд ялъя гэж бодож байгаа бол 2017 оны дүрмээрээ л явах хэрэгтэй.
-Тантай холбоотой шүүх хурал одоо яг процесс нь яаж байна, хойшилчихсон уу?
-Тэр одоо онигоо. Хэрэг нь маш хялбархан. Эхлээд энэ чинь сүр дуулиантай нүүрсний хулгай гэж эхэлсэн. Тэгсэн гурван сарын дараа нүүрсний хулгай биш юм байна гээд хаасан. Энэ хэрэг биш юм байна аа, бид буруу дүгнэж байж гээд албан ёсоор хаасан. Нөгөө анх зарласан 17 нүүрсний хулгайчаас ганцхан ЭТТ-н Ганхуяг л ял авлаа. Үлдсэн 16-гийн хэрэг хэрэгсэхгүй болсон. Ер нь Ш.Раднаасэд анхнаас нь хэлж байсан, 17 нүүрсний хулгайч гэх жагсаалтыг МАН УЗ-өөс гаргаж АТГ-т өгсөн байна гэж.
-Нүүрсний хулгайч гээд нэрээ зарлуулчихаад уу?
-Тийм. Тэр “Энэ 17 хүний жагсаалт бол манай намын Удирдах зөвлөл дээр гаргасан. Тэрнээс биш АТГ-ынхан өөрсдөө шалгаж, тогтоогоод зарлаж байгаа нэрс биш ээ” гэж. Өөрөөр хэлбэл, МАН-ынхан цэвэр улс төрийн зорилготой юм хийсэн гэсэн үг. Үүнийг хийсэн хүн нь Д.Амарбаясгалан болж таарсан. Яагаад гэвэл нөгөө Бортээгийнхээ толгойг хулгайлчихсан байсан. Яг тэр үед нь нүүрсний хулгай яригдаад байдаг. Тэгэхээр өөрөөсөө өөр хүмүүсийг нүүрсний хулгайч гэж зааж өгөөд өөрөө сул үлдэнэ гэж бодсон. Харамсалтай нь тэр нь бүтсэнгүй. Одоо өөрөө хууль хяналтаар шалгуулаад явж байна. Учиртай таван толгойгоос Санжийн Баярын үед Ухаахудагийг Ж.Оджаргалд өгсөн. Дараа нь Л.Оюун-Эрдэнийн үед Бортээгийг Д.Амарбаясгаланд өгөх маягаар ингээд л яваад байгаа. Угтаа энэ тавантолгойг зүгээр хаяад ЭТТ өөрөө олборлоод өөрөө бизнес хийгээд л үр өгөөжийг нь Монголын ард түмэн хүртээд явах ёстой. Харамсалтай нь зөв явуулж чадахгүй нөгөө хулгайчууд нь толгой толгойгоор нь хулгайлах гээд л оролдоод байх юм.
-Таны шүүх хурал одоо яана гэсэн үг вэ?
-Шүүгч нар нь дахиад л 40 хоног завсарлага авч байна лээ. Би энэ Б.Энх-Амгаланг нь танихгүй юм. Бие биеэ танихгүй хоёр хүнийг л та хоёр хуйвалдаж гаргасан гээд л нотлох гээд дөрвөн жил боллоо. Шүүх нь наад хоёр хүн чинь бие биеэ таньдаггүй юм байна шүү дээ гээд намайг цагаатгасан.
-Энэ процесс хэзээ дуусах вэ?
-Гуравдугаар сарын 23-нд л шүүх хурал болно. Одоо шүүхээр дахиад удаах газаргүй болсон. Байж болох бүх баримтаа гаргаж ирээд дуусгачихсан гэсэн үг.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
Э.МӨНХТҮВШИН


































































Сэтгэгдэл
иргэн [66.181.186.49] 2026-02-16 11:25:59
Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэвэл хууль шүүх болоод явчихдаг сонин үзэгдэл байх юм аа, Дүгнэлт хийх хэрэгтэй,
mr [203.98.76.176] 2026-02-16 10:28:31
Z.Enkhbold daraagiin erunhiilegch. beltgegdsen turiin tushee
Кх! [202.126.91.149] 2026-02-16 10:42:16
Яга ш дээ!