Д.Трамп, Ф.Мерц нар уулзжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр буюу мягмар гарагт ХБНГУ-ын Канцлер Фридрих Мерцийг Цагаан ордонд хүлээн авч уулзжээ.
Уулзалтын үеэр хоёр удирдагч Ираны эсрэг явуулж буй АНУ, Израилын цэргийн ажиллагааны талаар хэлэлцэж, Д.Трамп уг ажиллагаанд дэмжлэг үзүүлж байгаад Ф.Мерцэд талархал илэрхийлжээ. Түүнчлэн хоёр улсын худалдааны харилцаа, Украины дайны асуудлыг хөндсөн байна.
Ерөнхийлөгч Д.Трамп Зууван танхимд сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ, Герман улс зарим цэргийн баазаа АНУ-ын зэвсэгт хүчинд ашиглах боломжоор хангаж, "туслалцаа үзүүлж байгаа" хэмээн хэлээд, Их Британи, Испани гэсэн Европын хоёр орны эрх баригчдыг дэмжлэг үзүүлээгүй хэмээн шүүмжилжээ.
Канцлер Ф.Мерцийн хувьд Ираны өнөөгийн дэглэмийг халах тухайд АНУ, Германы эрмэлзлэл ижил байгааг дурдаад, дайн түргэн дуусна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр мөн АНУ, Израилын агаарын цохилт Иранд улс төрийн өөрчлөлт авчирч чадах эсэхэд эргэлзэж буйгаа нуугаагүй бөгөөд энэхүү ажиллагаа нь эрсдэл дагуулж байгааг дурдсан байна.
"Энэ бол эрсдэлгүй төлөвлөгөө биш бөгөөд үүнээс үүдэх үр дагаврыг бид мөн үүрэхээс аргагүйд хүрнэ" гэж тэрбээр уулзалтын дараа сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
Ираны асуудлаарх байр суурь нь Ф.Мерцийн хувьд улс төрийн эмзэг сэдэв болоод байна. АНУ-Израилын ажиллагааг дэмжиж буй нь түүнийг Германд шүүмжлэлд өртөхөд хүргэж болзошгүй байгаа юм.
Тэрбээр өнгөрсөн ням гарагт АНУ-ын агаарын цохилтыг шууд шүүмжлээгүй, мөн олон улсын эрх зүйн үндэслэлгүйгээр хэрэгжүүлсэн гэж үзэж буй шүүмжлэгчдийн талд бүрэн зогсоогүй юм.
Одоогоор АНУ, Израилын талаас мөргөлдөөнд шууд оролцох хүсэлтийг Германы талд тавиагүй байгаа бөгөөд хэрэв тийм асуудал яригдвал Бундестагаас зөвшөөрөл авах шаардлагатай гэдгийг Канцлер Ф.Мерц Ерөнхийлөгч Д.Трампт тайлбарлажээ.































































Сэтгэгдэл