Амбулаторийн үйлчилгээг цахим шилжүүлэггүй авах боломж бүрдлээ
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас иргэн, даатгуулагчдад үзүүлэх тусламж, үйлчилгээг илүү хүртээмжтэй, шуурхай болгох зорилгоор цахим шийдэл, зохицуулалтыг үе шаттай нэвтрүүлж эхэлсэн. Энэ хүрээнд амбулаторийн тусламж, үйлчилгээний хүрээг өргөжүүлж, жирэмсэн эх, хүүхдэд зориулсан илүү уян хатан зохицуулалтыг тусгажээ. Тодруулбал, шинэ журмаар амбулаторийн цогц тусламж, үйлчилгээ болон эрүүл мэндийн байгууллагаас хоёр дахь удаагаа шатлал алгасан авах тохиолдолд анхан шатны эрүүл мэндийн байгууллагын цахим шилжүүлэгтэй бол хамтын төлбөргүй үйлчлүүлэх аж. Харин цахим шилжүүлэг аваагүй тохиолдолд 20 мянган төгрөгийн хамтын төлбөр төлөх зохицуулалт хэрэгжиж эхэлсэн байна.
Тэгвэл хавдар, халдварт өвчин, шүд, амны хөндий, чих, хамар, хоолой, арьс, харшил, нүд, сэтгэц, зан үйлийн эмгэг, осол гэмтэл, мэс засал, диализ, уламжлалт анагаах ухаан, сэргээн засах болон архаг өвчний хяналтын үзлэг, мэс заслын боолт, амбулаториор хийх оношилгоо, ажилбар зэрэг тусламж, үйлчилгээг урьдын адил цахим шилжүүлэггүй шууд авах боломжтой юм. Мөн шинэ зохицуулалтын дагуу 18 хүртэлх насны хүүхдүүд бүх төрлийн тусламж, үйлчилгээг цахим шилжүүлэггүй авах боломжийг бүрдүүлсэн бол жирэмсний хяналтад анх удаа үзүүлэхэд цахим шилжүүлэг шаардлагатай ч, дараагийн шатны үзлэгүүдэд дахин шаардахгүй байхаар уян хатан зохицуулжээ.

































































Сэтгэгдэл