Чингис хааны эш хөргийг 13 жилийн дараа олон нийтэд дэлгэн үзүүлнэ

Aдмин / Энтертайнмент

Тайваний Тайбэй хот дахь Хааны ордон музейд баасан гарагт нээгдэх шинэ үзэсгэлэнгийн үеэр Монголын эзэнт гүрнийг үндэслэгч Чингис хааны эш хөргийг 13 жилийн дараа анх удаа олон нийтэд дэлгэн үзүүлнэ. Уг бүтээлийг Чингис хааны дүр төрхийг хамгийн бодитойгоор дүрсэлсэн хөрөг гэж үздэг бөгөөд Монголын түүхэн ой санамж, үндэсний соёлыг холбосон чухал бэлгэдэл хэмээн тус музейн захирал Шяо Зунхуан онцлон тэмдэглэв. Энэхүү хөрөг нь “Спорт ба ур чадвар: Уран зураг, уран бичлэг дэх бие бялдрын хөдөлгөөн ба ур чадвар” сэдэвт үзэсгэлэнд тавигдах ажээ. Уг үзэсгэлэнд мөн Их Юань Улсыг үндэслэгч Хубилай хаан хүрээлэгчдийн хамт говь цөлд ан ав хийж буйг харуулсан “Хубилай хаан авд мордсон нь” зургийг дэлгэн үзүүлнэ.

Тайбэй хот дахь Улаанбаатарын Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газар даваа гарагт Хааны ордон музейд Чингис хааны эш хөрөгт хүндэтгэл үзүүлэх, мөн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тэмдэглэх ёслолын ажиллагааг зохион байгууллаа.

Уг ёслолд Тайбэй дэх Улаанбаатарын Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүн Т.Ганхуяг, музейн захирал Шяо Зунхуан болон Тайванийн Гадаад хэргийн яамны Баруун Ази, Африкийг хариуцсан газрын ерөнхий захирал Янь Жялян нар оролцов.

Чингис хаан Монголын түүхэн ой санамжийн чухал хэсэг хэвээр байгаа төдийгүй дэлхийн түүх, соёлд гүн гүнзгий нөлөө үзүүлсэн тул тус музей уг хөргийг дэлгэн үзүүлж байгаа нь өндөр ач холбогдолтой хэмээн Т.Ганхуяг хэлсэн үгэндээ онцолжээ. Музейн захирал Шяо Зунхуан тус музей сүүлийн жилүүдэд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Богд Хааны Ордон Музей болон Чингис хаан Үндэсний Музейтэй хамтран ажиллаж байгааг дурдаад, цаашид хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлнэ хэмээн найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Энэхүү үзэсгэлэн есдүгээр сарын 16-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.