Монгол Улсын харьяат хүн ам 3.6 саяд хүрчээ

Aдмин / Орон нутаг

Статистикийн тухай хуульд Хүн ам, орон сууцны тооллогыг 10 жил тутам, завсрын тооллогыг таван жил тутамд зохион байгуулахаар заасан байдаг.

Хүн ам, орон сууцны завсрын тооллогыг холбогдох хууль болон зарчим, зөвлөмжид заасны дагуу бүртгэлд суурилсан аргаар 2025 оны аравдугаар сарын 15-наас арванхоёрдугаар сарын 15-ныг дуустал хугацаанд завсрын тооллогыг зохион байгуулсан билээ. Тэгвэл хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогоор Монгол Улсын харьяат хүн ам 3.6 саяд хүрсэн байна. Энэ нь 2020 оны ээлжит тооллогоос хойш жилд дунджаар 1.4 хувиар өссөн үзүүлэлт юм. Харьяат хүн амаас 3.5 сая орчим нь Монгол Улсад зургаан сар ба түүнээс дээш хугацаагаар оршин суусан бөгөөд үүнээс нь 3.4 сая нь Монгол Улсын иргэд, 35400 нь зургаан сараас дээш хугацаагаар Монголд суусан гадаадын иргэн, 18 нь харьяалалгүй байна. Тэгвэл гадаадад зургаан сараас дээш хугацаанд оршин суугаа Монгол Улсын 201 мянган иргэн байгаа ажээ.

Монгол Улсын хүн амын тоо нь зөвхөн тоон үзүүлэлт бус, харин түүхэн үйл явц, нийгэм, эдийн засгийн хөгжлийн үр дүнг илэрхийлдэг. Монгол Улс 1918 онд хүн амын анхны тооллогыг зохион байгуулснаас хойш нийт 11 удаагийн үндсэн тооллого, хоёр удаагийн завсрын тооллогыг явуулсан байна. Эдгээр тооллогын үр дүнгээс харахад сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын хүн ам даруй зургаа дахин өсжээ. Монгол Улсын хүн амын өсөлтийн хурд тооллого хооронд харилцан адилгүй байсан бөгөөд зарим онд өсөлтийн хурд өндөр, зарим онуудад өсөлтийн хурд удааширсан аж.

Хүн амын тооны өөрчлөлтийг цэвэр өсөлт (төрөлт, нас баралтын зөрүү) болон механик өсөлт (цэвэр шилжилт хөдөлгөөн)-өөр тодорхойлдог. Хүн ам 2010-2020 онд 542.2 мянган хүнээр буюу жилд дунджаар 2.2, 2020-2025 онд 292.9 мянган хүнээр буюу жилд дунджаар 1.4 хувиар өсжээ. 1990-ээд оны эхэн үеэс хойш төрөлтийн түвшин буурч байгаад 2006 оноос төрөлт нэмэгдэн 2014 онд 83 мянга орчим хүүхэд шинээр мэндэлсэн нь төрөлтийн хамгийн өндөр түвшинд хүрсэн жил байлаа. Тооллого хоорондын жилийн дундаж өсөлт 2.2-1.4-д хүрсэн нь 2020-2025 онд нөхөн үржихүйн насны хүн амын эзлэх хувь бага байсан буюу 1989-2000 онд төрөлт буурсантай холбоотойг албаныхан тодотголоо.


Сэтгэгдэл

Кх! [202.126.89.207] 2026-08-26 16:39:35

Тэгээд япончуудын зураг тавьчихдаг нь ЯАЖ БАЙГАА ЮМ??? Монголд иймурт замын зураас байдаггүй биздээ?


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.