У.Хүрэлсүх: Энэ бүх гүтгэлэг худал болохыг нотлохын тулд би ажлаа өгч байгаад нэр төрөө сэргээлгэнэ.

Aдмин / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ тэрээр:

“Сүүлийн нэг сар гаруйн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төр, Ерөнхийлөгчийн институц рүү зарим нэг гэмт бүлэглэлийнхэн эрээ цээрээ алдсан довтолгоо хийж, Ерөнхийлөгчийн нэр хүнд, ард түмний нэр хүндийг гутаан доромжилсон үйл явдал болж байгааг та бүхэн мэдэж байгаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч гэсэн эрхэм хүндтэй албыг хашдаг. Ард түмнийхээ эв нэгдлийг илэрхийлдэг хүн гэдгийг та бүхэн мэднэ. Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдана гэдэг бол ард түмний нэр хүндэд халдаж байна гэсэн үг. Монгол Улсын гадаад харилцаанд халдаж байгаа хэрэг юм.

Улс орныхоо гадаад харилцаа, хамтын ажиллагааг илэрхийлж явдаг хариуцлагатай албан тушаал гэдгийг та бүхэн ойлгож байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүн үнэмшихийн аргагүй, онц ноцтой гэмт хэрэгт гүтгэн доромжилж байна шүү дээ. Ингэж болдог юм болов уу?

Хэсэг чимээгүй явлаа, харлаа. Ерөнхийлөгч юм болгонд хариу өгөөд, бичээд байдаггүй. Ярих юм байна, ярихгүй юм гэж байна. Хариуцлагатай албан тушаал гэдгийг бүгдээрээ мэдэж байгаа.

Монгол Улсад хүн засаглахгүй, хууль засаглана. Хуулийн дор бүгд тэгш эрхтэй байна.

АН-ын бүлэг хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгч үүрэгт ажлаа өгөөд үнэн мөнийг тогтоолгох нь зүйтэй гэсэн шаардлага гаргасан байна лээ. Үүнтэй би санал нэг байгаа. Төрийн тэргүүн үүрэгт ажлаа өгөөд үнэн худлыг тогтоолгох нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байгаа.

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрхэм хүндтэй үүрэгт ажлаа хүлээлгэж өгнө. Миний нэр хүндийг гутаан доромжилж байгаа этгээдүүдийг холбогдох байгууллагад нь өгч, нэр төрөө сэргээлгэнэ гэдгийг хэлэхийг хүссэн юм.

Монгол Улсын гадаад харилцаа сүүлийн жилүүдэд бэхэжлээ. Монголын нэр хүнд олон улсын тавцанд өсөж, өндийж байна. Төрийн тэргүүнээр ажиллах хугацаандаа ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнчээр хүчин зүтгэсэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Янз бүрийн бодлогын алдаа гаргаагүй.

Дэлхийн улс орнууд Монгол Улсыг хүлээн зөвшөөрдөг болсон. Дэлхийн олон улсын төрийн тэргүүн манай улсад төрийн айлчлал хийж, манай улсын нэр хүнд хэрхэн өсөж, тэлснийг сүүлийн таван жилийн хугацаанд та бүхэн олж харсан байх.Би 17 настай байхдаа эх орондоо тангараг өргөж, цэрэг эр болсон хүн. Би одоо офицер хүн. Худлаа ярьж явсангүй, хулгай хийж явсангүй, хуурч мэхэлж явсангүй. Энэ миний үндсэн зан характер. Үүнийг манай ард түмэн ч мэднэ.

Тиймээс үнэн мөний төлөө би ажиллана. Шударга ёс тогтохын төлөө эрхэм хүндтэй үүрэгт ажлаа хүлээлгэж өгч байна. Нэр төрөө сэргээлгэнэ.

Ажиллах хугацаандаа ард түмнээсээ, төр засгаасаа хулгай хийж байгаагүй хүн шүү дээ, би. Харин хулгайд алдагдсан үйлдвэр, баялгийг эх орондоо авчирч байсныг та бүхэн бүгдээрээ мэдэж байгаа байх.

Эрдэнэт үйлдвэрийг авчирч байлаа. Монголросцветмет, Багануур, Бор-Өндөрийн уурхайг хулгайд алдагдсаныг олж авчирч байлаа. Салхитын орд, Мөнгөний орд, Гутайн даваа, Тост, Тосон бумба, Ноён уул гээд манай ард түмний өмч хөрөнгө бусдад алдагдсан байхад нь бүгдийг нь олж авчирч, өнөөдрийн Баялгийн сангийн үндэс суурийг тавьж байсныг та бүхэн санаж байгаа.

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн хугацаанд өргөсөн тангарагтаа үнэнчээр, эх орныхоо төлөө зүтгэж ажилласан гэдгээ зориуд тэмдэглэн хэлэхийг хүсэж байна.

Сайхан иргэн болно. Надад ярих, хөөрөх зүйл их байгаа” гэлээ.

М.Чой


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.