Ард түмэнд “хайр зарлагчид”

Д.Тулга / Улстөр

ganbaatar

“Ноолуур их үнэд хүрч байна, ямаагаа самнана аа хө” гээд УИХ-ын зарим гишүүд маань хөдөө гарчихаж. Орон нутгаар явж ард иргэддээ “хайр зарлаж”, өрөвч сэтгэл гарган гуниг гомдлыг нь сонсож яваа гишүүд цөөнгүй байна. Шинэхэн эмнэлгээ гялалзтал угааж, шинель өмсөн хилийн манаанд зогсож байгаа эрхэм гишүүн ч энэ парламентад байна. Малчны хотон дахь нялх төлийн дууг сонсоод сэтгэл нь уярч, морь унан салхинд давхиж, цас ухаж, зовсон ардын сэтгэлийг ойлгосон дүр үзүүлж “жүжиг” тоглогч олон байна. Тэр ч бүү хэл төл малд “хайр зарлан” үнсэх нь холгүй яваа төрийн түшээ ч байна.

Автобусаар ард түмэнтэйгээ зорчиж, ард иргэдийг бослого тэмцэлд уриалж, дуулж, бүжиглэж авьяасаа үзүүлж байгаа эрхмүүд ч энэ төрд байна. Энэ бүхнээс харахад эрхэм гишүүдийг сонгох ээлжит сонгууль дөхсөнийг илтгэнэ. Харин иргэд тэдний ээлжит нэгэн популизмд итгэсээр...

УИХ-ын намрын чуулган хаалтаа хийснээс хойш гишүүд орон нутагт ажиллаж, хууль сурталчлан, иргэдийн санаа, бодлыг сонсож яваа бололтой. Сүүлийн хэдэн өдөр цахим хуудаснаа эрхэм гишүүдийн ээлжит популизм хийснийг илтгэх зургууд хөврөх болов.

ganbaatar

УИХ-ын гишүүн С.Ганбаатар цас ухаж байгаа зургаа нийтэлж “өрөвдүүлэх” гэсэн боловч шүүмжлэлийн үгсээр булуулав. Суурин газарт цасанд сууж, “Ганбаа хө, цаана чинь зам” хэмээн ангийн нөхөр нь ч гоочлоно лээ.

bolorchuluun

Харин Ц.Даваасүрэн гишүүн хэдэн малчдын ямааг самнаж тус дэм болж яваа сурагтай. Ноолуурын үнэ ханш өндөр байгааг судалж, малчны хотонд ямаа самнаж суугаа аж. Зарим улс төрчид маань гэрт нь очиж гэрийг нь цэвэрлэхээс наагуур юм болж байх шиг. Дорнодоос сонгогдсон Х.Болорчулуун мөн л сонгогчидтойгоо уулзан морин дэл дээр хийсч, нутаг нугынхандаа мэндчилгээ дэвшүүлэн давхиж явна.

baterdene

Үүн дээр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нэмэгджээ. Хэдхэн хоногийн өмнө дуучин С.Жавхлангийн халз мэтгэлцээний багт манлайлан оролцож явсан тэрээр ботго тэвэрч зургаа авахуулан “хайр зарлаад” амжжээ. Энэ мэтчилэн эрхэм гишүүд иргэдийнхээ итгэлийг олж, тэдэнд таалагдах гэж хичээх болсон нь яалт ч үгүй сонгуул ойртсныг илтгэнэ.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.