Никель Ганбаа: Дугуйг согтуу болон гудамжны хүмүүс эвдлэн сүйтгэдэг

Д.Тулга / Орон нутаг

nikel ganbaa

Никель Ганбаа буюу Г.Дашнямтай ярилцлаа.

-ТҮРЭЭСИЙН ДУГУЙН ҮЙЛЧИЛГЭЭГ АРАВДУГААР САРААС ЗОГСООНО-

-Дугуйн түрээсээ анх нийслэлийн арван байршилд эхлүүлж байсан. Одоо хичнээн болж өргөжив?

-Анх 10 зогсоолтой эхлүүлж байсан бол одоо нийслэлийн 17 байршилд зогсоолтой болчихсон байна. Есдүгээр сарын 18-нд дараагийн 100 дугуйгаа гаргахаар төлөвлөчихсөн байгаа. Эхлээд 100 дугуй гаргасан, нийт 200 дугуй гаргахаар төлөвлөсөн. Зогсоолынхоо тоог ч нэмнэ. Ямар ч байсан нийт 20 зогсоолтой болохоор ажиллаж байна даа.

-Энэ ондоо багтаж 43 байршилд 500 дугуй байршуулах төлөвлөгөөтэй байгаа тухай мэдээлэл байсан. Энэ ажил ямар шатанд явж байна вэ?

-Эхлээд цөөн тооны байршилд туршилт маягаар үйлчилгээ явуулж байна. Үүнээс ямар эрсдэл гарах, хэрэглээ нь хэзээ жигдрэх вэ гэдэг хүртэл ажиглалт хийнэ. Түрүүн хэлсэн 200 дугуйны сүүлийн 100-г нь гаргачихаад зогсооно. Ерөнхийдөө дугуй унах улирал ч дуусчихаж байна. Мэдээж хүйтний улиралд энэ үйлчилгээг явуулах боломжгүй болно. Тодруубал, түрээсийн үйлчилгээгээ есдүгээр сарыг дуустал явуулна. Харин аравдугаар сард цаг агаарын нөхцөл байдал ямар байхыг харж байгаад болно. Хүйтрэхээр иргэд ч дугуй унах нь цөөрнө шүү дээ. Тэрнээс биш бүрмөсөн зогсоохгүй.

nikel ganbaa-“UBike” түрээсийн дугуйнуудыг хулгайлах, санаатайгаар эвдлэх, энд тэнд аваачиж хаях, тохиолдол нэлээдгүй гарсан. Монголчуудын хэрэглээний соёлд суралцаагүйгээс үүдэлтэй гэмээр энэ асуудлуудаа та бүхэн хэрхэн, яаж шийдэж, ямар зохицуулалт хийж ажиллаж байна вэ?

-Эрсдэлтэй тохиолдлууд их тулгарлаа. Хүмүүс хэрэглээд суртал цаг хугацаа шаардлагатай байна. Энэ үүднээс бид хүмүүсийг хэрэглэж суртал дугуйныхаа тоог бага багаар нэмэх, аппликейшн дээр шинээр функцууд нэмж ажиллаж байгаа.

-Тухайлбал?

-Зогсоолгүй газар дугуйг орхивол оногдох торгуулийг нэмэгдүүлдэг болж байна. Харин хүлээлгийн горимд торгууль бодогдохгүй. Нэг газар луу орохдоо түгжиж хаяад ажлаа амжуулаад гарч ирнэ гэсэн үг юм. Мөн зориулалт бүхий зогсоолд нь аваачиж байршуулбал дугуй түрээслэх дансанд урамшуулал нэмэгдүүлэх систем бий болж байна. Бүтэн өдрөөр нь түрээслэх горим бас нэмэгдэж байгаа. Олон жил хэрэгжих төсөл учраас эхний үед тодорхой хэмжээний эрсдэлүүд учирч л байна. Хүмүүсийн хэрэглээ болон хэвштэл эрсдэлүүдийг давах шаардлага бий. Хулгайлсан хүмүүсийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Тухайн хүмүүст дараа дараагийн шатны арга хэмжээнүүдийг авч байгаа байх. Санаатайгаар эвдсэн болон дугуй нь хагарсных анзаарахгүй унаад эвдсэн хүмүүс тодорхой хэмжээний төлбөр төлж байгаа.

-Зогсоолоос өөр байршилд аваачиж хаясан хүн хэдэн төгрөгөөр торгуулах, зогсоолд нь байршуулсан хүнд хэдэн төгрөгийн урамшуулал оногдох тухай мэдээллийн тайлбарыг дэлгэрэнгүй хүргэхгүй юу?

-Дугуйн зогсоолууд тодорхой хэмжээний бүстэй. Бүс дотор зогсоолгүй газар дугуйгаа орхивол 2500 төгрөгөөр торгоно. Түүнийг нь өөр хэн нэгэн аваачиж байршуулвал 2000 төгрөгийн урамшуулал дансанд нь орно. Зогсоолоос зогсоолын хооронд явж, журмын дагуу соёлтой үйлчлүүлж байгаа иргэдэд есдүгээр сараас тодорхой хэмжээний урамшуулал мөн бодогдож орохоор төлөвлөж байна. Эхний ээлжинд хэрэглээнээс нь хамаараад 100-200 хүнд урамшуулал олгоно.

nikel ganbaa

-ХИЙГҮЙ ДУГУЙ ХҮНИЙГ БӨӨРНИЙ ДУТАГДАЛД ОРОХОД ХҮРГЭДЭГ-

-Дугуйн түрээсийн үйлчилгээг эх орондоо нэвтрүүлээд хоёр сар өнгөрсөн байна. Энэ хугацаанд хэрэглэгчдийн хандлага ямар хэмжээнд өөрчлөгдсөн бэ. Анх ямар байсан, одоо ямар болсон гэх мэтээр харьцуулалт хийж дүгнэж үзэв үү?

-Харьцангуй өөрчлөгдсөн шүү. Өглөө бүр бид дугуйнуудаа зогсоол бүрт нь цуглуулж байршуулдаг байсан. Зайсангаас Хүүхдийн урлан бүтээх төв, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл буюу захын бүсүүдэд байршуулахад хүмүүс өглөө бүр унаад, хотын төв рүү орох хүмүүс байдаг. Оройдоо төвөөс зах руу яваад байршуулчихдаг. Хэрэглээ харьцангуй тогтворжсон.

-Эд ангиудыг нь алхаар цохиж эвдэх, хулгайлах, энд тэнд аваачиж хаях үйлдлийг ихэвчлэн ямар хүмүүс хийж байна вэ?

-Янз янзын л хүмүүс байна. Эвдэлж байгаад үйлдэл дээрээ баригдсан тохиолдлууд бий. Гэхдээ ихэвчлэн согтуу болон гудамжны хүмүүс эвдэл сүйтгэх нь их байна. Мөн хулгайлаад хашаандаа аваачаад тавьчихсан байсан. Тогтмол хэрэглээд хэвчихсэн хүмүүс эвдэж, хулгайлаад байдаггүй.

-Байршил тогтоогчийг нь эвдээд хулгайлаад аваад явчихсан тохиолдолд дугуйгаа яаж олж авч байна вэ?

-Утсыг нь салгаад эвдээд хаячихсан тохиолдолд гурав хоног сүүлийн байршлаа хадгалдаг. Тэр хугацаандаа буюу гурав хоногийн дотор хаа байгаа газраас нь олоод авдаг.

nikel ganbaa-Хүч хөдөлмөрөө зарцуулж бүтээж байгаа зүйлийг чинь эвдээд байхаар шантрах үе гарч байв уу?

-Алхаар нүдээд эвчихсэн дугуйнууд энд хэвтэж л байна. Дахин ашиглах боломжгүй болгочихсон гэсэн үг. Бид хамгийн гол нь хүмүүст хэрэгцээтэй үйлчилгээг үзүүлж байгаа учраас ухрахгүй. Тоо нь олон болж, хамрах хүрээ нь өргөжвөл үр дүн нь илүү тод харагдах байх. Тэр болтол алхам алхмаар урагшилж байгаа. Тэр хүртэл тодорхой хэмжээний асуудал гарах л байх. Дараагийн есдүгээр сард гаргах дугуйныхаа бэлтгэл ажлыг хийж байгаа. Ирэх хавар бүр олон дугуй гаргаж, хамрах хүрээгээ нэлээдгүй сайн тэлнэ. Тэр үед программын шинэчлэл ч хийгдэнэ.

-Иргэдийг хэрэглээний соёлд хэрхэн яаж суралцуулах, дасгах тал дээр бодож байв уу. Таны хэлсэнчлэн урамшуулал олгох маягаар эмх цэгцгүй байдал жигдэрнэ гэж бодож байна уу?

-Энэ бол хүмүүсийн сэтгэхүйтэй холбоотой л асуудал юм. Зөвхөн дугуйн дээр илрээд байгаа юм биш. Сэтгэлгээгээ соёлжуулах, соёлд суралцах асуудал бий. Тэрнээс биш бид эвдэж сүйтгэснийг нь засч янзлаад л гаргаж болно. Нэгэн хэвийн цикл давтамжид орчихвол гайгүй болох болов уу гэж л найдаж байгаа шүү. Хулгайлах асуудлыг цагдаа нартай хамтарч ажиллаад шийдэж болох юм. Зөвхөн манай дугуй гэлтгүй нийслэлд дугуй хулгайлах асуудал маш их гарч байна. Бүртгэлийн системийг сайжруулбал харьцангуй гайгүй болох байх гэж бодож байна.

-Цагдаад баригдаж торгууль, шийтгэл хүлээсэн тохиолдол хичнээн байна вэ?

-Алга болсон дугуйгаа цагдаад бүртгүүлчихдэг. Үйлдэл дээрээ баригдсан тохиолдол арав орчим бий.

-Хэрэглэгчдээс янз бүрийн гомдол болон шинэ содон санаа болохуйц санал хэр их ирдэг вэ?

-Анх дугуй цөөхөн байхад хүрэлцэхгүй байна, олдохгүй байна гэх гомдлууд их ирж байсан. Одоо харьцангуй олон тоогоор нэмэгдсэн. Хулгайлаад аваад явж байх, эвдээд зогсож байхад хүмүүс олж барьж өгөх, цагдаад шилжүүлэх тохиолдол их гардаг. Дөнгөж гарч ирж байсан үеэ бодвол хүмүүс дэмждэг, мэддэг, хэрэглэдэг болсны илрэл. Манайхан хурдан хугацаанд дасан зохицдог гэдэг нь харагддаг. Мөн нэг хэсэг дугуй нь хагарах тохиолдол их гарсан. Энэ нь хийтэй дугуй хийсэнтэй холбоотой. Хийтэй дугуйг бид эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байлгах үүднээс л хийдэг. Хийгүй дугуй хүнийг бөөрний дутагдалд ороход хүргэдэг. Иймээс бид цул биш мөртлөө хийтэй хагардаг дугуй хийгээд байгаа юм л даа. Хагарсан ч гэсэн янзлаад л буцааж аваачиж тавиад байгаа юм.

nikel ganbaa

-ТУСГАЙ ЗАХИАЛГЫН ДУГУЙН ҮНЭ НЭГ САЯАС ЭХЭЛДЭГ-

-Үнийн хувьд санал гомдол гарч байв уу?

-Нэг цаг нь 500 төгрөг гэдэг бол хямд үнэ. Засвар үйлчилгээгээ өөрсдөө хариуцаж дор бүр нь янзлаад үйлчлгээний эргэлтэд оруулж байна. Мөн өглөө бүр энд тэндээс хурааж цуглуулж байршуулдаг. Энэ үйл ажиллагааны зардалд цагийн 500 төгрөгөөсөө илүү мөнгө зарцуулагддаг.

-Хугарсан рульд холбоос төмөр гагнасан байна. Цаашид дугуй болгоны рулийг холбоос төмөртэйгээр үйлдвэрлэх үү?

-Үгүй. Энэ хугарсан рулийг сэргээн засварласан байдал юм. Ихэвчлэн дугуй анх унаж сурч байгаа хүмүүс унахдаа рулийг нь гэмтээчихээд байгаа нь ажиглагдсан. Энэ холбоосыг дугуй бүрт хийхгүй. Харин дараагийн удаа рулийг арай өөр байдлаар чанартай хийх болно.

-Гурван дугуйтай хүүхдийн жижигхэн дугуй үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа тухай мэдээлэл бий. Хэзээнээс худалдаанд гаргах вэ?

-Худалдаанд гаргах болоогүй. Одоогийн байдлаар зарим эд ангиудыг туршиж хийж үзэж байна. Бид дугуйнхаа суурийг хийж, эд ангиудыг нь бэлнээр авч ирж угсардаг. Харин хүүхдийн дугуйн эд ангийг угсрахгүйгээр хийж үзэх гэж байгаа. Ялангуяа обудийг нь хийх гэж үзээд л байна даа.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэргэнцэр хийж бэлэглэсэн тохиолдол бий. Цаашид тэргэнцэр хийж худалдаалах уу?

-Тэргэнцэр хийхгүй байгаа. Дугуйны улирал дууссан үед буюу өвөл тэргэнцэр цөөн тоогоор хийдэг. Худалдаанд гаргах сонирхол байхгүй. Хааяа бэлэглэх, үнэгүй тараах үйл ажиллагаа зохион байгуулдаг.

nikel ganbaa

-Дугуй үйлдвэрлэх салбарт орж ирээгүй байсан бол өөрийгөө хаана юу хийгээд явж байх байсан гэж боддог вэ. Энэ талаар төсөөлж байв уу?

-Бүү мэд. Ямар ч байсан энэ салбарт орж ирээд нэгэнт эхлүүлчихлээ. Цаашид илүү сайжруулахын төлөө л хичээх байх. Дугуйг хийхээс эхлээд, хүнд хэрэглээ болгох хэмжээнд хүртэл бүхэл бүтэн шат дамжлагатайгаар ажиллаж байгаа. Дан ганц түрээсийн дугуй гэлтгүй, тусгай захиалгаар ганц хувь дугуй хийх тохиолдол бий. Нийгмийн хариуцлагын хүрээнд хотын утаа, түгжрэл арилгах, эрүүл мэндэд тустай үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулан зүтгэж байна. Дараа жилээс илүү сайжруулж ажиллана гэсэн зорилготой байгаа шүү.

-Тусгай захиалгат дугуй хийлгэх санал хэр их ирдэг вэ. Захиалгын дугуйгаа хэдэн төгрөгөөр худалдаалж байна вэ?

-Янз бүр байдаг. Үнэ ханшийн хувьд тоноглолоосоо шалтгаалан нэг сая төгрөгөөс эхэлнэ. Түүнчлэн хэдэн ширхэг хийгдэх вэ, загвар нь ямар байх вэ, ажиллагаа хэр их орох вэ зэргээс ч шалтгаалан янз бүрийн өртөгтэй байна. Жилд дунджаар 50 ширхэгийг хийж байгаа шүү. Энгийн нэг дугуй 560 мянган төгрөгөөр бүтдэг. Бид тухайн хүндээ эвтэйхэн байх талаас нь бодолцоод дугуйгаа үйлдвэрлэдэг.

-Есдүгээр сарын 22-нд “Дугуйтай өдөр” зохион байгуулагдах гэж байна. Энэ өдөр танайхаас ямар үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэж байна вэ?

-Хотын төв цэгт буюу дугуй унадаг ганц газар дугуйнуудаа аваачиж байршуулан, иргэдэд үйлчлэхээр төлөвлөж байна.

П.УРНАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.ТҮШИГ

nikel ganbaa

nikel ganbaa

nikel ganbaa

nikel ganbaa

nikel ganbaa


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.