Хандгайтад болсон золгүй ослын мөрөөр дахин сурвалжиллаа

Д.Тулга / Хууль

Хүүхдүүдийнхээ хамт Хандгайтад чаргаар гулгахаар очоод байхдаа золгүй байдлаар амиа алдсан иргэний талаарх харамсалтай мэдээллийг манай сайт өчигдөр та бүхэнд хүргэсэн. Бид энэхүү мэдээллийг нэхэн сурвалжилсан бөгөөд юу болохыг ч төсөөлөхгүй тоглож наргиж яваад хүний алтан аминд хүрсэн 15-хан настай хүүд ямар ял шийтгэл оногдуулах хуулийн зүйл заалт байдаг талаар албаны хүнээс тодрууллаа.

Цагдаагийн байгууллагын эх сурвалжийн мэдээлж буйгаар, талийгаачийг амиа алдахад хүргэсэн гэх чаргаар гулгаж байсан хүүд Эрүүгийн хуулийн 94-р зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ. Уг зүйлийн 94.1-д “Бусдыг болгоомжгүй алсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заажээ.

Албаны эх сурвалж хэлэхдээ “Цагдаагийн байгууллагаас хуулийнхаа дагуу хүний амь насыг санамсаргүйгээр хохироосон гэсэн үндэслэлээр шалгалтын ажиллагаа хийнэ. Улмаар хэргийг прокурорын байгууллагад шилжүүлнэ. Харин ямар ял шийтгэл оноохыг шүүх, прокурорын байгууллага шийдвэрлэнэ” гэх хариулт өгөв.

Бид хүүгийн гэрийг хайн очсон боловч аав нь хүүгээ дагуулан цагдаагийн газар руу явсан байлаа. Харин гэрт үлдсэн ээж нь “Энэ талаар ямар нэг зүйл яримааргүй байна. Манай нөхөртэй ярь” хэмээсэн юм. Ингээд бид хүүгийн аавтай утсаар холбогдож, дараах зүйлсийг тодрууллаа.

-МИНИЙ ХҮҮ “ШОК”-НООС ГАРААГҮЙ Л БАЙНА

-Таны хүү санамсаргүй байдлаар хүний аминд хүрсэн золгүй явдал гарлаа. Цагдаагийн байгууллагаас танай хүүд эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж мэдээлж байна. Та бүхэн ямар бодолтой байгааг бид сонсох гэсэн юм?

-Миний хүүхэд “шок”-ноос гарч чадаагүй байна. Өнөөдөр хүүгээ дагуулаад, цагдаагийн газар очсон. Өмгөөлөгч авах хэрэгтэй байна. Гандан энэ тэр орж ном уншуулаад явж байна даа. Үнэхээр хэцүү байна, ахын дүү.

-Хохирогчийн ар гэрийнхэнтэй уулзсан уу?

-Уулзаагүй явна. Ямар ч байсан хүн байна даа, талийгаачийн ар гэрийнхэнтэй уулзаж ярилцах хэрэгтэй. Аль аль талдаа маш хэцүү байдалтай байна. Хэргийн мөрдөн байцаалт явагдаж байгаа болохоор ах нь илүү дутуу зүйл ярих бодол алга. Учир нь олдох байх гэж найдаж байна.

-Та энэ золгүй байдлын буруутанг хэнээс, юунаас хайж байна вэ?

-Хандгайтад ямар ч зохион байгуулалтгүй, хариуцах эзэнгүй тэгж гулгаж байгаагаас л хамаг юм болсон. Ганц миний хүүд энэ золгүй явдал таарч байгаа юм биш. Монголын олон сайхан гэмгүй хүнд ийм золгүй явдал тохиолдохыг үгүйсгэхгүй. Тохиолдож ч байгаа байх. Монголын олон мянган хүүхдийн ирээдүй, олон мянган хүний сайн сайхны төлөө анхаарах ёстой асуудал шүү дээ. Ах нь хэрэг явдал шийдвэрлэгдсэний дараа үүний төлөө явах болно.

-ХАНДГАЙТЫН ЦАНЫН БААЗАД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ГАЗАР АЛГА-

Бид Хандгайтын цанын бааз зөвшөөрөлтэй эсэх талаар Сүхбаатар дүүргийн Худалдаа үйлчилгээний алба, МХЕГ-аас тодруулах гэсэн боловч дорвитой мэдээлэл олж сонсож чадсангүй. Тэд уг цанын бааз гэх эмх замбараагүй газарт хяналт шалгалт хийх байгууллага нь биш, хариуцдаггүй гэх утгатай зүйлс ярьж байлаа. Эх сурвалжийн мэдээлж буйгаар манайд стандартын шаардлага хангасан цанын бааз ганцхан “Skyresort” байдаг гэх. Харин бусад нь ямар ч харъяалалгүй уулын бэлд иргэд өөрсдөө дураараа гулгаж байгаа байдал гэх тайлбар өгч буй юм. Өөрөөр хэлбэл Хандгайт бол албан ёсоор зөвшөөрөл авсан цанын бааз огтоос биш тул тэнд чарга түрээсээр зардаг “Янзага” зуслангийн захиргаа л хариуцлага хүлээх болох нь.

Хүний амь нас эрсдчихээд байхад хэрэг явдал болдог өдөр тэнд чарга зарсаар л байсан. Маргааш нь ч гэсэн ажилласан тухай тэнд гулгахаар явсан хүмүүс мэдээлсэн юм. Манай нийслэлийн иргэд хүний амь үрэгдээд байхад тоосон шинжгүй чарганы төлөө урт цуваа үүсгэн зогсож, нас барсан хүний хажуугаар юу ч болоогүй юм шиг гулгацгааж байсан.

Гай газар дороос гэдэг. Хэнд ч ийм золгүй явдал тохиолдохгүй гэх баталгаа Хандгайтад алга. Тиймээс анхаарал болгоомжтой байхад илүүдэхгүй юм.

Б.БУРМАА

Зургийн тайлбар: Хандгайт 2015 оны нэгдvгээр сарын 1-ний өдөр.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:54:17

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:54:17


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.