Р.Жигжид: Гацууртын ордоос 20 хувийг эзэмших нь Монгол Улсын хувьд эрсдэл багатай

Д.Тулга / Эдийн засаг

jigjid

“Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг Уул уурхайн яамнаас УИХ-ын даргад өргөн бариад байгаа билээ. Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших Ноён уулын орчимд Гацууртын орд байрлаж байгаа. Энэхүү орд нь 50-70 тонн алтны нөөцтэй хэмээн яригдаж байна. Үүнийг эзэмших асуудлыг УИХ-аар хэлэлцэж цаашид ашиглах ёстой гэсэн шийдвэр гаргасан билээ. Харин Гацууртын ордыг ашиглах хүсэлтэй “Сентерра Гоулд Монголиа” компани ордыг ашиглаж эхэлснээр 5 хүртэлх тонн алтыг олборлох боломжтой гэдгээ мэдэгджээ. Мөн 10 жилийн хугацаанд олборлолт явуулж гурван их наяд төгрөгийн борлуулт хийнэ, мөн 660 тэрбум төгрөгийн татварыг Монгол Улсад төлнө гэсэн санал тавьсан байна. Харин Монголын төрөөс Гацууртын ордыг Стратегийн ордод хамруулвал хувь эзэмшинэ гэсэн асуудал яригдаж байсан. Нэгэнт Гацууртыг Стратегийн ордод хамруулж ашиглахаар болсон учраас Монголын төр Гацууртын ордоос 20 хувь эзэмших нь зүйтэй юм гэсэн хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна.

Энэ талаар Уул уурхайн сайд Р.Жигжидээс тодрууллаа.

-Гацууртын ордыг 20, 34 хувиар эзэмших судалгаа хийсэн юм байна. Яагаад 20 хувь эзэмших ёстой гэж оруулж ирсэн юм бэ?

-Гацууртын ордын хувьд хувийн хөрөнгөөр эрэл хайгуул хийж тогтоосон орд. Манай боломж бол 34 хүртэл хувь эзэмших бололцоотой. 34, 20 гэдэг хоёр хувилбараар манай ажлын хэсэг судалгаа хийсэн байгаа. 20 хувь нь Монгол Улсын хувьд эрсдэл багатай гэсэн дүгнэлтэд хүрээд өргөн бариад байна. Миний бодлоор хувь эзэмшихээсээ илүү тусгай төлбөр аваад явах юм бол зүйтэй гэж бодож байна. Гэхдээ үүнийг УИХ шийднэ. УИХ-ын чуулганаар Гацууртыг стратегийн ордод хамруулсан. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль батлагдаснаар 20 хувийг төр эзэмших үү, эсвэл түүнтэй тэнцэх хэмжээний татвар аваад явах асуудал нь нээлттэй болох юм. Үүн дээр ажлын хэсэг байгуулж ажиллана.

-20 хувийг төр эзэмшинэ гэхээр 20 хувийн хөрөнгө оруулалтыг манай Засгийн газар гаргана гэсэн үг үү?

-Хамтарсан компани байгуулахдаа Монгол Улсын Засгийн газар 20 хувийн хөрөнгө оруулалт хийнэ. Цаашдаа анхны оруулсан хөрөнгөө нэмэгдүүлэхгүй байхаар компаниас зээл аваад явах боломжтой. Урьдчилсан тооцоогоор 100 мянган ам.долларын хөрөнгө оруулалттай компани байгуулах тооцоо гаргасан.

-34 хувийг төр эзэмшихэд ямар эрсдэл гарна гэж тооцоолсон бэ?

-34 хувийг авахад зээлийн хүүн дээр нэлээд их төлбөр төлөх тооцоо гараад байна. Өөрөөр хэлбэл 34-өөр оролцоод явахаар нийт эрсдэл нь их болж байгаа хэрнээ манайд оногдож байгаа ногдол ашиг нь 20 хувиар авахтай онцын ялгаагүй болж байгаа юм гэсэн хариулт өгөв.

Тус ордыг стратегийн ордод хамруулах үндэслэл нь Монгол орны алтны металлогены мужлалаар Хойд Хэнтийн алтны бүсэд тогтоогдсон томоохон орд, алтны өндөр агуулга бүхий хүдэртэй, ирээдүйд тухайн бүс нутгийн хөгжилд нөлөөлнө, дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн, цаашид ордын хэмжээнд нөөц өсөх магадлалтай зэргийг Уул уурхайн сайд Р.Жигжид танилцуулсан байна. Төсөл нийт 9 жил уурхайн олборлолт, 10 жил үйлдвэрлэл явуулах аж.

Ж.ГАНАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.