Төрийн өмчийг хувьчлах жагсаалтад “Монголын хөрөнгийн бирж” багтжээ

Д.Тулга / Эдийн засаг

birjЗасгийн газрын Хэрэг Эрхлэх газрын дарга С.Баярцогт Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийн тухай тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан билээ. Эрчим хүч, шуудан холбооны салбарт гадаадын болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татаж, төрийн оролцоог бууруулах шаардлага тавигдаж байгаатай холбогдуулан нэмэлт хувьцаа гаргаж, тэдгээрийг нийтэд санал болгох замаар хувийн хөрөнгө оруулалтыг татах аргыг голлон баримталж зах зээлийн шаардлагад нийцсэн бүтцийн өөрчлөлт хийхийг зорилго болгож үндсэн чиглэлийг боловсруулжээ.

Тухайлбал “Дулааны цахилгаан станц-4”, “Дулааны цахилгаан станц-3”, “Дулааны цахилгаан станц-2”, “Дарханы дулааны цахилгаан станц”, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компанийн нийт хувьцаанд төрийн эзэмшил 70 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган Монголын хөрөнгийн биржээр арилжиж, түүнээс орох орлогыг компанийн техник, технологийг шинэчлэхэд ашиглах юм байна. Мөн “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийг бие даасан хуулийн этгээд болгон хувьчлахаар оруулж иржээ. Харин “Диспетчерийн үндэсний төв”-ийг диспетчерийн зохицуулалт хийх арилжааны оператор компани болгон өөрчлөн зохион байгуулах юм байна.

Түүнчлэн “Шивээ-Овоо” ХК, “Багануур” ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцаа 51 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган Монголын хөрөнгийн биржээр арилжих замаар тус компанийн нүүрс олборлох хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник, технологийг шинэчлэх төслийг хэрэгжүүлэх аж.

“Эрдэнэс ТТ” хувьцаат компанийн хувьцааг нийтэд санал болгон арилжаалах, “Оргил рашаан сувилал”-ыг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах, “Кино урлагийн дээд сургууль”, “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”, “Хөдөө аж ахуйн бирж”-ийг хувьчлахаар жагсаалтад оруулсан байна. Мөн “Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит ХХК-ийг дахин үнэлгээ хийж төрийн эзэмшлийн хувийг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлах юм байна.

“Авто импекс” хувьцаат компанийн төрийн мэдлийн хувьцааны доод үнэ дээр Сангийн яаманд төлөх төлбөрийг нэмж нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах, “Монголын цахилгаан холбоо” хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг Солонгосын талд худалдан авахыг санал болгож, татгалзсан тохиолдолд хөрөнгийн зах зээлд нийтэд худалдахаар оруулж иржээ.

“Монгол шуудан” төрийн өмчит хувьцаат компанийн нийт хувьцааны 34 хувьтай тэнцэх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган Монголын хөрөнгийн биржээр арилжиж, орлогыг компанийн үйл ажиллагааг сайжруулах эх үүсвэр болгон ашиглах юм байна.

Мөн “Хөтөлийн цемент шохой” төрийн өмчит хувьцаат компанийн төрийн мэдлийн хувьцааны 10 хувийг “Ажиллагсдад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд үнэгүйгээр эзэмшүүлэх, үлдсэн хувьцааг өр төлбөрийг төлөх нөхцөлтэйгээр хөрөнгө оруулагч талд санал болгон хувьчлах бол “Монголын хөрөнгийн бирж” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зах зээлийн үнэлгээг тогтоон, хувьцааны тодорхой хэсгийг Лондонгийн хөрөнгийн биржид төлөх өрд тооцон хувьцаагаар солих саналыг тавьж, үлдсэн хувьцааг Монголын хөрөнгийн бирж болон гадаадын нэр хүнд бүхий хөрөнгийн биржээр нээлттэй арилжих юм байна.

Уг тогтоолын төслийг УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хэлэлцэж төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулахыг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлсэн юм.

Ж.ГАНАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.