Оюутнууд 70 мянгаасаа татгалзаж, ээжүүдэд боломж олгохыг хүслээ

Д.Тулга / Боловсрол

Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор 2012 оноос хойш өдрийн ангид суралцаж буй бакалавр, магистр, докторын оюутнуудад үндэсний болон урамшууллын тэтгэлэг олгож эхэлсэн. Жилд дунджаар 100 гаруй тэрбум төгрөгийг үндэсний болон урамшууллын тэтгэлэг олгохоор улсын төсөвт тусгадаг.

Сүүлийн гурван жилд нийтдээ 300 гаруй тэрбум төгрөгийн тэтгэлэг олгожээ. Зөвхөн 2014-2015 оны хичээлийн жилийн байдлаар нийт 121224 оюутанд 91.3 тэрбум төгрөгийн үндэсний болон урамшууллын тэтгэлэг олгохоор тооцоолсон аж. Улсын төсөвт ихээхэн дарамт хүндрэл учруулаад байгаа дээрх их мөнгийг бага ч гэсэн хэмнэхийн тулд Монголын оюутны холбооноос нэгэн санал санаачлага гаргажээ. Энэ талаараа хэвлэлийн бага хурал хийсэн юм.

МОХ оюутан, суралцагчдынхаа санал санаачлага болон өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан дараах хэмнэлтүүдийг хийхээр шийдвэрлэж өргөн барьж буй аж. Ингэснээр нийгэм дэх оюутнуудын нэр хүнд өсч, нөгөөтэйгүүр эдийн засгийн хямралтай өнөө үед чухал шийдвэр болно хэмээн үзэж буй юм.

МОХ-ноос дараах саналыг хүргүүлж байна. Үүнд:

1. Сурлагын голчыг 2.0 үнэлгээгээр тооцон олгож байгаа журмын шаардлагыг өөрчлөн 3.0 голч онооноос дээш үнэлгээтэй суралцаж буй оюутан суралцагчдад үндэсний тэтгэлэг олгох. Ингэснээр нийт 62780 оюутанд 48.8 тэрбум төгрөг олгогдох ба 32 тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой.

2. Магистр болон докторын шатлалын сургалтад суралцаж буй суралцагчдад үндэсний болон урамшууллын тэтгэлэг олгож байгааг зогсоох. Ингэснээр 4.8 тэрбум төгрөгийг хэмнэнэ.

3. Сургалтын байгууллагын чанарын түвшинг харгалзах, тавигдах шаардлагыг нэмэгдүүлэх чиглэлээр журмыг шинэчлэн найруулах.

4. Үндэсний болон урамшууллын тэтгэлэг олгохдоо голч үнэлгээнээс гадна тухайн оюутны амьжиргааны төвшин, хагас болон бүтэн өнчин байдал, хөгжлийн бэрхшээлтэй оюутан, орон нутагт суралцагчид, нийгмийн идэвх оролцоо буюу олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон байдал зэргийг харгалзан олгохоор журамд өөрчлөлт оруулах зэрэг саналыг гаргаад байгаа аж.

Үндэсний болон урамшууллын тэтгэлгээс хэмнэсэн мөнгөний тодорхой хувийг оюутан суралцагчдад чиглэсэн бүтээн байгуулалт болон боловсролын шинэчлэлтэй холбоотой үйл ажиллагаанд зарцуулах. Тухайлбал, оюутан суралцагчдад зориулсан нийтийн номын сан, оюутны дотуур байр барих, дэлхийн тэргүүлэх чиглэлийн сургуулиудаас эрдэмтэн багш нарыг урьж ажиллуулах зэрэг саналуудыг мөн давхар хүргүүлж буй юм байна.

-ОДОН АВЧ БАЙГАА ЭЭЖҮҮДЭД БОЛОМЖ ОЛГОХЫГ ХҮСЧ БАЙНА-

МОХ-ны ерөнхийлөгч Д.БАТБАЯР: -Оюутнууд 70.200-даа хайртай. Тэд 70 мянган төгрөгөө аваад үнэтэй брэнд авч гангардаггүй. Өөрт хэрэгцээтэй юмандаа л зарцуулсан байдаг. Энэ тэтгэмж олон өрх гэрт томоос том дэмжлэг болсоор ирсэн нь үнэн.

Гэвч хямралтай өнөө үед энэ мөнгө төрд нэлээд дарамт болж байна. Тиймээс оюутнууд өөрсдөө санаачлага гаргаж сайн дураараа 70.200 төгрөгийн тэтгэлгээсээ татгалзахыг хүсч буй юм. Одоогоор 2.0 голчоос дээш оюутнууд тэтгэмж авч байгаа. Харин үүнийг 3.0 дээш болгосноор олон тэрбум төгрөг хэмнэнэ. Ингэснээр зайлшгүй төрөөс тэтгэмж хүртэх хэрэгтэй хүмүүс, одон авч байгаа ээжүүдэд боломж олгохыг хүссэн юм.

Д.ТҮВШИН


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:57:42

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:57:42


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.