Ц.Элбэгдорж: Мөнх хөх тэнгэр Монгол түмнийг минь өнөд ивээг!

Д.Тулга / Улстөр

ebeМонгол түмний уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, барилга, аж үйлдвэр, мал аж ахуй болон байгаль орчны салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн ордонд өнөөдөр гардуулан өгөв. Шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шагнагдагсдад хандан үг хэлэв. Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ:

“Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг есөн хөлт Их цагаан сүлдний цэнгэн орших хүндэт өргөөнөөс Монгол зон олон Та бүхнийхээ амар мэндийг айлтган мэндчилье. Золбоо хийморийн бэлгэдэл хөх морин жилийн төвөргөөн алсарч, хотлоор жаргах хонин жил айлчлан ирж байна.

XVII жарны модон хонин жилийн босгон дээр эх орныхоо нэрийг даян дэлхийд дуурьсгаж яваа бид бүхний бахархалын эзэн алдар болсон гавьяат тамирчин, мөн хөдөлмөр зүтгэл, бүтээл туурвил, ажил амжилтаараа монголын түүхийг бичилцэж буй багш, эмч, малчин, барилгачин, эрдэмтэн, архитектор, инженер, хилчин, тамирчин, дасгалжуулагч, удирдаач, дархан зэрэг олон салбарын гавьяат үйлсийн эзэн - иргэд маань төрийн эрхэм дээд цол, одон, медаль хүртэж байна.

Япон улсын мэргэжлийн сумо бөхийн дээд зиндааны барилдаанд гучин гурвантаа түрүүлэн, түүхэн шинэ амжилт тогтоосон Дархан аварга Мөнхбатын хүү Даваажаргал Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртэж байна. Монголчууд агуу хүчит аав хүү баатруудтай боллоо.

Нүүдэлчин түмнийхээ өв соёлыг уламжлан, хагас зуу гаруй жил мал маллаж, Улсын чанарын аварга, Улсын сайн малчны болзлыг биелүүлэн, найман хүүхдээ мянгат малчин болгож, олон арван айл өрхийг малжуулсан Төв аймгийн Бүрэн сумын Баянцогт багийн малчин Балжингийн Батпүрэв гуай, сумынхаа анхны мянгат малчин, аймгийнхаа анхны хоёр мянгат малчин, улсынхаа анхны гурван мянгат малчин болж, мал маллах арга ухааны гүнд нэвтэрсэн Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Дэлгэрхаан багийн малчин Доржийн Дашзэвэг гуай нар Гавьяат малчин цол хүртлээ.

Монгол Улсын дархан хилийг хамгаалах, бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах үйлсэд ухамсарт амьдралаа бүрэн зориулж, хилийн 8 отряд, 25 застав, 40 гаруй харуулын байр барих ажлыг гардан удирдсан хурандаа Самбуугийн Самдандовжид гуай Гавьяат барилгачин цол хүртэж байна.

Билгийн улирлын өлзийтэй сайхан энэ өдрүүдэд олон иргэн маань өөр өөрсдийн гавьяа зүтгэлээ төрөөрөө үнэлүүлж байна. Шагнал хүртсэн иргэддээ, тэдний амжилт бүтээлийн ард байсан бүх хүнд чин сэтгэлийн баяр хүргэе.

Монголчууд морин жилийн хатираанд гурван сая дахь иргэнээ угтан авлаа. Бид улам олуулаа болж, Монгол Улс цэцэглэн хөгжиж, даяар Монголын гал голомт өнө мөнхөд мандан бадрахын бэлгэ ерөөл биелэн оршиж байна. Зон олны минь буян өлзий дэлгэрч, үр хүүхэд, өвгөд хөгшдийн маань баяр цэнгэл бялхсан сайхан жил гарч байна. Ирж байгаа хонин жил монгол түмэнд минь ээл ивээлээ хайрлаж улс орны минь урагшлах зам, бүтээх ирээдүй улам өөдрөг байх болтугай. Мөнх хөх тэнгэр Монгол түмнийг минь өнөд ивээг” гэлээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.