Банк дээрэмдсэн залууг орон даяар эрэн сурвалжилж байна

Д.Тулга / Хууль

deerem

-СЭЖИГТНИЙ ЗУРАГ “Sunday” ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ХЯНАЛТЫН КАМЕРТ ҮЛДЖЭЭ-

Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Капитрон банкны “Sunday” тооцооны төвд буутай этгээд орж дээрэм хийсэн билээ. Тодруулбал, “Мартын 8”-ны өмнөх орой 20.31 цагт Капитрон банкны тооцооны төвд орсон этгээд гэнэт буу гаргаж “Байгаа мөнгөө цүнхэнд хийгээд өг” гэж сүрдүүлсэн байдаг. Банкны ажилтан касснаасаа 20 сая төгрөг цүнхэнд хийж буутай этгээдэд өгсөн байна. Залуу мөнгө авсан даруйдаа гарч зугтахад араас нь банкны хамгаалагч, теллер хоёр гудамжаар хөөсөн аж. Сэжигтэн баригдах дөхөх үед цүнхтэй мөнгөө хаяад зугтсан талаар банкны ажилтан ярьсан. Банкнаас 100-аад метр яваад л цүнхтэй мөнгөө хаяад өөрөө зугтсан. Тухайн үед гудамжинд хүмүүс байсан ч хариу үйлдэл үзүүлээгүй гэдэг.

Цагдаагийн байгууллага өнгөрсөн гуравдугаар сарын 7-ноос хойш сэжигтэнг орон даяар эрэн сурвалжилж байна.

СЭЖИГТЭН БАГТАЙ БАЙСАН Ч БАНКНЫ ГЭРЧҮҮД АМ ЗУРГИЙГ НЬ ГАРГАЖ ӨГЧЭЭ

Гэрчүүд банк дээрэмдсэн этгээдийг 30 орчим насных гэж тодорхойлжээ. Мөн өндөр нуруутай, туранхай, нарийвтар сөөнгө хоолойтой аж. Хар савхин хүрэм, цэнхэр жийнсэн өмдтэй, саравчтай хар малгайтай байсан гэнэ. Банк хаах гэж байсан учраас үйлчлүүлэгч байгаагүй аж. Гэхдээ хамгаалагч хаалгаа бариагүй байжээ. Гэнэт өндөр залуу орж ирээд ийш тийшээ харснаа буу гаргаж, заналхийлсэн гэнэ. Тэр залуу өмнө нь орж ирсэн эсэхийг тэнд байсан хүмүүс анзаараагүй бололтой.

“Sunday” худалдааны төвд цаг гаруй эргэлджээ

Гэрчүүдийн гаргасан ам зургийн дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсээс ойр хавьд байдаг дэлгүүр, худалдааны төвүүдийн хяналтын камерыг шалгажээ. Тэгтэл сэжигтэй этгээдийн дүрс “Sunday” худалдааны төвийн хяналтын камерт үлдсэн байна. Мөн Капитрон банкны хяналтын камерийг шүүж үзжээ. Сэжигтэн багтай байсан учраас дүр төрхийг нь банкны хяналтын камерын дүрс бичлэгээр тодорхойлох боломжгүй байсан аж. Банк дээрэмдсэн хэргийн сэжигтэн “Sunday” худалдааны төвийн урсдаг шатны хажууд хэд, хэдэн удаа зогссон нь дүрс бичлэгт үлджээ. Дүрс бичлэг үзсэн гэрчүүд “Банк дээрэмдсэн этгээд мөн” гэж мэдүүлсэн байна. Мөн худалдааны төвийн худалдагчид түүнийг анзаарсан тухайгаа ярьжээ. Сэжигтэн “Sunday” худалдааны төвд цаг гаруй эргэлдсэн гэнэ. Тэгэхдээ эмэгтэй хувцас зардаг лангуугаар яваад байжээ. Түүнийг эхнэр, эсвэл найз бүсгүйгээ баярлуулах гэж мөнгөгүй байсан учраас дээрэм хийсэн гэж таамаглах ч хүн байна. Ямартай ч тэрбээр эмэгтэй хувцастай лангуугаар эргэлдэж, хүн багатай газраар явж байжээ. Тэр өдөр “Sunday” худалдааны төв ачаалал ихтэй байсан бөгөөд худалдагчид нэг их анзаараагүй гэнэ. Таамаглаж байгаагаар тэрбээр 20.00 цаг өнгөртөл “Sunday” худалдааны төвд эргэлдэж, банк хаахыг хүлээж байсан бололтой. Тэндээс гараад арваад минутын дараа банкинд очсон байдаг. Тэгэхээр өмнө нь тооцоолчихсон байж байгаад банк хаах цагт шууд явж очсон бололтой юм.

Хяналтын камерын бичлэгт сэжигтний дүрс үлдсэнийг доор хүргэж байна. Дүрс бичлэгт байгаагаар сэжигтэн өндөр нуруутай, богино үстэй, далий хамартай харагдаж байна. Мөн хар савхин хүрэм дотор улаан өнгийн цамц өмссөн бололтой.

Сэжигтэнг Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар шалгах юм байна. Уг зүйл ангид “Энэ хэргийг давтан, бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, урьд энэ гэмт хэрэгт болон булаах, далайлган сүрдүүлэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, эсхүл зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэсэн, энэ хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

Ц.ӨРНӨХ

www.DNN.MN


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000