ЗАЛУУС: Сошиал ертөнцөд хэт их автах нь сэтгэл гутралд орох гол шалтгаан болдог

Сүүлийн жилүүдэд сэтгэл гутрал хэмээх нэр томьёо залуусын дунд улам бүр түгээмэл сонсогдох болсон. Хэдийгээр сэтгэл гутрал нь бүх насныханд тохиолдож болох сэтгэлзүйн өвчин ч, ялангуяа шилжилтийн нас, оюутан залуусын амьдралын хэв маяг ирээдүйн тодорхойгүй байдал нь энэ өвчнийг өдөөх гол шалтгаануудын нэг болдог аж. Сэтгэл гутрал бол сул дорой байдал биш, харин тусламж хэрэгтэйг илэрхийлсэн дохио юм.
Энэ талаар залуусын байр суурийг сонслоо. Тэд сэтгэл гутралаа хэрхэн даван туулсан бол
Заяа 22 настай: Би сэтгэл гутралд нэг бус удаа орж байсан. Энэ үедээ хөгжим сонсох, хэн нэгэнтэй сэтгэлээ уудалж ярилцах хэрэгтэй юм шиг санагдсан. Мөн бусадтай өөрийгөө харьцуулах хэрэггүй гэдгийг сүүлд л ойлгосон. Бүх хүний амьдралын зам, мөр өөр шүү дээ.
Баттунхаг 23 настай: Сошиал ертөнцөд хэт их автах нь сэтгэл гутралд орох гол шалтгаан болсон. Хүмүүсийн сошиал дахь гоё амьдралыг хараад өөртөөгөө харьцуулж боддог. Энэ үед өөрийгөө үнэлэх үнэлэмж буурдаг. Миний амьдрал нэгэн хэвийн утгагүй юм шиг санагдсан. Энэ үед л ойр дотны хүмүүс намайг ойлгоогүй бол амиа хорлох хэмжээнд хүрэх байсан байх.
Сэтгэл санаагаар унасан үедээ хэт их бодож, илүү хүндрүүлэхгүйн тулд өөрийгөө завгүй байлгаж, цэвэр агаарт алхдаг. Өөрийгөө хайрлаад, өөртөө цаг гаргаад. Илүү их амьдралын идэвхтэй болоод ирэхээр арай өөрөөр бодож сэтгэж, байгаа зүйлдээ талархаж эхэлсэн.
Хуншагай 26 настай: Амьдралын хэв маяг маань сэтгэл гутралд орох шалтгаан болсон. Нэгэн хэвийн ажиллаад л байдаг. Хураасан мөнгөгүй яг сарынхаа хэрэгцээнд тааруулж ажиллаж байгаа юм шиг. Гэтэл үеийн нөхөд маань гадаад, дотоодоор явах. Санхүүгийн эрх чөлөөнд хүрчихсэн. Үр хүүхэд гэр бүлтэй болчихсон. Өөрийн дураар амьдарч байгаа юм шиг. Би л хоцроод байгаа юм шиг санддаг байсан. Гэхдээ асуудалгүй хүн гэж юу байхав. Мөн сэтгэл гутралд орсон үедээ тамхи татаж, ганцаараа байж илүү тайвширч, түүнээсээ гарахыг хичээдэг. Хэн нэгэнтэй харилцаж, тусламж, зөвлөгөө авахаас төвөгшөөдөг.
Болд 20 настай: Миний бодлоор өнөө үед сэтгэл гутрал үүсч байгаа нь нийгэмтэй шууд холбоотой. Яагаад гэвэл сошиал медиа, техник технологи хөгжөөгүй үед амьд харилцаа илүү их байсан. Одоо бол цахим хэрэглээ, өөрийгөө хэн нэгэнтэй харьцуулах, цахим дээрэлхэлт, гадуурхал зэргээс шалтгаалан хүмүүс сэтгэл гутралд их өртөж байгаа. Каринтины үеэр надад найзуудтайгаа уулзаж чадахгүй байх үед сэтгэл гутралын шинж тэмдгүүд илэрч байсан. Дотроо ямар нэг зүйл нуухгүйгээр хүмүүстэй нээлттэй ярилцаж, ахтайгаа ярилцсаны үр дүнд гайгүй болж байсан. Бусадтай сайн ярилцаж, ойлголцох нь сэтгэл гутралаас гарах хамгийн ойрын зөв арга гэж боддог. Энэ нь хувь хүний онцлог, мөн чанараас шалтгаалан зарим хүмүүс хэт дотогшоо, дотроо хэцүү байгаа асуудлаа удаан хадгалснаас сэтгэл гутралын шинж байдал илүү хурцаддаг гэж боддог. Мөн бусад хүмүүст хэлэхэд хэцүү нууц асуудлаа тэр бүр ил гаргаж, илэн далангүй ярилцдаггүй.
Сараа 24 настай: Ямар нэгэн хэцүү зүйл тохиолдож, түүнийгээ хүндээр тусган авахыг сэтгэл гутралын эхэн үе гэж боддог. Найзуудтайгаа муудалцах, хайртай хүнээсээ салах үед ойр дотны хүмүүс маань их сэтгэл гутралд ордог. Миний хувьд ганцаараа байж, дуу сонсож, өөртөө тайван таатай орчин бүрдүүлж, чимээгүй газар байх нь сэтгэл гутралаасаа гарахад тусалдаг. Ер нь илүү дотогшоогоо хүмүүс сэтгэл гутралаасаа гарахад илүү хүндрэлтэй байдаг юм шигсанагддаг. Хэн нэгэнтэй мэдрэмжээ хуваалцахгүй, дотроо бугларуулсаар байгаад өөрт нь илүү хүндээр тусаж цаашлаад амиа хорлоход ч хүрэх тохиолдлууд байдаг.
21 настай Нандиа: Одоо үед хүмүүс маш их сэтгэл гутралд өртөж байгаа. Учир нь хүмүүс анхнаасаа хэт их төвлөрсөн, маш завгүй байхаар зориулагдаагүй буюу өнөөгийн нийгэмд дасан зохицоход хүндрэлтэй байдаг. Хичээл сургуулиас эхлээд л маш их дарамт, шахалт олон зүйлээс шалтгаалан сэтгэл гутралд ордог. Шалгалттай үедээ маш завгүй, дэлгэц ширтэн суух нь ч надад хэцүү байдаг. Энэ бүхний дараа найзуудтайгаа уулзаж, сэтгэлээ уудлан ярих нь надад маш чухал санагддаг. Миний найзуудын хүрээлэлд бүгд л өөр өөрийн гэсэн асуудалтай, сэтгэл гутралын их бага шинжүүд байдаг, гэхдээ бид заримдаа бие биедээ ярьж, хуваалцлаа ч сонсож өгөхөөс илүү зүйл хийж чадахгүй байгаа нь маш хэцүү санагддаг.
Золзаяа 19 настай: Гэр бүл, найз нөхөд, өсвөр насны хайр дурлалаас шалтгаалан миний үеийнхэн олон төрлийн сэтгэл гутралд өртдөг. Би сэтгэлд гутралд орох үедээ илүү тайван байж, байдалтайгаа эвлэрэн, хүлээн зөвшөөрч даван туулахыг хичээдэг. Хэн нэгэн, дотны хүмүүс, ээж эгчтэйгээ ярилцах нь маш чухал гэж боддог. Заримдаа дотны хүмүүсдээ ч хэлж болохгүй асуудалд орсон үедээ үүнээсээ гарахад маш хэцүү байдаг, яахаа мэдэхээ байчихдаг. Мөн ичимхий, чимээгүй байдлаасаа асуудлыг илүү хүндрүүлдэг юм шиг санагддаг.
Учрал 25 настай: Гэр бүл, найз нөхдийн харилцаа, хийж чадаагүй зүйлсээс шалтгаалсан асуудлуудаа хадгалсаар, хэн нэгэнд илэрхийлж чадахгүй байсаар сэтгэл гутралд ордог. Миний хувьд маш нээлттэй учраас, ойр дотны хүмүүстэйгээ цаг тухайд нь ярилцаж ойлголцож чаддаг учраас харьцангуй сэтгэл гутралд өртөх нь бага байдаг. Маш дотогшоо, зөвхөн өөртөө л итгэдэг, найддаг хүмүүс эсвэл ойр дотны итгэж болох хүмүүс цөөн хүмүүс илүү хүнд хэлбэрийн сэтгэлд гутралд өртдөг юм шиг санагдсан.
М.СИЙЛЭН
Сэтгэгдэл