СУРВАЛЖИЛГА: Монголын пауэрлифтинг дэлхийд ноёлно

Монгол Улсын equipped пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах 19 дэх удаагийн тэмцээн Дорноговь аймгийн Сайншанд хотын Спортын цогцолборт өнгөрсөн долоо хоногт амжилттай болов.
Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар, Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооноос хамтран зохион байгуулсан энэхүү тэмцээнд Хэвтээ шахалтын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцогчдоос хамгийн өндөр амжилт үзүүлсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Паралимпийн алт, мөнгө, хүрэл медальт, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурван алт, дөрвөн мөнгөн медаль, Дэлхийн цомын зургаан удаагийн аварга, Э.Содномпилжээ тэргүүтэй тив дэлхий, улсын аваргууд болон зочид, төлөөлөгчид хүрэлцэн иржээ.
"Си Эм Кингс" ХХК-ийн ивээн тэтгэж буй тус тэмцээнд нийт 18 аймгийн 200 гаруй тамирчин оролцож, хүчээ сорьсон юм.
Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Б.Бат-Эрдэнэ тэмцээний нээлт дээр хэлсэн үгэндээ "Эрхэм хүндэт бяр хүч нь тэгширсэн, 18 аймаг, есөн дүүргийн Монгоы шилдэг хүчтэнүүд, Монгол Улсад сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд амжилттай, эрчимтэй хөгжиж буй хүчний гурван төрөл буюу пауэрлифтингийн баг тамирчид та бүхний өглөөний амгаланг айлтгая.
Монголлын пауэрлифтингийн нэгдсэн холбоо, Дорноговь аймгийн ЗДТГ-тай хамтран энэ жилийн зорилтот хөтөлбөрийн хүрээнд тэмцээнүүд хамтран зохион байгуулж байна. Энэхүү тэмцээний нэг нь өнөөдөр Спортын цогцолборт явагдаж буй, Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн юм.
Энэ удаагийн тэмцээний зорин ирсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Паралимпийн аварга Э.Содномпилжээ болон мөн дэлхийн аваргууд холбооны төлөөлөл, шилдэг тамирчид та бүхэндээ дахин спортын амжилт хүсье.
Дорноговь аймаг сүүлийн жилүүдэд энэ баг тамирчид, спортынхоо тамирчдын амжилтыг урамшуулах, баг тамирчдын амжилтыг ахиулах зорилгоор бодлогын олон шийдлийг дэвшүүлэн, амжилттай дэмжин ажиллаж байна.
Тухайлбал, өнгөрсөн 2024 онд гэхэд Дорноговь аймгийн баг тамирчид багийн спорт болоод олимпийн болоод олимпийн бус үндэсний спортын төрлүүдээр нийтдээ улс бүс, тив дэлхийн чанартай тэмцээн уралдаануудаас нийтдээ 328 төрлийн багц медалийг авсан сайхан амжилтыг үзүүлээд байна.
Энэ агуулгын хүрээнд Дорноговь аймгийн ЗДТГ болон Дорноговь аймгийн нутгийн удирдлагаас өнгөрсөн жилийн баг тамирчдынхаа амжилтыг урамшуулах зорилгоор 389 тамирчиндаа 98.5 сая төгрөг, мөн 300 орчим сая төгрөгийн дэмжлэгийг тэмцээн уралдаан зохион байгуулахад ззарцуулсан гэдгийг энэ дашрамд дуулгахад таатай байна.
Энэхүү тэмцээнд оролцож буй та бүхэндээ спортын өндөр амжилт хүсэн ерөөе. Мөн оролцож буй, зохион байгуулж байгаа баг бүрэлдэхүүнд ажлын амжилт хүсэн ерөөе. Ирээдүйн дэлхий, тив, олимпийн аваргууд энэхүү төрлөөс дахин дахин төрөн гарах болтугай гэж хүсэн ерөөе. Дорноговь нутгаас минь ирээдүйн энэхүү тэмцээнээс спортын манлай тамирчид, манлай амжилтын эзэд төрөн гарна гэдэг итгэлтэй байна” гэв.
Их соён гийгүүлэгч Д.Данзанравжаагийн нэрэмжит “Саран хөхөө” чуулгын гоцлол дуучин Д.Анхбаяр “Төрийн дуулал”-ыг эхлүүлж, хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид, тамирчид хүндэтгэлтэйгээр түрэн дууллаа.
Хөтлөгчийн нэрлэснээр, Архангай, Орхон, Сэлэнгэ, Говь-Алтай, Алтанбулаг, Төв, Хөвсгөл зэрэг 18 аймгийн “Strong”, “Пауэр хост”, Багануур Уурхайчин, “Тайхар” зэрэг клубуудын тамирчид энэхүү тэмцээнд хүч чадлаа сорихоор хүрэлцэн иржээ.
Монголын пауэрлифтингийн холбооны ерөнхийлөгч, Зүүн Ази хариуцсан ерөнхийлөгч Д.Баттулга тэмцээнийг нээж үг хэлж, тэмцээнд хүрэлцэн ирсэн болон нийт оролцогчиддоо амжилт хүсэв.
Дорноговь аймгийн ПХ 2024 онд Мастеруудын дэлхийн аваргааснэг алтан медаль, Улсын аварга шалгаруулах тэмцээнээс Д.Алтанхуяг, Б.Батсайхан, н.Нанзаддорж, н.Ариунжаргал нар алтан медаль, Д.Энхбаатар мөнгөн медаль, Н.Чулуунчөдөр, н.Ганбилэг нар хүрэл медаль тус тус хүртсэн бахдам амжилтыг үзүүлжээ.
Хөтлөгч энэхүү мэдээллийг дамжуулаад, “Монголын пауэрлифтинг дэлхийд ноёлно” хэмээн хэлсэн юм.
Энэхүү тэмцээний нээлтийн арга хэмжээ тамирчдад спортын цол, зэрэг гардуулснаар үргэлжлэв. Шагналыг Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, Дорноговь аймгийн ЗДТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ, ПНХ-ны ерөнхийлөгч Д.Баттулга нар гардуулан өглөө. Үүнд:
Монголын үндэсний олимпийн хорооны "Алтан медаль"-иар Өвөрмонголын ӨЗО-д пауэрлифтингийн спортыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй, Эрээн хотын "Парадайз" клубын захирал Х.Наранбаяр, мөн Н.Баярцолмон, Б.Бямбасүрэн, техникийн шүүгч Б.Мөнхзул наыг тус тус шагнав.
Монголын үндэсний олимпын хорооны Тэргүүн шагнал “Алтан очир” одонг Дэлхийн аварга, Ази, Африк, Номхойн далайн гурван тивийн аварга, ОУХМ С.Мөнхзулд гардууллаа.
Биеийн тамир спортын тэргүүний ажилтан цол, тэмдгээр Ш.Сапар, Б.Бямбабаяр, Б.Сарнай, Б.Цэлмэг, Н.Чулуунчөдөр, Б.Адъяатөмөр нарыг шагнаж урамшууллаа.
Спортын олон улсын хэмжээний мастер цол, тэмдгээр Э.Цэлмэг, Г.Отгонтуяа, нарыг шагнав. Мөн спортын мастер цол тэмдгээр Э.Баттулга, М.Даш, Г.Отгонбаяр, С.Батзориг нар энгэрээ мялаалаа.
Спортын дэд мастер цол, тэмдгээр Ц.Сайнжаргал, Н.Баттулга, Г.Батцэцэг,А.Хатанбаатар, Ч.Амарбаяр, А.Амарбаяр, Ш.Энхтөгөлдөр, Б.Нандин-Эрдэнэ, М.Билгүүн, Г.Анх-Эрдэнэ, Б.Мөнх-Эрдэнэ, Д.Ганбат нар шагнуулав.
Түүний дараа Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, “Саранхөхөө” чуулгын гоцлол дуучин, жүжигчин Ч.Одондэмбэрэл тэмцээнд оролцож буй нийт тамирчид, зочид төлөөлөгчдөд амжит хүсэн, “Гоё шүү дээ” дуугаараа, мөн “Соёмбо хамтлаг” ая дууны мэндчилгээ дэвшүүлснээр нээлтийн үйл ажиллагаа өндөрлөв.
“МОНГОЛ УЛСАД ИРЭХ ЖИЛ ПАУЭРЛИФТИНГИЙН ААШТ ЗОХИОН БАЙГУУЛАХАД БЭЛЭН БАЙНА”
Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Д.БАТТУЛГА:
-Өнөөдөр хүрэлцэн ирсэн нийт тамирчиддаа, зохион байгуулах ажилд маш хариуцлагатай хандсан Дорноговь аймгийн ЗДТГ, Дорноговь аймаг дахь Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны тэргүүн Мөнхзул болон Дорноговь аймгийн нийт хамт олондоо Монголын пауэрлифтингийн холбооны шүүгч, техникийн албаны шүүгчиддээ, пауэрлифтингийн холбооны дэд ерөнхийлөгч нартаа, хүрэлцэн ирсэн бүх клубын асгалжуулагчид, тамирчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе.
2003 онд анх пауэрлифтингийн спорт үүсч бий болж байхад бид найзуудаараа нийлээд анх үүсгэж байлаа. Тэгэхэд пауэрлифтингийн спортыг хэн ч мэддэггүй байлаа.
Өнөөөр МПНХ 21 аймаг, бүх суманд харъяалалтай байна. Жишээ нь, Төв аймгийн Жаргалан сум гэхэд Пауэрлифтингийн клубтэй байж байж байна шүү дээ. Монгол Улсын хууль сахиулах бүх байгууллага пауэрлифтингээр хичээллэж байна.
Мөн дунд сургууль, тухайлбал Улаанбаатар импати сургууль спортын хөтөлбөртөө энэ жилээс оруулсан байна.Бид сар, жил, өдөр, хоногоор өсөн тэлж, улам олуулаа болж хөгжсөөр байна. Олон улсын маш олон тэмцээнийг эх орондоо зохион байгуулж байна.
Ирэх жил бид Пауэрлифтингийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион явуулахад бэлэн байна. Бид бүхний хийж байгаа ажил бүгдээрээ үр дүнтэй явагдаж байна.Энэ бол бид шударга, зарчимтай ажилладаг багийн зарчмаар явдаг хамт олны систем бид бүхний бахархал юм.
Энэ бол та нарын, үнэхээр холбоогоо гэж яваа, тамирчин дасгалжуулагч, клубүүдийн маш их хүчин чармайлт байгаа шүү. Баярлалаа. Пауэрлифтинг мандтугай.
-МАНАЙ АРХАНГАЙ АЙМАГТ ПАУЭРЛИФТИНГИЙН СПОРТЫГ СОНИРХОЖ ХИЧЭЭЛЛЭДЭГ МАШ ОЛОН ХҮҮХЭД БИЙ-
Архангай аймгийн 3 дугаар 10 жилийн 12 дугаар ангийн сурагч Н.Даваа:
-Би улсад анхныхаа тэмцээнд оролцож байна. Ноднин жил аймгийнхаа аваргад амжилттай оролцож, шахалтаас хүрэл, хэвтээгээс хүрэл медаль авсан. Улсын аваргын энэ удаагийн тэмцээнээс шахалтын төрөлд хүрэл медаль авсан. Таталтын төрлөөр нийлбэр дүнгээр дөрөвдүгээр байранд орсон.
Энэ спортоор хичээллэснээр тэсвэр хатуужилтай болно.Бүх талаараа эрэгтэй хүүхдэд хэрэгтэй спорт гэж боддог. Манай Архангай аймагт энэ спортыг сонирхож хичээллэж байгаа маш олон хүүхэд бий. Үеийнхэндээ хандаж фитнессээр, мөн пауэрлифтингээр хичээллээрэй, биеэ хөгжүүлээрэй гэж хэлье. Би эцэг эхээс дөрвүүлээ, айлын том хүүхэд. Биеийн тамирын багш дасгалжуулагчаар сурна гэж бодож байна.
-ПАУЭРЛИФТИНГИЙН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЭД ӨӨРТӨӨ
МАШ ИХ ИТГЭЛТЭЙ БОЛСОН-
Орхон аймгийн 14-р сургуулийн 12 дугаар ангийн сурагч Д.Сумъяа:
-Энэ тэмцээнд хамгийн сайнаараа оролцоно гэж бодож байсан. Санасандаа хүрч чадсангүй. Шахалтын төрөлд алт авсан. Нөгөө хоёр төрөлд мөнгө, хүрэл медаль авсан. Пауэрлифтингийн спортоор жил гаруйн өмнөөс хичээллэсэн.
Миний багш Дэлхийн хошой аварга Ууганбаяр. Энэ спортоор хичээллээд өөртөө маш их итгэлтэй болсон. Одоо би 12 дугаар ангид сурдаг. Цаашдаа спортоороо дагнан суралцах бодолтой байна. Энэ жилийн тэмцээнд Дорноговьд, их гоё болж байна.
-ӨСВӨРИЙН -74 КГ ЖИНД ӨРСӨЛДӨӨД, БҮХ ТӨРӨЛД ТҮРҮҮЛЛЭЭ-
Орхон аймгийн Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн 12-ын Б ангийн сурагч Г.Тэмүүн:
-Би пауэрлифтингийн спортоор гурав дахь жилдээ хичээллэж байна. Анх фитнессээр хичээллээд, пауэрлтифтингийн аймгийн аваргад ороод түрүүлж байсан. Тэндээсээ урам аваад, үргэлжлүүлээд хичээллэдэг болсон. Бүх спорт ямар нэгэн ач холбогдолтой. Пауэрлифтингийн спорт тэсвэр хатуужил суулгадаг. Хүнд төмөр өргөж, тэсвэр хатуужилтай жинхэнэ эр хүн болж төлөвшихөд тулгуур болдог гэж боддог.
Өсвөрийн -74 кг-ын жинд өрсөлдөөд, дөрвөн төрөлд дөрвүүлэнд нь алт авлаа. Спортын төрөлд хоёр удаа рекорд тогтоосон. Орон нутагт зохион байгуулагдаж, өөр аймаг үзээд сайхан байна. Би өмнө жил Улсын аваргад 66 кг-ын жинд өрсөлдсөн. Манай гэр бүлд спортын хүн байхгүй ч намайг маш их дэмждэг.Тийм учраас ч амжилттай яваа болов уу гэж бодож байна. Гэр бүлийн дэмжлэггүй бол хэцүү байх аа.
-ПАУЭРЛИФТИНГИЙН СПОРТ ЦААНААСАА Л ГОЁ АЗ ЖАРГАЛТАЙ БОЛГОДОГ-
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р сургуулийн 12-а ангийн сурагч Т.Отгонжаргал:
-Энэ спортоор хичээллээд хоёр жил болж байна. Энэ хугацаанд аймгийн аварга, улсын аварга болж байна. Улсын аваргад таталтын төрөлд алтан медаль авлаа. Анхны тэмцээн аймгийн аварга шалгаруулах тэмцээн байсан. Маш их сандарсан. Одоо ч гэсэн сандрал дээд цэгтээ тулчихсан хэвээр байна. Гэхдээ хичээллээд багагүй хугацаа өнгөрсөн учраас өөрийгөө тайвшруулах аргаа мэддэг болсон.
Энэ спортын төрлийг маш сонирхолтой байдлаар сонгож байсан. Би ийм спорт байдаг гэж мддэггүй байсан. Манай найз жимд явна гэхээр нь хамт явъя гээд явсан. Тэгээд багш ийм спорт байдаг гэдгийг хэлж өгч, би шууд шийдээд орсон. Манай аймагт энэ спортоор хүмүүс маш их хичээллэдэг. Аймгийн, улсын аваргаас дутахааргүй хүүхдүүд ирдгээрээ маш их онцлогтой.
Улсын аваргын тэмцээн маш хариуцлагатай, шүүгчдийн хувьд маш нягт нямбай гоё тэмцээн боллоо. Энэ спортоор хичээллэхэд маш их тэсвэр тэвчээр шаарддаг. Эхэндээ хөлдөө зөөлөн эдийн гээд маш олон гэмтэл авч байсан. Тэгсэн хэрнээ цаанаасаа л маш гоё аз жаргалтай болгодог.
Хэцүү үед хамт байсан ганц зүйл минь хүнээс илүү надад гантель байсан. Тийм учраас энэ спортод илүү шимтэн дурласан. Манай ээжийн талынхан бүгд спортын хүмүүс. Спортын дэд мастер бий. Миний төрсөн эгч таталтын олон улсын хэмжээний мастер. Үеийнхэндээ спортоор хичээллэхэд оройтоогүй шүү.
Спорт гэдэг үргэлж боломж байдаг. 99 хувь нь хөдөлмөр, ганцхан хувь нь авьяас. Би ээждээ маш их баярлаж явдаг. Намайг бүхий л цаг хугацаанд туйлдаа хүрээд уйлаад сууж байсан ч ганцхан ээж минь л дэргэд байсан. Ганц хүн л намайг ойлгосон. Тэр хүн бол миний ээж байсан.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [66.181.186.201] 2025-05-09 00:12:35
Үнэхээр шударга спорт бахархмаар.Манай тамирчид мундаг байнаа.Монголын тамирчдыг дэлхий мэддэг боллоо.Дэлхийн аваргын тэмцээнийг үзлээ.Мөнхзул.Сайфолла үнэхээр бяртай байнаа.Амжилт хүсье.
Powermen [202.126.89.113] 2025-05-08 17:42:05
Manai powerliftinggiin holboo mundag shuu sport maani uneheer goy shuu saihan sport goy hamt olon