Ц.Хашбаатар: Хуулийн байгууллагад гаргасан гомдол хэрхэн шийдвэрлэгдэж байгааг цахимаар хянах боломжтой

Н.Алтанцэцэг / Хууль

Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын нэгдсэн мэдээллийг иргэдэд хүргэх E-JUSTICE.mn портал сайт удахгүй нээгдэх гэж байна. Тус сайт 2020 оны зургаадугаар сарын 15-наас албан ёсоор ажиллаж эхлэх юм. Энэ талаар УЕПГ-ын Бүртгэл, мэдээллийн технологийн албаны дарга, ахлах прокурор Ц.Хашбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Хуулийн байгууллагууд нэгдсэн мэдээллийн сантай болж байгаа юм байна. Өмнө нь мэдээлэл ямар шат дамжлагаар явдаг байсан бэ. Мэдээлэл өгдөг хүмүүсийн ачаалал хэр байсан бол?

-Урд өмнө нь иргэд прокурорын газар болон цагдаа, шүүхийн байгууллагын мэдээллийн ажилтантай холбогдож мэдээллээ авахаас гадна мөн хэргийг хянан шийдвэрлэж байгаа мөрдөгч, прокурор, шүүгчтэй биечлэн уулзаж мэдээлэл авч байсан. Эдгээр хуулийн байгууллагууд дундаа нэг л мэдээллийн ажилтантай. Бүх иргэдтэй холбогдож мэдээлэл өгнө гэдэг хүндрэлтэй ажил. Харин одоо иргэд мэдээллээ E-JUSTICE.mn портал сайт болон өөрийн гар утсаар авах боломжтой болж байгаа.

-Цахим системд иргэн бүртгүүлэх тохиолдолд нэвтрэх болгондоо утасны дугаарт код ирж байж нэвтрэх үү?

-Ерөнхийдөө нэг удаагийн кодоор нэвтэрнэ. Иргэн цахим системд нэвтрэхэд хөндлөнгийн хэн нэгэн этгээд ямар ч хамааралгүй. Гомдол гаргасан, эсвэл хохирсон иргэн, аль эсвэл гэмт хэрэгт холбогдсон этгээд өөрийн мэдээллийг авах бололцоотой. Мөн гар утасны дугаар нь заавал өөрийн нэр дээр бүртгэлтэй байх ёстой. Ингэж байж үүрэн телефоны оператороос бүртгэлтэй гар утсанд нь нэг удаагийн нэвтрэх код очно. Тухайн кодыг хийснээр цахим системд нэвтэрнэ.

-Гэмт хэрэгт холбогдоогүй энгийн иргэн мэдээлэл авахаар орох боломжтой юу?

-Ямар ч боломж байхгүй. Учир нь хэрэг болгон дээр гомдол гаргадаг. Хохирогч, гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдийг регистрийн дугаараар нь иргэдийн бүртгэл мэдээллийн системээс татаж авч бүртгэдэг. Иймээс тухайн системд бүртгэгдсэн иргэнд л мэдээлэл харагдана.

ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ШИЙДВЭР, ҮЙЛ АЖИЛЛАГАА ИРГЭНД НЭЭЛТТЭЙ БАЙХААР ХИЙГДСЭН

-Цахим системээс ямар мэдээллийг авах боломжтой вэ?

-Иргэн цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар хуулийн байгууллагуудтай харилцаж эхэлдэг. Ингээд хуулийн байгууллагад очих шаардлага үүсдэг. Цагдаагийн байгууллагад гомдол гаргаад тухайн гомдол нь хэрэг бүртгэлийн шатанд явж байна уу, мөрдөн байцаалтын шатанд явж байна уу түүний дараа прокурор хянаад шүүхэд шилжүүлсэн үү, шүүх хэрхэн шийдэж байна гэдгийг цахимаар хянах боломжтой болох юм. Энэ бол гомдол гаргасан, хохирсон эсвэл гэмт хэрэгт холбогдсон иргэдэд зориулсан мэдээллийн сайт.

-Тэгэхээр иргэн болгон дээр мэдээллийн сан үүсч байгаа гэсэн үг үү?

-Үгүй. Нэгдсэн сан бий болчихсон байгаа. Энэ нэгдсэн сангаас регистрийн дугаараар мэдээлэл нь тухайн иргэнд харагдана.

-Цахим сайтаар дамжуулж гомдол гаргаж болох уу?

-Одоогийн байдлаар гомдол гаргах боломжгүй. Гомдлыг хүлээж авдаг процесс нь Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулагддаг.Энэ дагуу иргэн гомдлоо амаар, бичгээр, утсаар цагдаа, АТГ, Тагнуулын газарт гаргадаг.

ТУС ЦАХИМ САЙТАД 2017 ОНOOC ХОЙШХИ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН МЭДЭЭЛЛҮҮД БАГТСАН

-Он гарснаас хойш хэчнээн өргөдөл ирсэн бэ?

-Эхний хагас жилийн байдлаар 30 мянга орчим гомдол мэдээлэл хуулийн байгууллагад ирж, шалгагдсан. Үүнээс 6662 хэргийг шүүхэд шилжүүлээд байна.

-Хуулийн байгууллагад хандсан иргэдийн мэдээлэл хэдэн оноос хойш байгаа бол?

-Энэхүү мэдээллийн санд Шүүх, Прокурор, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Улсын бүртгэлийн газрын иргэний мэдээллийн сан, Үндэсний дата төвийн системүүд холбогдон эрүүгийн хэргийн болон бусад мэдээллийг харилцан солилцож байна. Улсын Ерөнхий прокурорын газрын Бүртгэл, мэдээллийн технологийн албаны мэргэжилтнүүд хуулийн байгууллагын мэдээллийн санд суурилан хуулийн байгууллагад гомдол гаргасан иргэний гомдлыг шалгах явц, шийдвэрлэлт, гэмт хэргийн улмаас хохирсон иргэн болон гэмт хэрэгт холбогдсон иргэний өөрт хамааралтай хэргийн бодит мэдээллийг e-justice.mn портал сайтад байршуулсан байгаа. Эдгээр нь 2017 онooc хойшхи эрүүгийн хэргийн мэдээллүүд юм. Өмнөх оны мэдээллүүд одоогоор тус мэдээллийн санд холбогдоогүй байгаа.

-Цаашид холбогдох уу?

-Холбогдоод явна.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 16:15:47

xhsweS http://pills2sale.com/ levitra nizagara

зочин [124.158.95.138] 2020-06-10 09:24:30

Цагдаагийн байгууллага хурдан шуурхай асуудлыг шийдвэрлэдэггүй залгаалтын газар дээрэмдүүлж дээрэмчинээ таниад олоод өгч байхад л 3 жилийн дараа 3-4 удаа ярьж наддээр таны өргөдлийг хэрэг шийдвэрлэгдэж байгаа шилжиж ирсэн гэж 3-4 хүн дамждаг. Дахин дахин очиж байцаалт юмуу асуудлтанд нь хариулна дараа жил нь дахиад л өөр хүндээр оччихсон гээд залгана ажлын цаг зав алдагндуулна хэрэг хийчихсэн юм шиг утсаар нээх томорч дуудна. Тухай бүр нь хэргүүдийг дор дор шийдэрчихдэггүй байгууллага ш дээ. Юу ч чаддаггүй юмнууд цагдаа болчихоод пээдийгээд л гарууд мөнгөтэй хөрөнгөтэй хүмүүс л хөл алддаг байх.

цагдаа [124.158.95.138] 2020-06-10 09:06:10

Цагдаа хууль прокурор шүүхийн байгууллагууд үнэхээр худлаа ажилладаг байгууллагууд мэдсмээр ойлгомжтой хэргүүдийг дарна хойшлуулна. Жирийн иргэдэд хууль нь үйлчилчихдэг. Дээдсүүд баячуудад хар тамхи хүчин танхай хүн амны хэргүүд эзэн холбогдоггүй хэрэг нь замхардаг


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.