Зеленский НАТО-гоос татгалзахад бэлэн үү?
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ болон Европын зүгээс аюулгүй байдлын баталгаа авах нөхцөлтэйгөөр НАТО-д элсэх шаардлагаас татгалзахад бэлэн гэдгээ илэрхийлсэн талаар "The Financial Times" мэдээлэв.
Тэрбээр аливаа энхийн төлөвлөгөө зайлшгүй буулт агуулна гэдгийг онцлоод, "Украинд АНУ болон Европоос аюулгүй байдлын баталгаа шаардлагатай хэвээр" гэж мэдэгджээ.
Зеленский WhatsApp чатаар “Бид Украин ба АНУ хоорондын хоёр талт аюулгүй байдлын баталгааны талаар ярьж байна. Тодруулбал, НАТО-гийн 5-р зүйлтэй адил баталгаа. Үүнээс гадна Европын түншүүд болон Канад, Япон зэрэг бусад орнуудаас аюулгүй байдлын баталгаа хэрэгтэй” гэж сэтгүүлчдэд хэлсэн байна.
Энд дурдсан НАТО-гийн 5-р зүйл нь аль нэг гишүүн орон халдлагад өртвөл үүнийг бүх эвслийн эсрэг халдлага гэж үзэн, хамтын хамгаалалт үзүүлэх тухай заалт юм.
Зеленский Вашингтоноос Киев Европын удирдагчидтай зөвлөлдсөний дараа илгээсэн энхийн төлөвлөгөөний шинэчилсэн саналуудын талаар одоогоор хариу аваагүй байгааг мөн тэмдэглэжээ.
Тэрбээр “Энхийн төлөвлөгөө хүн бүрт таалагдах тийм баримт бичиг байхгүй нь ойлгомжтой. Ямар ч хувилбар нь олон буулт агуулна” гэж онцолсон байна.
Украин 2022 онд НАТО-д яаравчилсан журмаар элсэх хүсэлт гаргасан. Харин 2025 оны арванхоёрдугаар сарын эхээр НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте уг асуудлаар эвслийн гишүүдийн дунд нэгдсэн байр суурь байхгүй байгааг мэдэгдсэн.
Гэсэн ч арваннэгдүгээр сараас хэлэлцэж буй Украинтай холбоотой энхийн төлөвлөгөөнд НАТО-гийн дүрмийн 5-р зүйлийн зарчимд тулгуурласан нэмэлт хэлэлцээр багтсан талаар Axios мэдээлж байв.
Мөн арванхоёрдугаар сарын 11-нд Украины болон АНУ-ын төлөөлөгчдийн хэлэлцээний дараа ZN.ua сайтад бичсэнээр, 20 заалт бүхий баримт бичигт Киевт холбогдох аюулгүй байдлын баталгааг амалсан аж.
Axios агентлаг АНУ-ын өндөр албан тушаалтны хэлснээс эш татан, АНУ-ын засаг захиргаа Украинд НАТО-гийн 5-р зүйлд тулгуурласан аюулгүй байдлын баталгаа олгоход бэлэн гэж мэдээлсэн.
Мөн АНУ-ын одоогийн саналд Украинд нутаг дэвсгэрийнхээ 80 хувийг хадгалан үлдэх, сэргээн босголтын тусламж үзүүлэх асуудал багтсан байна. Эдгээр нөхцөлийг арванхоёрдугаар сарын 15-нд Берлинд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын элч нар болон Украины төлөөлөгчдийн оролцоотойгоор хэлэлцэхээр төлөвлөсөн.
Орос улс Украиныг НАТО-д элсэхийг эсэргүүцдэг. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "India Today" телевизэд өгсөн ярилцлагадаа улс бүр өөрийн аюулгүй байдлыг хангах арга замаа сонгох эрхтэйг хүлээн зөвшөөрсөн.
Харин Гадаад хэргийн сайд Сергей Лавров Москва Киевт аюулгүй байдлын баталгаа өгөх асуудлыг зөвхөн Оросын өөрийн аюулгүй байдлыг найдвартай хангах баталгааны үндсэн дээр хэлэлцэхэд бэлэн болохоо онцолсон билээ.
Эх сурвалж: RBC
Б.ЖАРГАЛ


































.jpg)





























Сэтгэгдэл
Nota [66.181.180.88] 2025-12-16 10:01:07
Article-5 odoo ch uilchilj baigaa