Хөгжлийн банк арилжааны бүх банкинд мөнгө байршуулдаг
Монгол Улсын төсөв анх удаа 11.1 их наяд төгрөгт хүрсэн хэмээж буй ч ойрын үед улс төр нийгмийн нөхцөл байдал ихээхэн тогтворгүй байна. УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх улс төрийн акц хэдэн сар дамжин үргэлжилсний эцэст улс орон даяарыг хамарсан тэмцэл, хөдөлгөөн болж хувираад буй. Үүнийг дагаад хууль, хүчний байгууллагууд хөдөлгөөнд орж нэр бүхий хэд хэдэн улстөрч, компанийн захирлууд баривчлагдан саатуулагдаж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон сошиалаар дуулиан дагуулсаар байна. Улс төр доргиход эдийн засаг, санхүүгийн салбарын нэр гардаг зарчмаар Хөгжлийн банкны нэр ч ойрын үед улстөрчдийн амнаас их сонсогддог болов. Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий, ашгийн төлөө, төрийн өмчит хуулийн этгээд болох Хөгжлийн банк анх байгуулагдсан цагаасаа л янз бүрийн таагүй мэдээлэл, дуулианд нэр холбогдсоор ирсэн байдаг.
Хамгийн сүүлд л гэхэд МАНАН дэглэмийн эсрэг тэмцлийн гол дүр УИХ-ын гишүүн Л.Болд болон түүнийг сөргөлдөгч талаас нь “амлаж авсан” гэгдэж буй Ж.Мөнхбат нарын харилцан хийсэн мэдээлэлд Хөгжлийн банкны нэр хавчуулагдсаар яваа асуудлыг дурдаж болно.
УИХ-ын гишүүн Л.Болдын ах дүү, төрөл төрөгсдийн хувь эзэмшдэг гэх Богд банк Хөгжлийн банкнаас 30,9 тэрбум төгрөгийг харилцах данс руугаа авч, угааж байна гэсэн утгатай мэдээллийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат сэтгүүлчдэд мэдээлсэн.
Гэсэн ч энэ мэдээлэл нь банк, санхүүгийн салбарын наад захын мэдлэгтэй хүмүүсийн гадарлах жирийн л нэг банкны салбарын гэрээ хэлцэлд тооцогддог гэдгийг сошиалд идэвхтэй олон эрхмүүд батлан хэлж байгаа. Ингээд ч зогссонгүй Хөгжлийн банкны зүгээс арилжааны банкуудад байршуулсан мөнгөн дүн бүхий хүснэгт, графикуудыг олон хүмүүс эш татан ярилцаж байна.
Хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд ч Ж.Мөнхбатын мэдэгдлийн үнэн бодитой эсэхийг тодруулахаар явж сурагласны эцэст Хөгжлийн банк томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд шаардлагатай илүүдэл хөрөнгөө бүх арилжааны банкуудад хүүтэйгээр хадгалуулдаг болохыг олж мэдсэнээ нийтэлсэн байна.
Тухайлбал “...Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд 18,8 тэрбум, “Оюуны-Ундраа” группийн эзэмшлийн Тээвэр хөгжлийн банкинд 68,8 тэрбум, Капитрон банкинд 23,1 тэрбум, Улаанбаатар хотын банкинд 61,7 тэрбум, Хас банкинд 121,8 тэрбум, АТГ-аас саатуулагдаад амжсан Д.Баясгалангийн эзэмшлийн Голомт банкинд 114,4 тэрбум, Төрийн банкинд 29,4 тэрбум, Чингис хаан банкинд 58,1 тэрбум, Худалдаа хөгжлийн банкинд 201,1 тэрбум, “Таван богд” группийн эзэмшлийн Хаан банкинд 289,7 тэрбум, Капитал банкинд 7,4 тэрбум төгрөгийг гэрээ байгуулан хүүтэй байршуулсан болохыг олж мэдэв” хэмээн хэвлэлд бичжээ. Тэгвэл энэ их мөнгийг ирээдүйд төсөл, хөтөлбөрүүдэд зориулж олгохын тулд Хөгжлийн банкнаас аль өндөр хүү амалсанд нь ахиухан байршуулах зарчмаар арилжааны банкуудад шилжүүлдэг нь тодорхой асуудал гэдгийг шинжээчид, мэргэжилтнүүд ярьж байна.
Хөгжлийн банкнаас ойролцоогоор 1.5 их наяд төгрөгийг арилжааны бүх банкинд хувааж байршуулсан бөгөөд энэ нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын ойлголт буруу болохыг баталж байгаа юм.
Сэтгэгдэл