С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй

Aдмин / Улстөр

Улсын Их хурлын гишүүн С.Эрдэнэбаттай ярилцлаа.


-Энэ оны төсөвт тодотгол хийхээр өргөн барьсан. Та танилцаж амжив уу. Ер нь тодотгол хийх нь хэр зөв зүйтэй гэж үзэж байна вэ?

-Өргөн барьсан тодотголтой танилцаад явж байна. Юу орох гэж байгааг нь бол мэднэ. Нэгдүгээрт, боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилчдын цалингийн нэмэгдлийн асуудал байгаа. Бид чинь өнгөрсөн жилийн төсвөө дутуу баталчихсан. Багш, эмч нарын цалинг нэмэхдээ төсвийг нь оруулж чадаагүй. Тэгэхээр үүнийг төсвийн тодотголоор нэмж оруулахаас өөр арга байхгүй. Өнөөдөр/өчигдөр/ есдүгээр сарын 1. Энэ сард цалинг нь тавих ёстой. Эрүүл мэндийн салбар ч ялгаа байхгүй. Тухайн үед нь би анхааруулж байсан. Төсөв чинь дутуу батлагдлаа, Үйлдвэрчний эвлэлтэй байгуулсан гэрээ хэлэлцээрийнхээ дагуу цалинг нь нэмж чадахааргүй боллоо гэж хэлж байсан. Одоо орж ирж байгаа тодотголын төслөөр ч гэсэн энэ асуудлаа бүрэн шийдэж чадахааргүй л орж ирж байна.

-Багш, эмч нарын цалингийн нэмэгдлийг шийдэж чадаагүй гэсэн үг үү?

-Шийдэхээс өөр арга байхгүй. Хамтын гэрээнд зааснаар оны төгсгөлд дахиад багш нарын цалинг нэмэх ёстой. Үүнийгээ арай чадахааргүй, он гарч байж шийднэ гэсэн байдалтайгаар танилцуулсан байна. Энэ асуудлаар Үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд Засгийн газар, салбарын сайд нартай уулзаж байгаа гэсэн. Миний бодлоор бүрэн шийдчихвэл зүгээр байсан юм.

-Ахмадуудын тэтгэврийн нэмэгдлийн асуудал байгаа биз дээ?

-Тийм, хавар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулаад суурь тэтгэврийг олгоно гээд шийдсэн. Ахмадууд маань ч их шаардсан. УИХ-аас гаргасан Ажлын хэсгийг миний бие ахлаад ажилласан. Ямар ч байсан тэтгэврийн нэмэгдлийг энэ ондоо багтаагаад шийдвэл яасан юм бэ гэдэг саналыг өгсөн. Учир нь үнэ, инфляцийн өсөлтөд хамгийн их нэрвэгдэж байгаа хүмүүс чинь ахмадууд. Тиймээс тэтгэврийг нь нэмэхээс өөр арга байхгүй. Оны эхэнд нэмсэн жаахныг нь үнийн өсөлт идээд дуусгачихлаа. Тийм учраас төсвийн тодотгол хийх нь зайлшгүй. Би энэ асуудлыг Ерөнхий сайдад тухайн үед нь хэлж л байсан. Дээрээс нь бусад төрийн албан хаагчид ч цалингаа нэмүүлэх шаардлага тавьсан.

Мөн одооноос мах, төмс, хүнсний ногоогоо бэлдэх ёстой. Тэгэхгүй бол хавар дахиад л махны үнийн асуудал яригдана. Дулаан, цахилгааны үнэ ч нэмэгдэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ төсвийн тодотголыг зайлшгүй хийх ёстой.

-Ээлжит бус чуулган зарлаж, тодотголоо хэлэлцэхээр байна уу. Чуулганаар хэлэлцэх үед нь таны хэлж байгаа дутуу, буруу зүйлийг нь засаад явах боломж бий юу?

-Маргааш/өнөөдөр/ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдах юм шиг байна. Тиймээс бараг ээлжит бус чуулган зарлаж таарах байх. Ер нь чуулганаа хуралдуулаад багш, эмч нарынхаа цалингийн нэмэгдлийн асуудлыг шийдчих хэрэгтэй. Дээрээс нь бүх л хүнд орлого хэрэгтэй байгаа учраас ахмадуудын тэтгэврийн нэмэгдэл, бусад нэмэгдлүүдийг зайлшгүй л хийх ёстой.

-Ирэх оны төсвийн төслөө ч Засгийн газраас өргөн барьчихсан байгаа. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Хамгийн их нэмэгдэж орж ирж байгаа зардал нь нийгмийн даатгал, татварын хөнгөлөлт байна лээ. Бид чинь татвараа нэлээд бууруулчихсан. Тийм учраас татварын орлого буурч таарна.

-Таны хувьд чуулганы завсарлагааны үеэр орон нутгаар нэлээд явж байгаа харагдсан. Хүмүүс юуг илүү ярьж, хэлж байна вэ?

-Хамгийн их санал тавьж байгаа асуудал бол тэтгэврийн нэмэгдэл л байлаа. Хөдөөгүүр арьс, ширний асуудал их байна. Эмч, сувилагч, багш хөдөөд олдохоо больсон. Дээрээс нь баахан дутуу бариад хаячихсан барилга байна. Бараг сум болгонд л нэг тийм барилга байна шүү дээ. Тэгэхээр ингэж төсвөөр тоглохоо болих хэрэгтэй. Энэ асуудал манай төсвийг их туйлдуулж байгаа. Би энэ зун Хөвсгөл, Булган, Орхон, Архангай аймгаар явлаа. Ингэхэд худаг ус, хадлан тэжээлийн асуудал их байна. Дээрээс нь иргэд бодитой ажлын байр бий болгох ажлыг хиймээр байна гэдгийг их хэлсэн. Тиймээс тэр Хөдөлмөрийн яам нь энэ асуудал дээр олигтойхон ажил хиймээр байна. Төсөв дээр би л гэхэд хөдөлмөрийн аюулгүй байдал дээр бараг 10 тэрбумын асуудал ярьсан. Гэтэл манай энэ яам төсвийг нь ч шийддэггүй, олигтойхон ажил ч хийдэггүй. Төр бүгдийг хийж чадахгүй бол чаддаг хувийн хэвшилд нь өгөх ёстой.

-Намрын чуулганаар ямар ажил, асуудалд төвлөрч ажиллахаар төлөвлөж байна вэ?

-Цалин, тэтгэврийн нэмэгдлийн асуудлынхаа ард гарчихвал миний УИХ-д орж ирсний хэрэг гарах гээд байна. Нөгөө талдаа бодитой ажлын байр бий болгож байгаа хувийн хэвшлүүдээ дэмжмээр байна. Мөн хөдөөд орон сууцны асуудал их чухал байгаа юм. Учир нь залуу боловсон хүчин очиж ажиллах гэхээр энэ асуудал тээглэж байна. Ний нуугүй хэлэхэд, орон нутагт усанд орчих газар ч байхгүй л байна шүү дээ. Бөөнөөрөө 100 жил тэмдэглээд байдаг. Гэтэл усанд орчих газар байхгүй, боловсон нойл нь төлөвшөөгүй л байна.

Нэмээд хэлэхэд, энэ тендерийн асуудал тун төвөгтэй байна. Сумын сургуульдаа махаа нийлүүлж чадахгүй л хэмжээнд байна шүү дээ. Компани байгуул, цехтэй бай гээд дампууруулж өгдөг. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх ямар ч боломжгүй болгоод хаячихсан. Миний хувьд тендерийн хуулийг өргөн барьчихсан байгаа. Уг нь хурдхан шиг хэлэлцээд шийдчихмээр байгаа юм. Үйлдвэрчний эвлэлийн тухай хууль байна. БНМАУ-ын үеийн хуультайгаа яваад байдаг.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

Т.ДАРХАН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.