И.Айвазовскийн "Шөнийн Венец" зургийг 1.3 сая еврогоор худалджээ
Оросын нэрт зураач Иван Айвазовскийн "Шөнийн Венец. Сан-Жоржо-Мажорэ" зураг "Sotheby's" ордноос мягмар гарагт Лондон хотод зохион байгуулсан дуудлага худалдаагаар 1.08 сая фунт стерлингийн (1.3 сая евро) үнэ хүрч зарагдсан байна. Уг урлагийн бүтээлийн урьдчилсан үнэлгээ 500 000 - 700 000 фунт стерлинг байсан тухай дуудлага худалдааны ордны цахим хуудсанд мэдээлжээ.
И.Айвазовский энэхүү бүтээлээ 1862 онд зурсан байна. Зургийн жаазан дээрх лацны үлдэгдлээс үзэхэд, уг зураг тухайн үед Австрийн эзэнт гүрний бүрэлдэхүүнд байсан Триесте хотын гаалийн хяналтаар дамжиж байжээ. Зураачийн төрөлх Феодосия хотоос уг зургийг хөлөг онгоцоор Триестед хүргэж, тэндээс Европ руу үзэсгэлэнд оролцуулахаар илгээсэн байж магадгүй “Sotheby’s” ордны мэдээлэл дурдсан байна.
"Шөнийн Венец" зураг Эстонийн цуглуулагчийн гэр бүлд зуу гаруй жил хадгалагджээ
Эстонийн цуглуулагч, эртний эдлэл сонирхогч нэгэн эрхэм XIX зууны сүүлчээр И.Айвазовскийн энэхүү бүтээлийг Санкт-Петербургээс худалдан авсан аж. Түүнээс хойш уг зураг зуу гаруй жилийн турш нэг л гэр бүлд хадгалагдсан байна. Большевикуудын хувьсгалын дараах үймээн самуун, иргэний дайнаас дайжин уг гэр бүл Оросоос Эстони руу буцахдаа зургийг авч явжээ.
“Sotheby’s” дуудлага худалдааны ордны мэдээлснээр, "Шөнийн Венец. Сан-Жоржо-Мажорэ" бүтээлийг анх удаа дуудлага худалдаанд оруулсан байна.
Д.ЖАРГАЛ








.jpg)




































.jpeg)

































Сэтгэгдэл