Дүүжин замын тээврийг ашиглах инженер, техникийн ажилтнуудыг чадавхжуулах сургалт эхэллээ
"Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөл"-ийн хүрээнд "Улаанбаатар кабель кар" ОНӨААТҮГ-ын инженер, техникийн ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг 2026 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна. Тус сургалт нь хоёр сар буюу энэ оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Сургалтын зорилго нь уг байгууламжийн ашиглалт, засвар үйлчилгээг бие даан, аюулгүй гүйцэтгэх мэргэжлийн баг бүрдүүлэхэд чиглэж байна. Хөтөлбөр нь дүүжин замын тээврийн байгууламж, тоног төхөөрөмжийн ашиглалтыг хамарсан 96 цагийн онол, 96 цагийн практик хичээлээс бүрдэх аж. Практик хичээлийг симулятор болон талбай дээр явуулна.

Сургалтыг Арабын Бүгд Найрамдах Египет Улсын мэргэжилтэн Мохамед Халид удирдан явуулж байна. Тэрбээр 2017 онд Египетийн Галала хотын дүүжин замын тээврийн төсөл хэрэгжих үед угсралт, суурилуулалтын ажилд механик инженерээр ажиллаж байжээ. Улмаар 2018 оноос POMA Group-д ажиллаж, Галала хотын дүүжин замын талбайн менежерээр ашиглалт, засвар үйлчилгээний ажлыг удирдах болсон байна. Ийнхүү дүүжин замыг барьж байгуулахаас эхлээд өдөр тутмын ашиглалт хүртэлх бүх үе шатыг биечлэн туулсан туршлагаас инженер мэргэжилтнүүдтэй хуваалцаж байна.

Сургалтад механикийн инженер, автоматжуулалтын инженер, цахилгааны инженер, механикийн засварчин, цахилгаанчин, систем удирдлагын оператор зэрэг "Улаанбаатар кабель кар" ОНӨААТҮГ-ын нийт 24 ажилтан хамрагдаж байна. Олон улсын туршлагатай мэргэжилтнээс мэдлэг, ур чадварыг шууд эзэмшсэнээр дүүжин замын тээврийг нийтийн тээврийн найдвартай, аюулгүй хэрэгсэл болгон иргэдэд хүргэх үндэс бүрдэх юм. Монгол Улсад анх удаа хэрэгжиж буй энэхүү төсөл нь Наадамчдын замыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбож, Яармаг, Хангарди болон Хархорин, Өнөр хорооллын чиглэлд үйлчилнэ. Шугамын урт 4.2 км, 2 зогсоол, 19 тулгууртай, буудал хооронд зорчигчдыг 11 минутад тээвэрлэнэ.











.jpg)




























.jpeg)









































Сэтгэгдэл