Б.Индра: Миний номыг уншсан найзууд маань бүх зүйлийг эерэгээр харж сураасай гэж боддог

М.Амаржаргал / Энтертайнмент

-ААВ, ЭЭЖ ХОЁР МААНЬ МӨРӨӨДЛИЙНХӨӨ ТӨЛӨӨ ХӨДӨЛМӨРЛӨХ ЁСТОЙ ГЭДГИЙГ ОЙЛГУУЛСАНД МАШ ИХ БАЯРЛАДАГ-

Энэ амралтын өдрөөр 10 настай бяцхан зохиолч Б.Инрагийн “Бүжинд тохиолдсон явдлууд” номын нээлт болж гурван цуврал нь хүүхэд багачуудын мэлмийг мялааж байна. Тэрбээр Монгол HD” телевизийн “Шарк Танк” нэвтрүүлгээс хөрөнгө оруулалт авч цуврал номуудаа гаргах боломжтой болсон юм. Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн 5Г ангийн сурагч Б.Индра өөрт тохиолдсон адал явдал, төрсөн сэтгэгдлээрээ ном бичихийг хүсч аав, ээж нь урам хайрлан дэмжиж анхны цувралыг нь гаргаж өгсөн байдаг. Анхны номоо 70 ширхэг хэвлэж, 40-ийг нь борлуулж, 30-ыг нь найзууддаа бэлэглэсэн Б.Индра энэ удаа шаркуудаас 5.700.000 мянган төгрөгийн санхүүжилт хүссэн. Харин шаркууд хөдөлмөрч охины авьяас, зүтгэлийг үнэлж, бүгд 5.000.000 төгрөгөөр дэмжсэнээр бяцхан зохиолч “Бүжинд тохиолдсон хөгжилтэй явдлууд” номынхоо дараагийн цувралыг бүтээх санхүүжилтээ шийдвэрлэж чадсан бяцхан хөдөлмөрч охины номын нээлтэн дээр хүрэлцэн очиж сэтгэгдлийг нь сонслоо.

-“Бүжинд тохиолдсон явдлууд” номынхоо нээлтийг хийлээ баяр хүргэе. Өнөөдрийн энэ амжилтын түлхүүрийг атгуулсан хүмүүстээ талархалаа илэрхийлэх нь зүйтэй болов уу гэж бодож байна?

-Хүндэт Шаркууд маань надад хөрөнгө оруулалт хийснээр дараагийн цувралаа гаргаж өнөөдөр ингээд номынхоо нээлтийг хийж байгаадаа маш их баярлаж байна.  Эрдэм номын түлхүүрийг атгуулж, ертөнцийн сайн, сайхан бүхнийг зааж сургасан хүндэт багшдаа маш их баярладаг. Багшийнхаа уран яруу үгийг сонсож үлгэр дууриалал авдаг болохоор “Бүжинд тохиолдсон явдлууд” номынхоо дараагийн цувралуудыг бичихэд маш их тус болдог. Намайг үргэлж дэмжиж, хайрлаж хамгаалж байдаг гэр бүлийнхэндээ маш их баярлалаа. Өвөө, эмээ маань намайг өдийг хүртэл өсгөж хүмүүжүүлсэнд баярлалаа. Өвөө маань ном унших дуртай. Би өвөөгөөсөө үлгэр дууриалал авч зохиолоо бичсэн. Аав, ээж хоёр маань миний юу ярих гэж байгааг маш сайн ойлгож, сэтгэл зүрхэн дотор байгаа үгийг маань сонсож мөрөөдлийнхөө төлөө аливаа хүн хөдөлмөрлөх ёстой гэдгийг ойлгуулсанд маш их баярладаг.

-Өөрт тохиолдсон үйл явдлуудаар зохиол бичиж, ном гаргаж болох юм гэсэн санаа яагаад төрөх болов?

-Би гэр бүлээрээ цаасаар юм хийх маш их дуртай. Анх удаа бяцхан ном хийсэн. Тэрийгээ хараад өөрөө ном зохиож үзье, болохгүй юм байхгүй байхаа гээд аав, ээж хоёртоо хэлэхэд намайг маш их дэмжсэн. Ингээд би эхнийхээ цувралыг гаргаж байсан. Тиймээс надад итгэсэн хүмүүсийн итгэлийг алдахгүй, дараа дараагийнхаа цуврал номуудыг сайн хийж байгаа. Миний амьдралд болж өнгөрсөн үйл явдлуудаас “Итгэл” гэж ямар чухал зүйл болохыг ойлгож авлаа. Надад итгэсэн хүмүүсийн итгэлийг алдахгүйн тулд маш их хөдөлмөрлөх ёстой гэж бодож байна.

-Ном нь хэвлэлтээс гарахад ямар санагдаж байсан бэ. Цаашид хэдэн цуврал гаргах вэ?

-Үнэхээр сайхан санагдаж байсан. Хүмүүсийн итгэлийг алдахгүй, найзууддаа сонирхолтой цуврал номуудаа гаргана гэж бодсон. Одоогоор сайн хэлж мэдэхгүй байна. Цуврал номууд гаргана л гэж бодож байгаа.

image

-“Бүжинд тохиолдсон явдлууд” номыг уншсан хүүхдүүд юу мэдэж ойлгож аваасай гэж бодож байна?

-Хүүхдүүдэд янз бүрийн зүйл тохиолддог. Тэр болгонд гутралгүй, шантралгүй, эерэгээр харж хүсэл мөрөөдөлтэй амьдраасай гэж боддог.

-“Шарк Танк” нэвтрүүлэгт оролцож хөрөнгө оруулалт авснаас хойш хүмүүс өөрийг чинь таньдаг болсон ямар санагдаж байна?

-Маш гоё санагдаж байгаа. Номынхоо зохиолыг маш сайн бичиж дараагийнхаа цуврал номуудыг хүргэсээр байх болно.

-Номыг нь уншсан найзууд нь сэтгэгдэлээ хуваалцаж байна уу?

-Хуваалцаж байгаа. Хамгийн анхны цуврал гарахад уншиж үзчихээд дараагийн цуврал нь хэзээ гарах вэ гэж их асууж байсан. Намайг зохиол бичихэд өвөө маань маш их тусласан. Бичсэн зохиолыг маань хүүхдүүд ойлгоход дөхөм болгохын тулд найруулга тал дээр нь зөвлөгөө өгдөг. Миний өвөө их мундаг хүн байдаг юмаа.

-Ирээдүйд ямар хүн болохыг хүсдэг вэ. Зохиол бичихээс гадна өөр хийхийг хүсдэг зүйл байдаг уу?

-Ирээдүйд номынхоо зохиолыг бичсээр л байх болно. Мөн байгаль орчноо хайрлаж хамгаалахад хүмүүсийг уриална гэж боддог.

image

-МАНАЙ Б.ИНДРА БАЙГАЛИАСАА ТӨРМӨЛ АВЬЯАСТАЙ ХҮҮХЭД
БАЙГАА ЮМ-

Бид Б.Индрагийн сэтгэгдлийг сонссоны дараа А үсэг зааж эрдэм номын хөлгүй их далайд хөтлөн оруулсан бага ангийн багш н.Хулантай уулзаж ярилцсан.

-Таны бяцхан шавь Б.Индрагийн номын нээлт өргөн дэлгэр сайхан боллоо. Та бидэнтэй сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Миний шавь Монгол Улс даяараа “Бяцхан уран бүтээлч” гэсэн сайхан нэр алдартай боллоо. Номынх нь нээлтийг үзээд сууж байхдаа шавиараа маш их бахархаж үнэхээр хэлэх үг олдохгүй байна. Номын нээлт дэлгэр сайхан болж байгаад туйлын их баярлаж байна. Манай Б.Индра авьяаслаг, хөдөлмөрч зан чанараараа “Монгол” телевизийн “Шарк Танк” нэвтрүүлгээс санхүүжилт авч чадсан.

-Та шавийгаа ном бичиж байгаа гэдгийг хэзээ мэдсэн бэ?

-Багшийнх нь нэг арга барил байдаг л даа. Манай анги 66 сурагчтай бүгдээрээ сайхан зурна, бичдэг. Нэгдүгээр ангид элсэн орсон цагаас нь хойш л бүх хүүхдүүдээ зуруулж сургахыг хичээдэг. Мөн ямар нэгэн шүлгийг дуурайлган зохиолгох эсвэл монгол ардын зүйр цэцэн үг, оньсого дуурайлган зохион бичүүлж уран бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлэхийг хичээдэг. Энэ хичээлд манай Б.Индра маань маш сайн оролцдог. Байгалиасаа төрмөл авьяастай хүүхэд байгаа юм. Ингээд номын нээлтээ хийж байгаа нь багшийн хичээл зүтгэл эцэг, эхийн том дэмжлэгийн хүчээр Б.Индра маань өдий зэрэгтээ хүрсэн байхаа гэж бодож байна.

-“Шарк Танк” нэвтрүүлэгт оролцсон нь цаашдийн уран бүтээлд нь урам хайрласан, сайхан үйл явдал болсон. Танай ангийнхан ч гэсэн их баярласан байх?

-“Шарк Танк” нэвтрүүлэгт миний шавь орсноор олонд танигдаж, Монгол Улс даяараа цаашдийн уран бүтээлд нь амжилт хүсч урмын сайхан үгсийг хайрлаж байгаад баяртай байна. Шаркуудаас санхүүжилт авна гэдгийг мэдээд ангийнхан нь бөөн баяр, баярлахаар барахгүй үйл явдал болсон. Манай Б.Индра ангидаа их энгийн хэзээ ч өөрийгөө “Би мундаг” гэж өргөмжилдөггүй найзууддаа туслаж бүгдтэй нь нээлттэй харьцдаг. Бяцхан шавьд маань сайхан зан чанар их бий. Нэгдүгээр ангид элсэн ороход нь шууд ангийн дарга болгож байлаа. Гурван жил ангийн даргынхаа үүрэгт ажлыг маш сайн хийсэн. Хүүхэд болгон дарга болохыг хүсдэг учраас ангийнхаа хүүхдүүдийг сар болгон нэг нэгээр нь ангийн дарга хийлгэдэг юм.

-Хүүхдүүдийг сар болгон ангийн дарга болгохоор аливаа зүйлд их хариуцлагатай хандах уу?

-Хариуцлагатай бололгүй яахав. Зарим сурагчид маань “Багшаа ангийн дарга гэдэг чинь их айхтар хариуцлагатай ажил байна шүү” гэж хэлдэг юм. Сардаа ангийн, салаа, ариун цэврийн гээд дөрвөн даргыг томилоод ажилуулдаг. Тэр олон хүүхдүүдийг дарга болгохын тулд сар сараар нь ээлжлүүлдэг.

image

-МАНАЙ ГЭР БҮЛИЙНХЭН МОНГОЛ ХЭЛНИЙХЭЭ ХИЧЭЭЛИЙН ХҮРЭЭНД Л ЮМ БИЧЭЭД БАЙНА ГЭЖ ОЙЛГОДОГ БАЙЛАА-

Б.Индрагийн номын нээлтийн үеэр өвөө Ц.Баасанжав нь эмээ ээжийнхээ уншиж өгдөг байдаг ноён хутагт Данзанравжаагийн “Цагийн жамыг тодруулагч цаасан шувууны үлгэр” гэдэг сургаал номыг өвлүүлэн өгсөн юм. Энэ ном тэдний гэр бүлийг номонд дурлуулж, хайртай болоход их нөлөөлсөн гэдгийг тайзан дээр хоолой зангируулан хэлж байв. Ач охиных нь талаар хэсэг хором хөөрөлдөж, урмыг үгийг нь дамжуулж байна.

-Таны  ач охин өнөөдөр номынхоо нээлтийг хийж байна. Б.Индраг “Бүжинд тохиолдсон явдлууд” номоо зохиоход нь таны үүрэг оролцоо их байжээ. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Манай гэр бүл болон ач охины маань хувьд түүхэн үйл явдал болж байна. Ач охин маань10 гаруйхан настай. Гэтэл цувралаар ном зохиож бичээд, хэвлүүлээд өнөөдөр ингээд нээлтээ хийж байгаад туйлын баярлаж байна. Охины маань хөдөлмөр, хичээл зүтгэлийг халуун сэтгэлээр дэмжиж хөрөнгө оруулалт хийсэн Шаркуудад хувиасаа болон гэр бүлийнхээ гишүүдийн өмнөөс маш их баярлалаа гэж хэлмээр байна. Миний охин багаасаа их хэрсүү ухаантай, юмны учрыг ойлгож мэдэх гэж чармайдаг хүүхэд байсан. Энэ зан чанар нь зохиол бичиж, номоо хэвлүүлэхэд нөлөөлсөн гэж ойлгож байгаа. Охины маань бичсэн зохиолыг ном болгон гаргахад ээж нь маш их хувь нэмэр оруулсан. Ээж нь номынх нь бүх зурагнуудыг зурж өгсөн. Ач охины маань уран бүтээлийг хэвлүүлэх, санхжүүлжилт олоход ээж нь маш их чармайлт гаргасанд өвөө миний хувьд талархаж явдаг гэдгээ та бүхнээр дамжуулан хэлмээр байна.

-Ач охиноо зохиол бичнэ гэхэд нь яаж хүлээн авч байв. Ямар зөвлөгөө өгч байв?

-Ач охиноо анх зохиол бичнэ гэхэд нь маш их цочирдож, баярлан хүлээж авсан. Манай охин юм бичээд л суудаг байсан. Эхэндээ манай гэр бүлийнхэн монгол хэлнийхээ хичээлийн хүрээнд л юм бичээд байна гэж ойлгодог байлаа. Гэтэл нэг ач охин маань “Ном болгон хэвлүүлэх хэрэгтэй байна. Би яагаад ном гаргаж болохгүй гэж болно ш дээ. Зөвхөн гэр бүлийнхээ хүрээнд яриад байлгүй найзууддаа өөрийнхөө зохиосон номыг уншуулмаар байна” гэж хэлэхээр нь “Тэгэлгүй яахав, миний охин маш зөв бодсон байна” гээд дэмжсэн. Энэ ажлыг ээж нь хариуцаж аваад өдийг хүртэл явж байна.

-Хамгийн анхны цуврал ном хэвлэлтээс гарч таны гар дээр ирэхэд юу бодогдож байсан бэ?

-Охины маань ном хэвлэлтээс гараад миний гарт ирэх тэр үед эмээ ээж маань бодогдсон. Би эмээгийнхээ өвөрт өссөн хүн. Эмээ маань надад байнга ном уншиж өгдөг хүн байлаа. Эмээ маань намайг номонд дурлуулсан, хайртай болгосон. Би ч гэсэн ач охиндоо ном байнга уншиж өгдөг байсны маань үр өгөөж гарлаа гээд цээжээр нэг юм огшоод л явчихсан “Ямар сайхан юм бэ, охиноо ийм сайхан ном гаргана гэж бодоогүй явж байсан чинь ингээд номоо хэвлэлтээс авчихлаа” гээд маш их баярлаад нүднээс нулимс гарч байсан.

Ийнхүү 10 настай бяцхан зохиолчийн номын нээлт ёслол төгөлдөр болж уншигч багачууд нь дараа дараагийнх нь цувралыг тэсэн ядан хүлээж байна. Сайн зохиолч сайн ном хоёр нэг дор бүх нууцаа дэлгэдэггүй гэж ярьдаг. Бяцхан зохиолчийн дотор ямар авьяас билэг нуугдаж буйг бид таашгүй.

image

image

image


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:17:52

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:17:51

Зочин [202.179.8.186] 2019-03-11 01:11:02

amjilt husie

зочин [202.9.42.206] 2019-03-08 04:56:46

Ямар мундаг охин бэ. Сайн уран бүтээлч болоорой. Идэвхи зүтгэл чармайлтаа сулруулж болохгүй шүү. Амжилт хүсье. Аа бас ѳнѳѳдѳр чинь эмэгтэйчүүдийн баярын ѳдѳр. Иймд авьяаслаг энэ охинд Мартын 8-ны мэнд хүргэе.

Зочин [66.181.167.231] 2019-03-06 07:47:49

Үнэхээр сайхан мэдээ байна. Энэ бол жинхэнэ хүний амьдрал

Зочин [202.131.225.197] 2019-03-05 09:24:47

Өнөөдрийн улс төрийн их хэрүүл, тэмцэл, шударга бус явдлуупын дунд ганц эерэг сайхан мэдээ байна даа

Зочин [112.72.11.115] 2019-03-05 08:25:43

мундаг охин юмаа

Зочин [103.26.194.179] 2019-03-04 20:03:18

Новшийн юм хийж байх юм

Зочин [112.96.71.182] 2019-03-04 11:07:36

Yoooh odortoo gants ch bolov iim saihan medee unshij suuh yumsan.

Эрчис [202.179.27.111] 2019-03-04 06:32:23

Сайхан нийтлэл, сайхан үйл хэрэг болжээ. Индра охинд сурлага, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсье. Номын цагаан буян дэлгэрэх болтугай. Мөн хүүхдээ зөв зүйлд дэмждэг эцэг эх, өвөө эмээ, ах эгч болгонд амжилт хүсье.

Зочин [59.153.112.175] 2019-03-04 04:13:35

mundag bn.amjilt husy

2 bers [45.117.35.7] 2019-03-04 03:22:26

Ene nomiin gol baatruud ni udahgui olon angit HUUHELDEIN KINO ni gol baataruud boloh boltugai.. hurai hurai..erhem animatoruud yum bodoj bgaa bailgui dee..

zochin [202.9.45.178] 2019-03-04 01:51:26

amjilt

sain ohind amjilt... [45.117.35.7] 2019-03-04 01:32:38

mundag sain ohin ger buld ni eruul enkh azjargal amjilt husie

ZOCHIN [198.16.66.100] 2019-03-04 01:30:38

ХӨӨРХӨН ОХИНДОО АМЖИЛТ ХҮСЭЕ МУНДАГ БАЙНА


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.