ХБНГУ-ын Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ирсэн Ёорн Розенберг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилааНоён Ёорн Розенбергийг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзаад, Монгол Улсад 1990-ээд онд өрнөсөн ардчилал, зах зээлийн өөрчлөлт, шинэчлэлийг ХБНГУ-ын Засгийн газар анхнаас нь тууштай дэмжиж ирсэнд талархаж явдгаа илэрхийлсэн юм.
Мөн хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хүрээнд Германы талаас хөнгөлөлттэй зээл, тусламж үзүүлж байсан гэдгийг дурдаад, эдүгээ Монгол Улс үр ашигтай эдийн засгийн харилцааг эрхэмлэж, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлоход тэргүүлэх ач холбогдол өгч буй гэдгээ хэллээ.
Малын гаралтай түүхий эд, ноолуурыг нано болон биотехнологиор боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр хамтран ажиллах хөдөө аж ахуйн боломж байгаан дээр дагуул хот бий болгох, эко хот байгуулах чиглэлээр өмнө нь ярьсан яриа хэлэлцээрийг ажил хэрэг болгоход Элчин сайдыг анхаарч ажиллахыг хүсэв.
Ноён Ёорн Розенберг Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдох хүсэлтээ өөрөө гаргасан гэдгээ тодотгоод дипломатын албанд 30 жил ажиллахдаа үргэлж эдийн засгийн харилцааг өргөжүүлэх тал дээр анхаарч байсан тул Төрийн тэргүүний онцолсон салбар, төсөл хөтөлбөрүүдтэй биеслэн танилцаж анхаарал хандуулахаа илэрхийлсэн юм.
Мөн энэ сард болох Герман улсаас бусад улсад суух Элчин сайд, олон улсын байгууллагын төлөөлөгчдийн хуралд оролцох үеэрээ улсынхаа Канцлертай уулзаж, Герман улсын архитектор, мэргэжилтнүүдийн боловсруулсан төслөөр Улаанбаатар хотын ойролцоо дагуул, эко байгуулах төслийг эргэн сануулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн санал, санаачилгуудыг дамжуулахаа илэрхийлэв.
Сэтгэгдэл