Ванягийн Нэргүй: “Миний хайрын зүг” тоглолт маань 31-нд болно

Л.Батцэнгэл / Энтертайнмент

Эмзэгхэн сэтгэлтэй зарим нь гуниглаж, бүүр уйлмаар тийм л зөөлөн намрын өдрүүд алсарч байна. Навч унаж, сэмжин үүлс нүүсэн ийм өдрүүдэд гуниглах нь бүү хэл харин ч баярлаж, улам жавхаажиж явдаг хүмүүс ч бий. Тэдний нэг нь сэтгүүлч, яруу найрагч Ванягийн Нэргүй хэмээх даруухан, эгэлхэн уран бүтээлч аж. Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Ванягийн Нэргүйтэй уулзаж ярилцлаа.

-Тоглолт нь удахгүй боллоо. Бэлтгэл хэр хангав даа?

-Олон сайхан найз нөхөд, хамт олны дэмээр гүйж л явна. Хүн өөрийнхөө өмнөөс хүнээс юм гуйх халуун байдаг юм байна. Тоглолт хийх нэг өөр, тоглолт зохион байгуулах нэг өөр юм. Өнөөдөр өөртөө баярлаж байна. Шалтгаан нь намайг гэсэн сэтгэлтэй олон сайхан хүнтэй нэгэн тэнгэр хэмээх дээвэр дор амьдарч байна. Үүнээс илүү том шагнал гэж юу байх вэ. “Миний хайрын зүг” нэртэй тоглолтоо "UB палас"-ын концертын их танхимд энэ сарын 31-ний 19 цагт хийхээр болсон. Олны хүртээл болж амжаагүй гуч шахам дуу байна. Нэргүй гэж хэн бэ гэдэг тодотголын хариултын найз нөхөд, хамт олон, ах дүү, монгол зон олноосоо олж авахыг хүссэн гэхүүдээ.

-Өмнө нь олон хандивын тоглолт зохион байгуулж байсан. Тэр хүмүүс хэр тус дэм болж байна?

-Яах вэ, Монголд эмчилгээгүй гэсэн ная шахам хүнд хандивын тоглолт хийж өгсөн. Нүүр бардам уулзаж учирч байгаа хүмүүс бий.

-Уйтгар, гуниг төрүүлж, сэтгэл эмзэглүүлдэг болохоор энэ улиралд дургүй гэх уран бүтээлчид байх юм билээ. Та намрын улиралд аль хэр гэгэлзэх вэ?

-Уяаны шон дээр шаазгай шагшраад л хөдөө эл хульхан. Оюутан залуус, сургуулийн насны хүүхдүүд бүх л инээд баяслыг аваад суурин газар луу явчихсан мэт нэг тийм хөнгөхөн гунигтай байдаг. Нутгийн хөгшид хааяа нэг малын зах эргүүлж харагдана. Давхиад буухад бүлээн цайтай, хүний мөрөөсөл болчихсон. Намар болохоор нэг тийм дүр зураг л сэтгэлд эргэлдээд байдаг. Уг нь үрэл жимс тагнайн шүлс асгаруулаад л уулын горхи захаасаа харзалчихсан хоржигнотол урсаад, хаа нэгтээ буга урамдаад байгалийн цогцол нь их сайхан шүү дээ. Харин ахуйн хувьд л нэг тиймхэн хөнгөн гуниг хөврөөд байдаг юм.

-Хөнгөн гуниг хөврүүлдэг энэ улиралд уран бүтээлийн хэр олз омогтой байв?

-Би хавар, намарт л их бичдэг. Хавар нь цэцгэнд дурлаж, намар нь навчинд даруулж суудаг. Нүүж яваа үүлсийг хүртэл дагаж хөвсөлзөөд л. Найз нөхдийнхөө бичиж туурвисныг амталж унших ч сайхан. Ер нь намарт дэвтэр дүүрэн шүлэгтэй суудаг шүү. Миний уран бүтээлийн ихэнх нь намрын навч унахтай хамт дэвтэрт буусан байдаг. Тэгэхээр энэ улирал уран бүтээлийн минь оргил үе ч байж мэдэх юм. Дахиад намар болохгүй бол яана. Тэгж бодохоор л улам ихийг бичиж, энэ улиралд нөөцөлж авмаар санагдах үе бас бий. Хүн хүний араншин өөр. Бусад нь гуниглаж л байна биз. Би яагаад тэднийг дагаж гуниглах ёстой юм.

image

-Яруу найрагчаас хайрын тухай асуухгүй бол алдас болох биз. Хайр бол мөнхийн сэдэв гэдэг шүү дээ. Гэхдээ хүний зан ааш ч хувирамтгай. Яг мөнхийн байж чадах уу?

-Хайр бол нар. Ерөнхий нэг том зүйл. Нарны цацраг хүмүүний ертөнцийг ялгалгүй тусдаг шиг. Хайр тийм л үүрэгтэй. Баян, ядуу, өтөл, нялхас, сайн муу, алдаа оноо бүх зүйл хайраар бүтдэг. Хүн төгсвөл хайр дуусна. Тэгэхээр хязгаар бий байх. Өглөг буян ч байж болох юм. Мөнгө төлөхгүйгээр бүх зүйлд хүрч, асгарч болно. Амьдралд хайртай байна гэдэг бол бүх зүйлд хайртай байгаагийн илрэл. Түүнийгээ зарим нь дуу, хөгжим, жүжиг, сийлбэр, зураг, бүжиг болгодог. Би бол шүлэг болгодог. Автобусанд, гудамжинд, цайны газар, ууланд, цаснаар, борооноор ер нь хэзээ л бол хэзээ хайр хүрдэг. Тэгээд л шүлэг бичдэг. Ээждээ, аавдаа, охиндоо, эхнэртээ, дүүдээ, Отгонтэнгэртээ, Бадар хундагадаа зориулсан шүлэг бүхэн минь хайр.

-Манай зохиолчид “Би бол аугаа хүн, том хүн гэж өөрийгөө дөвийлгөх нь цаанаа л сэтгэлд дотно байдаг. Анд ингэхэд хэр “том” хүн бэ?

-Миний хүрээнд тийм хөөрүү хүн ховор. Энгийн, даруухнаараа яваа. Л.Ганзул, С.Ууганбаяр, П.Нямлхагва гурвыгаа хамгийн түрүүнд хэлнэ. Өөр өөрийнхөө өнгөөр сайн бичдэг. Олонд танигдчихсан хүмүүс. Надад ч тийм хөөрүү “том зан” байхгүй. Ц.Бавуудорж, А.Эрдэнэ-Очир, Х.Эрдэнэбаатар, Т.Баянсан, М.Амархүү энэ хүмүүсийн сэтгэл намайг утга зохиолд тосож авсан. Хүн чанар, мөн чанар, хүнлэг ёсны амьд домгууд. Ийм сайхан ах нартай хүн чинь хоосон хийрхэж, худлаа хөөрөх шалтгаан байхгүй. Тэгвэл ах нарынхаа харцанд нь алгадуулна биз дээ. Бас хүн чанарын хорвоод дүү нартай байж болно биз дээ. Онгиргон хүний дүү хүртэл ичиж зовж явдаг байх. Их утга зохиолын буянаар би олон дүүтэй хүн. Ах нарынхаа энд хүрэхгүй ч дүү нарынхаа дэргэд зөв байхыг хичээдэг.

-Сүүлийн үед зохиогдсон яруу найргийн наадмуудаас нэлээд шагналыг та хүртсэн. Яруу найргийг уралдаан биш гэж шүүмжлэх хүн олон бий. Энэ талаар ямар бодол тээж явдаг хүн бэ дээ?

-Би яруу найрагч хүн. Өнөө цагт яруу найраг, шүлэг уншигчдад ямар хэлбэрээр хүрч байна. Яах вэ яруу найргийн наадам сайн, муу хоёр талтай. Гэхдээ энэ байх ёстой зүйл. Тэр буруу гэж яриад байгаа хүмүүс оролцохгүй байхад л болоо биз дээ. Ямар тэдний бичсэн шүлгийг булааж ирээд яруу найргийн наадамд унших гэж байгаа биш.

-За, тоглолтод нь өндөр амжилт хүсье!


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:37:36

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:37:36

bj [139.5.217.151] 2019-10-22 23:31:05

nileen arkhi guvdug nuhur haragdaj bna.

Зочин [182.160.32.212] 2019-10-21 16:02:43

Энэ нэг нөхөр Хархорины хойно дэнж дээр амьдардаг юм. Байнга архи уугаад л шал согтуу эргүү царайлаад хов яриад явдагсан. Овоо гайгүй болоо юу даа хөөрхий, нас ч явж дээ.

энхнаран [66.181.166.39] 2019-10-19 06:29:39

уран бүтээлийн өндөр амжилт хүсье

Зочин [66.181.187.231] 2019-10-18 03:08:11

badam ch sain yariuljdee gesen

Zochin [172.58.45.116] 2019-10-18 02:55:24

Hatsariin aris n unjihaar yamarch hreggui novsh boljiine gesen ug. Er n yaru nairagchid hudalch sanaanaasaa yum zohiodog nohod

Зочин [202.55.188.82] 2019-10-18 02:41:05

Уран бүтээлийн өндөр амжилт хүсье

Зочин [192.82.72.57] 2019-10-18 00:29:55

What a Mongoloid


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.