Залилах гэмт хэргээс болж иргэд санхүүгээрээ хохирох тохиолдол нэмэгдэж байна

Ц.Анударь / Хууль

Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрх зүй, санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, хууль зүйн мэдлэг олгох зорилгоор ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба Монголбанк, болон Монголын банкуудын холбоо хамтран "Ятгах тусам нягтал" аяныг зохион байгуулж буй талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Цагдаагийн байгууллагын статистик мэдээгээр Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн гаралт нэмэгдэж, нийт гэмт хэргийн 14-16 хувийг эзэлж байна. Жил ирэх бүр нэг дахин нэмэгдэж байгаа залилах гэмт хэргийн гаралт Монгол Улсын хэмжээнд:

  • 2017 онд 2996
  • 2018 онд 5372
  • 2019 онд 7821 бүртгэгджээ.

image

ЦЕГ-ын МБА-ны Залилах гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийн дарга Ш.Баянмөнх: “Иргэд энэ төрлийн гэмт хэргийн талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг байна. Аливаа гэмт хэргийг гарсан хойно нь биш гарахаас нь өмнө сэрэмжлүүлэх нь цагдаагийн байгууллагын урьдчилан сэргийлэх ажлын гол чиглэл. Иймд "Ятгах тусам нягтал" аяныг эхлүүлж, иргэдээ гэмт хэргээс сэргийлэхийг зорьж байна. Дэлхий нийтээр сүлжээний гэмт хэрэгт залилуулдаг байдал зогссон. Гэтэл манай иргэд залилах гэмт хэргийн үйлдлийг мэддэггүйгээс болж, богино хугацаанд мөнгө өсгөх боломжтой гэж итгэн, санхүүгээрээ хохирдог тохиолдол буурахгүй байна. Залилах төрлийн гэмт хэргийг үйлдэгдэх явцад нь хяналт тавих боломж харьцангуй бага. Учир нь энэ төрлийн гэмт хэрэг нь хоёр хүний эсвэл хоёр байгууллагын харилцааны явцад үйлдэгддэг. Тиймээс тухайн иргэн аливаа мэдээллийг сайн нягталж байж хууртагдахгүй байх боломжтой. Түүнээс гадна иргэдийн дунд амьд бус харилцаа хэвшмэл болжээ. Тухайлбал, төрсөн дүү нь цахим сүлжээгээр "Яаралтай мөнгө хэрэг болоод байна. Мөнгө зээлээч" гэхэд нь өөртэй нь утсаар ч ярилгүй шууд мөнгө шилжүүлж, залилах гэмт хэргийн хохирогч болох тохиолдол их байна. Энэ жишээ бидний дунд сошиал орчны соёлтой хэрэглээ тогтоогүй, амьд харилцаа дутмаг байгааг харуулж байна. Мэдээллийг нягталснаар энэ төрлийн гэмт хэрэгт өртөхгүй байх боломжтой" гэв.

image

Түгээмэл бөгөөд хохирол ихтэй залилах гэмт хэргийг үйлдлээр нь ангилвал:

  1. Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг “худалдах, худалдан авах”, “түрээслэх, түрээслүүлэх”, “арилжих”, “барьцаалах”, иргэд хооронд өндөр хүүтэй мөнгө зээлэх нэрээр бусдыг залилах,
  2. Гадаад улсад зорчих виз гаргаж өгнө хэмээн залилах,
  3. Иргэдийн и-мейл, фейсбүүк хаягт хууль бусаар нэвтрэн тэдний нэрээр ойр дотны найз, нөхөд, ах, дүү нараас нь яаралтай мөнгөний хэрэгцээ гарлаа туслаач хэмээн залилах,
  4. Иргэдээс гар утас худалдаж авна, утсаар чинь яриад өгье гэх зэргээр залилах,
  5. Хуурамч баримт бичиг ашиглан бусдын эд хөрөнгийн өмчлөх эрхийг залилах,
  6. Олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны арга буюу “сүлжээний” гэх тодотголтой гэмт хэргүүд дийлэнх хувийг эзэлж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.