ТОЙМ: Улс төрийн үйл явдал- Өнгөрсөн долоо хоногт (2020.02.24-28)

Ц.Анударь / Улстөр

УОК: БНСУ-тай хийх бүх нислэгийг түр хугацаагаар зогсоов

Шинэ коронавирусын халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах талаар Улсын онцгой комисс хуралдлаа.

Хуралдаанаар БНСУ-тай хийж байгаа ирэх, явах бүх нислэгийг тодорхой хугацаагаар зогсоох шийдвэрийг гаргажээ.

image

Улсын Онцгой комисс энэ удаагийн хуралдаанаар шинэ коронвирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, БНСУ дахь Монгол Улсын иргэдтэй холбоотой арга хэмжээ, БНХАУ-аас ирэх Монгол Улсын иргэдийн асуудал болон нүүрс, газрын тосны тээвэрлэлтийн нөхцөл байдал, экспортын зарим арга хэмжээ, Цагаан сарын өдрүүдээр автозам хязгаарласан арга хэмжээнүүдийг хэлэлцсэн юм.

(2020.02.24)

Монгол-Японы нислэгийг түр хугацаагаар зогсоолоо

Улсын Онцгой комисс хуралдаж цаг үе, нөхцөл байдалтай холбоотой зарим шийдвэрийг гаргав. Улс хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг болон орон нутгийн хуваарьт нислэг, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг түр зогсоох хугацааг 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн 08:00 цагаас гуравдугаар сарын 03-ны өдрийн 08:00 цаг хүртэл сунгахаар шийдвэрлэлээ.

Монгол Улс, БНСУ хоорондын хоёр талын нислэгийг түр зогсоох хугацааг 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өдрөөс гуравдугаар сарын 11-ний өдрийг дуустал сунгаж, Монгол Улс, Япон Улс хоорондын хоёр талын нислэгийг 2020 оны хоёрдугаар сарын 28-ны өдрөөс гуравдугаар сарын 11-ний өдрийг дуустал 14 хоногоор түр зогсоов.

Төрийн албан хаагчдыг гадаад улс орон руу албан томилолтоор зорчихыг 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өдрөөс гуравдугаар сарын 30-ны өдрийг дуустал хориглож, яам, агентлагийн дарга нар болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгожээ.

(2020.02.26)

БНТУ Монгол Улс руу зорчих, Монгол Улсын иргэд тус улсын хилээр нэвтрэхтэй холбоотой хориг тавиагүй

Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Монгол-Туркийн Парламентын бүлгэмийн дарга Т.Аюурсайханд Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ахмет Язалаас мэдээлэл ирүүлжээ.

image

Тус мэдээлэлд:

Бид коронавирусын (COVID-19) халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын авч буй шуурхай арга хэмжээг мөрдөн ажиллаж байна. Энэ хүрээнд Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн яамнаас гаргасан сонордуулгын талаарх ташаа ойлголт олон нийтэд хүрч болзошгүй тул дараах мэдээллийг хүргүүлж байна.

“Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар нь иргэдээ Монгол Улс руу зорчиход хориг тавиагүй билээ. Монгол Улсын холбогдох байгууллагуудаас гаргасан мэдэгдэл, авч буй арга хэмжээ, тэр тусмаа 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу зорчсон гадаад иргэдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй байх хоригийг ард иргэдэдээ хүргэхээр Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн яамнаас сонордуулга гаргасан билээ.

Мөн Бүгд Найрамдах Турк Улсын эрх бүхий байгууллагууд дэлхийн өнцөг булан бүрээс Бүгд Найрамдах Турк Улс руу зорчиж буй Монгол Улсын иргэдийг хилээр нэвтрүүлэхтэй холбоотой ямар нэг хориг тавиагүй болно. Түүнчлэн Монгол Улс руу зорчихыг хүссэн Бүгд Найрамдах Турк Улсын иргэдэд ч мөн адил ямар нэг хориг тавиагүй байгаа” гэжээ.

(2020.02.27)

Нүүрс, газрын тосыг ирэх сараас экспортолж эхлэхээр боллоо

Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр авах арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэр гаргалаа. Нүүрс, газрын тос экспортлохын өмнө хилийн боомтууд бүрэн хүчин чадлаараа ажиллах, дараалал үүсгэхгүй байх, тээвэр хийж байгаа иргэдийн хоол, хүнсний хангамж, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх, тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэх, ариутгах зэрэг бэлтгэлээ хангахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгав. Тээвэрлэлтийг онцгой нөхцөлд явуулахтай холбоотой заавар, журам боловсруулж аж ахуйн нэгж, байгууллагуудаар мөрдүүлэх, дотоодын болон экспортын тээвэр хийж байгаа иргэдээ халдварт өвчинд өртүүлэхгүй байх чиглэлээр урьдчилан сэргийлж, хяналт тавихаар боллоо. Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэл, татвараа тайлагнасан боловч хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги, торгуулийг нэг удаа чөлөөлөх хуулийн төсөл боловсруулж хэлэлцэхээр болжээ. Мөн төвлөрсөн зах, худалдааны төв, үйлчилгээний газарт худалдаа, үйлчилгээний чиглэлээр түрээслүүлсэн татвар төлөгчийн түрээсийн орлогод ногдуулсан татварыг ч нэг удаа чөлөөлөх төсөл боловсруулна. Гэхдээ энэ нь бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд түрээсийнхээ төлбөрийг бууруулсан түрээслүүлэгчид л хамаарах юм. Улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн бараа, ажил, үйлчилгээний авлагатай этгээд татварын өртэй бол авлагаас нь өрийг тухай бүр суутган тооцохыг зөвшөөрөв. 2020 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулж, мэдээллээ Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан олон нийтэд ил тод хүргэхийг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгажээ.

(2020.02.28)


Сэтгэгдэл

хуц [103.212.117.219] 2020-03-01 11:49:22

БҮҮ ГОРЬД

Зочин [150.129.141.65] 2020-03-01 00:54:31

Тэтгэврийн зээл шиг Татвар, шимтгэлээ төлчихсөн нь хохирч болохгүй ээ.

Зочин [64.119.24.254] 2020-02-29 23:24:37

Хятад улсын хариуцлагагүй байдлаас боллоо.

Zochin [103.229.122.106] 2020-02-29 12:33:49

Enhruvshin dargad talarhal ilerhiilie. Ta sain ajillaj bga shu.

Зочин [64.119.26.149] 2020-02-29 00:54:32

Банк, банк бусын зээлийн нүүг энэ хугацаанд харгалзуулан тэглээчээ


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.