Төрийн банк "Хөгжлийн шийдэл" ТББ-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Aдмин / Эдийн засаг

АНУ-ын “Олон улсын хөгжлийн агентлаг”-аас “Хөгжлийн шийдэл” ТББ-аар дамжуулан жижиг, дунд бизнес эрхлэгчдийн зээлжих чадварыг сайжруулах, улмаар ажилгүйдлийг багасгахад чиглэсэн олон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн. Тухайлбал, бизнесийн сургалт, мэдээлэл, холболтын үйл ажиллагааг явуулж, олон улсын байгууллагуудын тусламжтайгаар зээл зуучилж өгөх ажлуудыг хийж байгаа юм.

Уг хөтөлбөрт “Төрийн банк” хамтран ажиллахаар болж, өнөөдөр “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

image

Холбогдох албаныхны хэлж буйгаар 2016-2018 онд зээлжих чадварыг олгох чиглэлд “REACH” төслийг Улаанбаатар, Баян-өлгий, Дорнод болон Дундговь аймагт амжилттай хэрэгжүүлсэн бол цаашид хэрэгжүүлэх “BEST” төсөл нь бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх чиглэлд үйл ажиллагаа явуулах юм байна. Өөрөөр хэлбэл, уг төсөл нь бизнес эрхлэгчдэд өөрсдийн бизнесийг өргөжүүлэхэд шаардлагатай санхүүжилт авах зөвлөгөө зөвлөмжийг өгч, сургалт зохион байгуулах аж.

Гарын үсэг зурах ажиллагааны үеэр “Хөгжлийн шийдэл” ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Хишигсүрэн хэвлэлийхэнд мэдээлэл өглөө. Тэрбээр “Хөгжлийн шийдэл ТББ АНУ-ын “Олон улсын хөгжлийн агентлаг”-ийн санхүүжилтээр BEST хөтөлбөрийг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болсон. Үүний хүрээнд өнөөдөр “Төрийн банк”-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Тухайлбал, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг чадавхижуулах, зээлд холбох, засаглалыг нь сайжруулах чиглэлийн сургалт, зөвлөх үйлчилгээ хүргэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Санамж бичиг байгуулснаар Төрийн банкны харилцагчдыг чадавхижуулах, тус банкны зээлд бусад аж ахуйн нэгжийг холбох, мөн тэдгээрийн менежментийг сайжруулах чиглэлийн зөвлөх үйлчилгээнүүдийг үзүүлэх, бизнес эрхлэгчдийн уулзалтуудыг зохион байгуулна. Тэгэхээр энэхүү үйл ажиллагаа нь манай төслийг амжилттай хэрэгжихэд маш чухал түлхэц болж байгаа юм. “Best” хөтөлбөрийн хувьд Монгол Улсын 12 аймагт хэрэгжинэ. Эхний хоёр жилийн хугацаанд найман аймагт хэрэгжиж, дараагийн жилээс шинээр дөрвөн аймаг нэмэгдэх юм.

image

Иймд бид хамгийн олон салбартай Төрийн банкийг сонгосон. Төслийн хүрээнд олон ажил хийгдэнэ. Хэдийгээр коронавирусын нөхцөл байдалтай холбоотойгоор ажил удаашрах төлөвтэй байгаа ч жижиг, дунд бизнес эрхлэгчдэд ганцаарчилсан зөвлөх үйлчилгээнүүдийг хүргэх бүрэн боломжтой. Тэгэхээр зөвлөх үйлчилгээ авахыг хүссэн иргэд 77222210 дугаарын утсаар холбогдон үнэ төлбөргүй мэдээлэл авах боломжийг бүрдүүлсэн юм. Ер нь манай бүхий л үйл ажиллагаа үнэ төлбөргүй явагдана. Энэ нь бизнес эрхлэгчиддээ асар том боломжийг олгож байгаа хэрэг хэмээн бидний зүгээс үзэж байна” хэмээлээ.

image


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.71] 2020-03-03 07:19:31

ТББ-д ч мөнгөтэй газартай хамтрах эсвэл мөнгөтэй газруудыг шантаажлах л ажил хийх юм даа


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.