Ерөнхийлөгчөө, тусгаарладаг улс, өвчин гарсан орноос ирсэн гадаад иргэнийг тусгаарлалгүй явуулжээ

Н.Саранчимэг / Эрүүл мэнд

Өнөөдрийн хамгийн гунигт мэдээ бол өдий хүртэл тэссэн Монголд коронавирусын анхны тохиолдол бүртгэгдсэн явдал байлаа. Коронавирусын халдвар тээгч нь Франц улсын иргэн бөгөөд энэ сарын 2-нд Аэрофлотын онгоцоор ирсэн байна. Түүнийг Монголын нисэх онгоцны буудал дээр буухад нь 14 хоног өөрийгөө тусгаарлаж, хянах зөвлөмжийг өгсөн боловч тэр хэрэгжүүлсэнгүй. Баянгол зочид буудалд байрлуулж өөрийгөө хяна гэсэн боловч тэндээ 3-4 хоночихоод Улаанбаатар- Сайншандын 286 дугаар галт тэрэгний 10 дугаар вагонд сууж, Дорноговь аймаг руу явжээ. Түүний Улаанбаатарт ирээд уулзсан анхны хүн нь орчуулагч эмэгтэй нь. Орчуулагч тэр эмэгтэй франц зөвлөхөө Баянгол зочид буудлаас гаргаж Дорноговь аймаг руу явуулжээ. Очингуутаа Улаанбадрах сум руу явж компани дээрээ очоод ажилчидтайгаа гар барин уулзаж, хурал хийсэн байна. Харин гуравдугаар сарын 7-ны өдөр “Бие зарайгаад байна” гэсэн өгүүлэмжтэйгээр өөрийн кемпийн эмчдээ ханджээ. Тухайн үед эмчийг үзэхэд биеийн халуун нь 37,4 байсан гэнэ. Ингээд эмч нь аймгийн эмнэлэгт хандсанаар, аймгаас ХӨСҮТ-д мэдээлэл өгч, хотоос тусгай баг гарч шинжилгээнд хамуулсан бөгөөд шинжилгээний хариу урьд шөнийн 01.30 минутад гарч COVID-19 болох нь тогтоогдоод байна.

Хамгийн гол нь “Арева” компанийн зөвлөх 57 настай франц эрийг коронавирусын халдвар тээж Монголд ирэх үед Францад нь хоёр хүн энэ халдвараар нас барчихсан, бас тус улс коронавирусын халдвар илэрсэн дэлхийн 67 дахь орон болчихоод байж. Ийм байхад яагаад түүнийг албадан тусгаарлаагүй юм бэ. Улсынхаа Ерөнхийлөгчийг хүртэл 14 хоног тусгаарласан атлаа халдварын голомтоос ирсэн хүнийг яагаад зүгээр явуулчихваа гэдэг нь үнэхээр анхаарал татах асуудал мөнөөсөө мөн. Гаднаас ирсэн монгол иргэдээ баривчлах дөхөөд л тусгаарлаад байсан мөртлөө гадаад хүн гэхээр зөвлөмж өгөөд л буудалд хүргэж өгчихөөд тэр чигээр нь орхичихдог нь хаанахын ёс вэ. Энэ бол ялгаварласан, өнгөтэй, мөнгөтэйд нь өөрөөр хандаж байгаа үйлдэл. Өвчин хэнийг ч ялгаварладаггүй гэдгийн бодит жишээ энэ боллоо. Өдийг хүртэл тэссэн монгол түмний итгэл сэтгэл, энэ төрийн зүтгэлийг агаараар нисч ирээд л зүгээр салхинд хийсгэж орхилоо.

Өөрийгөө 14 хоног тусгаарлаж, хянах зөвлөмж авсан зөвлөх эр буудалдаа байх ёстой атал гадуур зугаацаж, Улаанбаатарт 40 хүнтэй биечлэн уулзаж, KFC-гээс хоёр ч удаа хоол захиалан идэж, Ариг, Верандад хооллож явсан байх юм. Аэрофлотоор түүнтэй хамт 120 хүн ирсэн бөгөөд урагшаа, хойшоо, хажуу тийшээ гээд гурав гурван эгнээний хүмүүсийг нэрсийг гаргаад хяналт тавьж эхэлжээ. Орон нутгийн галт тэргэнд түүнтэй хамт 28 хүн явсныг ч мөн тогтоогоод байгаа аж. Түүнчлэн Дорноговь аймагт очоод 80 хүнтэй уулзсан гэх мэдээлэл ч байна. Эдгээр 120 хүнийг нэгдүгээр хавьтл гэж үзэж байгаа юм байна. Франц эрийн шинжилгээ эерэг гарсантай холбогдуулж, хоёр машинтай эмнэлгийн баг Дорноговь руу гарчээ. Өөрийн кемп дээрээ тусгаарлагдаад байгаа зөвлөхийн зөөвөрлөх эсэхийг мэргэжлийн баг газар дээр нь очиж шийдвэрлэх юм байна. Нэг хүн 30 хүнд вирус халдаана гэж ДЭМБ-аас анхааруулж байсан. Харин энэ удаа франц эр 500 хүнд халдаасан байх магадлалтай гэж тооцож байгаа юм байна. Ийм л аюултай нөхцөл байдалд сэжигтэй хүнийг сэжиглэж цээрлэлгүй, тусгаарлаж, хяналгүй явуулчихжээ. Хэрвээ Баянгол зочид буудалдаа өөрийгөө тусгаарлаад, Монгол Улсын хууль дүрмийг чанд сахиад байж байсан бол Монгол коронагүй чигээрээ, монгол түмэн амгалан байх байв. Одоо бид бүхэн сэрэмж алдаж огт болохгүй цаг ирлээ. Амны хаалтаа тогтмол зүүж, гараа ариутгаж, олны хөлийн газар сэлгүүцэхгүй байцгаая.

Одоогийн байдлаар Веранда, Ариг ресторан, KFC-гийн салбарыг хааж, хөл хорио тогтоогоод байна. Байрлаж, хонож өнжиж, ажиллаж байсан Баянгол зочид буудал, ICC Tower хоёр ч эрсдэлтэй бүсэд ороод байна.