А.Амбасэлмаа: Өнөөдрийн байдлаар COVID-19-ийн халдварын шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Халдвар дэлхийн 166 оронд тархсан. Итали, Испани, Франц, Герман зэрэг улсуудад халдвар эрчимтэй тархаж байна. Харин БНХАУ-д 24 цагийн хугацаанд нэг ч нас баралт бүртгэгдээгүй. БНХАУ, Ухань хот коронавирус өвчний халдварыг бүрэн хяналтдаа авлаа гэдгээ мэдээлсэн.

ДЭМБ урьд шөнө хурлаа хийсэн. ДЭМБ “Эрсдэлгүй хүн гэж нэг ч байхгүй. Эрсдэл өндөр байгааг ойлгож, халдвар манай улсад тархах эрсдэл өндөр байна" гэж ойлгож, сэрэмжлэх хэрэгтэйг анхаарууллаа. Амны хаалтаа байнга зүүж, олон нийтийн газар явахгүй байхыг сануулж байна. Амны хаалтаа тогмол сольж хэрэглэх хэрэгтэйг анхааруулья. Олон нийтийн байгууллагын үйл ажиллагаа, сургууль, цэцэрлэгийг үйл ажиллагааг явуулах нь эрсдэлийг нэмэгдүүлэх магадлал өндөр гэж үзэж байгаа” гэлээ.

СЭЛЭНГЭ, БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БООМТУУДААР ОРЖ ИРСЭН ИРГЭДИЙГ АЙМАГ, АЙМАГТ НЬ ТУСГААРЛАСАН

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: Өнөөдрийн байдлаар 1,706 иргэнийг тусгаарлан ажиглаж байна. Сэжигтэй тохиолдол гэж үзэн 309 хүнийг шинжилгээнд хамруулснаас таван тохиолдлын онош батлагдаж, дөрвөн хүний шинжилгээ хийгдэж байна.

Истанбул-Улаанбаатарын нислэгээр өчигдөр 252 хүн ирсэн. Нисэх баг 15 хүний бүрэлдэхүүнтэй. Тэднээс ХӨСҮТ-д 24, Цэргийн төв эмнэлэгт хоёр хүнийг тусгаарлаж, бусад иргэдийг Зүчи, Бага баян, Асралтмед эмнэлэгт тусгаарлан ажиглалтад авлаа.

Тархи зүрхний хүнд эмгэгтэй хүүхэд Турк улсад эмчлүүлж байгаа учраас энэ удаагийн нислэгээр ирээгүй. Сэлэнгэ, Баян-Өлгий аймгийн боомтуудаар орж ирсэн иргэдийг аймаг, аймагт нь тусгаарлалаа.

Эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлаа ханган, эрчимт эмчилгээ, түргэн тусламжаа хянаж байгаа. Түргэн тусламжийн дуудлага буурч байна. Ачаалал нэмэгдвэл ашиглахаар Арьсны өвчин судлалын үндэсний төвд 107 ор гаргасан. Мөн зарим дүүргийн эмнэлгүүдийг чөлөөлөөд нийт 705 ор гаргах боломжтой гэсэн тооцооллыг хийгээд байгаа.

Өнөөдөр ЭМ-ийн сайдын зөвлөлийн хурлыг өргөтгөсөн байдлаар хийнэ. Өчигдөр БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний хорооноос цахим сургалт авсан. БНХАУ-ын авч хэрэгжүүлсэн гол арга хэмжээнүүдийг дурдвал, эрт илрүүлэх, эрт тусгаарлах, эрт оношлох эмчлэх чиглэлд анхаарсан байна. Өвчтөнүүдийг маш хүнд, хүнд, дунд, хөнгөн хэмээн ангилж эмчилгээ хийж байгаа. Биеийн байдал нь хөнгөн болон дунд ангилалд багтаж байгаа өвчтөнүүд 10-14 хоног эмчлэгдэж байна гэсэн мэдээллийг өглөө. Хамар залгиураас гарсан шинжилгээ хэрвээ сөрөг гарвал өтгөнд бас шинжилгээ хийж байгаагаа хэлж байна. Манай эмчилгээний тактик үндсэндээ адил байгаа" гэв.

COVID-19-ИЙН ХАЛДВАРЫН НИЙТ ЗУРГААН ТОХИОЛДОЛ ХӨСҮТ-Д ЭМЧЛЭГДЭЖ БАЙНА

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Гуравдугаар сарын 17-ны өдөр ХӨСҮТ-д нэг, Говь-Алтай аймагт нэг Сэлэнгэ аймагт хоёр хүн тусгаарлагдаад байсан. Эдгээр хүмүүсийн шинжилгээнд коронавирус илрээгүй.

Харин өчигдөр шинээр Сэлэнгэ аймаг гурван сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Гуравдугаар сарын 17-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу эерэг гарсныг өчигдөр мэдээлсэн. Ингээд COVID-19-ийн халдварын нийт зургаан тохиолдол ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Өнөөдрийн байдлаар COVID-19-ийн халдварын шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.