Б.Туяа: Энэ цөвүүн цагт зүрхэндээ нар мандтал инээгээрэй, ард түмэн минь

Aдмин / Энтертайнмент

Монгол Улсын гавьяат жүжигчин Балдандоржийн Туяатай ярилцлаа.


-Энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө хүсэлтийг минь хүлээн авсанд баярлапаа. Та хошин урлагтай хэдийнээс холбогдож байв?

-Баярлалаа. Би 1976 онд хүүхэд залуучуудын театрт жүжигчин болж орсон. Тэгэхэд “Инээдэм 76” гэсэн тоглолт хийж байлаа. Тоглолтыг зохиолч Б.Лхагвасүрэн, Ж.Барамсай гуай хоёр зохиолыг нь бичээд өөрсдөө тоглож байсан. Яг энэ үеэс л хойш хошин урлагтай холбоотой явна даа. “Цуурхал”, “Бөхийн хорхойтон”, “Эрх жаал” гэх зэрэг хөтөлбөрийн үзэгдлүүдэд тоглож явлаа. Ингэхдээ Хүүхдийн театрт байсан Л.Жанчивдорж ах, Г.Дашхүү ах, Ардын жүжигчин А.Очирбат гуай, Гавяат жүжигчин З. Галсанданзан гуай гээд олон сайхан уран бүтээлчидтэй хамт тоглож байсан. Миний бүтээдэг дүрүүд туулайн бүжин, янзага гээд жижигхэн биетэй амьтдын дүрд тоглодог байлаа. 1980-аад оны үеэс арай том болсон юм уу даа. Г.Доржсамбуу найруулагч маань “Хүний санаа” жүжгэн дээр надад хүүхний дүр өгсөн. Тэрнээс өмнө дандаа жаахан амьтдын дүрийг их бүтээдэг байсан.

-Хүүхдийн театрт хэрхэн орж байв. Анхны тайз гэдэг урлагийн хүний хувьд нандин дурсамж байдаг байх?

-Би 1976 оноос өмнө “Нэг ангийн хоёр” кинонд тоглочихсон. Түүнээс хойш олон кинонд дуу оруулчихсан. Өөрийгөө урлагийн хүн гээд бодчихсон дээгүүр саначихсан байж байгаад 1976 оны кино драмын ангиас хасагдсан. Өөр мэргэжлийн томилолт ирсэн боловч аваагүй. Шалгалт өгсөн сургуулиудаа хаяад маргаашнаас нь хүүхдийн театрын зэритлийн арын суудалд өдөр бүр очиж суудаг болсон. Тэнд сууж байхад С.Сугар, Ганбаатар хоёр найруулагч жүжиг найруулдаг байлаа. Өдөр болгон хэрэгтэй юм шиг ирнэ. Өдөр завсарлагаанаар ах эгч нарын талх, чихэр, маруужин захисан юманд нь гүйж өгнө. Тэгээд ард нь сууж жүжгээ үзнэ. Би одоо баярладаг. Тухайн үед найруулагчид тэр хүүхэд юу вэ гар гэж хөөгөөгүй. Намайг удаан суулгасан нь ямар их аз вэ. Түүнийхээ ачаар жүжигчдийн арга барилыг харж, үгийг нь цээжилж, гэрлийг нь харлаа. Ингэсээр байгаад есөн сар болж хүүхдийн театрынхан бригад явах болсон. Би нөгөө хэдийгээ үдэж өгөх гээд ээжээрээ арван хил гурилаар боорцог хийлгээд, аравын бидонд будаатай цай хийлгэж аваад өглөө эрт хүрээд ирлээ. Тэгсэн нөгөө хэд маань явдаггүй. Яасан гэсэн нэг жүжигчин эгчийн хүүхдийнх нь бие муудаад эмнэлэгт хэвтсэн. Оронд нь хэнийг явуулах уу гээд хурал хийж байгаа гэнэ. Би ч ухаан жолоогүй гүйгээд даргын өрөө лүү зөвхөн гараа оруулаад “багш аа би тоглоё” гээд орилчихсон. Хэн бэ гэсэн аймар чичирсэн дуугар “би” гээд л орлоо. Ороод ир юу тоглож чадах юм чи гэхээр нь би “бүгдийг нь” гэж хэлсэн гээд л бодчих. (инээв) Шалгуулаад маргаашнаас нь театрын дагалдан жүжигчин тайзан дээр гарах эрхтэй болсон. Хамгийн түрүүнд тоглосон газар Лүн гээд газрын жижигхэн клуб байсан ч тэр миний хувьд хамгийн том тайз байсан.

-Таны хувьд “Төл” аянаар анх томилолт авч явсан гэсэн. Тэр үеийн сайхан дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Хөдөө сум, бригадаар их явсан. Ямар сайндаа надаас нэг сэтгүүлч та хилээ хэд тойров гэж асуухад нь тоогоо алдсан гэж хариулах вэ дээ. Анх 1970-аад оны сүүлээр “Төл” аянаар явсан. Тэрэнд дандаа урлагийн томчууд явна шүү дээ. Тэгсэн Хүүхдийн театраас намайг явуулна гэж хуваарилдаг юм байна. Урлагийн ажилтны холбоон дээр очлоо. Тэгсэн Э.Оюун гуай намайг хараад “ишш зайлуулдаа чамаас өөр явах амьтан хүүхдийн театрт алга уу, чи юу чаддаг юм шалгуул” гэж байсан.(инээв) Тэгээд шалгуулаад явж байлаа. Олон сайхан уран бүтээлчидтэй нэг бригад болж хуваарилагдан төл авч байгаа айлуудаар явсан. Хүүхдийн театр намайг ганцаарчилсан үзүүлбэр үзүүлчихдэг л гэж явуулсан. Орой болгон хувийн номероо тоглоод байхаар хүн чинь нэг гаршина шүү дээ.

-Тухайн үед хамт нэг бригад болж явсан жүжигчдээс олон зүйл сурсан байх?

-Тэгэлгүй яахав. Аян маань дуусаад Дорнодын тайзан дээр тоглосон. Хаалтын тоглолтон дээр би жинхэнэ томчуудад харагдах аз завшаан байлаа л даа. Өөрийнхөө чаддаг “Баригддаггүй хулгайч” хүүхдийн номер “Нараа нараа” шүлгээ, “Андре хаачив” өгүүллэгээ уншлаа. Энэ бүхнийг үзүүлэхэд намайг хүн болгон үзээсэй гэж их хүссэн. Тэгээд өөрийнхөө гарах ээлж болоход томчууд дээр гүйж ирээд “одоо миний тоглох ээлж болж байна шүү” гээд өөрөө зарлачихсан. (Инээв) Тэгсэн нөгөө хүмүүс маань намайг харах гээд тайзны хоёр талд зогсоод л. Би чинь ёстой өөрийгөө үзүүлдэг юм байгаа биз дээ. Тэгээд томчуудад магтуулж байсан сайхан дурсамж бий. Түүнээс хойш намайг томчууд таниж мэддэг болсон. Тэр бол хамгийн том аз завшаан байсан.

-Бригад болоод явж байхад хөгжилтэй зүйл бишгүй л тохиолддог байх даа?

-Зорьсон газраа орой очсон болохоор миний тоглох хүүхдийн жүжиг маань тоглогдоогүй. “Хэнийг явуулах вэ” гэдэг жүжиг тоглосон. Тэрэн дээр саальчингууд нааш цаашаа харанхуйд гүйлдээд нэг гараад тайз солигддог жүжиг байхгүй юу. Нэг л удаа тэгж гүйх ёстой байсныг нь би гурван удаа нааш цаашаа гүйгээд загнуулсан. Хэн чамайг гурав яв гэсэн юм. Хэн чамайг наашаа цаашаа гүй гэсэн юм. Дахиж битгий гар гэж загнуулаад л их хөгжилтэй. Тоглолтын гэрэл тавихад нь туслаад л явдаг байсан. Тоглолтны дараа ийм жүжигчин байсан бол тэгэх байсан, тэр ах тэгээд алдчихлаа би байсан бол ингэх байсан гээд дандаа ургуулан боддог байсан.

-Л.Жанчивдорж, Г.Дашхүү гээд тэр үеийн хошин урлагийн томчуудтай ажиллаж байсан шүү дээ. Тэднээс их зүйлийг суралцсан байх?

-Гайхалтай хүмүүс. Бригадад явна. Надад суудал байхгүй. Би чинь жижигхэн амьтан тээр урд автобусны мотор дээр арагшаа хараад суучихна. Эсвэл хүмүүсийн суудлын хажуугаар авдар дээр нь суугаад явна. Хаа сайгүй л сууж явна даа. Л.Жанчивдорж, Г.Дашхүү ах дандаа онигоо зохионо. Тэдний онигоог сонсож л ангайж инээж л явлаа шүү дээ. Тэднээсээ л олон зүйл сонсож театрт орсон эхний хэдэн жилээ өнгөрүүлсэн дээ. Дараа нь тэдэнтэйгээ жүжигт ээж охин, эхнэр нөхөр, найзууд болж тоглож явлаа. “Бэрсүүт жүрж” кинонд Г.Дашхүү ах маань ээж болж тоглосон. Энэ дүрийг хүмүүс сайн мэднэ. Л. Жанчиндорж ахтайгаа эхнэр нөхөр ч болж тоглолоо. 15 жил хүүхдийн театрын жүжгүүдэд тоглохдоо маш олон гайхалтай жүжигчидтэй хамтарч тоглосон. Нэрийг нь дурдахгүй үлдвэл харамсалтай юм даа. Бүх жүжигчдэд нь хайртай. Би хамт тоглож байсан жүжигчид болон найз нартаа дурсамжийн мөртүүд бичдэг юм л даа. Г.Дашхүү ахдаа зориулж

Дашхүү ахыг дэндүү мэднэ ээ би

Даанч шогчийг нь дэндүү ойлгоно оо би

Цогзолмаа эгчид дэндүү хайртайг нь би бас мэднэ ээ

Цовоо сэргэлэн олон хүүхдүүдийг нь би бас өхөөрдөнө өө

Бэрсүүт жүржид ээж охин болж явлаа

Хүний санаанд хайртай хосуудад тоглож байлаа

Минийх жүжгийн найз нөхөд болж явлаа

Манай гэрт инээж баясаж хөгжилдөж суулаа

Авгайд тоглохдоо авьяастайдаа

Авдар хочит алдарт эцэгдээ

Онигоо зохиохдоо онч мэргэндээ

Олны хайртай мундаг ах минь дээ та” гэсэн шүлгийг 2011 онд бичиж байжээ. Жанчивдорж ахдаа

Жанчив шилэн нүдтэй тийм ээ

Жанчив шилтэй юманд дуртай үнэн

Жанчив гэнэхэн зантай хөөрхий

Жанчив гайхалтай авьяастай биширмээр ээ

Жанчивт хүүхнүүд дуртай үнэн

Жанчивтай тайзанд байх бахтай тиймээ

Жанчив хорхойд хоргүй үнэн

Жанчив халхад дахин төрөхгүй жүжигчин үнэн

Уяхан зөөлхөн гэнэхэн

Уйлдаг, дуулдаг жүжигчин

Шил зузаантай найз олонтой

Хорхойд хоргүй ховорхон ах минь ээ гэсэн байна. Энэ хоёр хүний тухай асуусан учраас энэ хоёр хүнийхээ л тухай шүлгийг уншлаа. Цаана нь зөндөө олон хүний тухай шүлэг бий. Нэг ийм дэвтэр байдаг юм.

-Дээхнэ үеийн хошин урлагийн жүжигчид болоод одоо үеийн хошин урлагийн жүжигчдийн ялгаа их байна?

-Энэ бол шал ондоо. Нийгэм нь ч ондоо. Бид нар хошин урлагт дүр бүтээдэг байсан. Одоогийн жүжигчдийг харахаар уучлаарай гомдоох вий дээ гэхдээ би шулуухан хэлэх дуртай. Дүр бүтээж мэдэхгүй байна. Яавал хүн инээлгэх вэ л гэж боддог болсон. Яавал биш байхгүй юу. Яавал инээлгэх вэ гэж бодож болохгүй. Яаж ийгээд хүн өөрөө аяандаа хүн инээж байх ёстой. Одоо бол дүр бүтээнэ гэдэг асуудал байхгүй. Хэрэгтэй хэрэггүй үгний цуглуулга ч юм шиг. Аймар шүүмжилчихэв үү дээ. Гэхдээ олон сайхан жүжигчид маш олон бий. За тэгээд ярилцлагынхаа төгсгөлд дэлхий даяараа сэтгэл санааны хямралтай байгаа энэ үед зүүдэндээ сарнай дэлгэртэл инээгээрэй, зүрхэндээ нар мандтал инээгээрэй, сэтгэлдээ хайр астал инээгээрэй, сарыг нар болтол инээгээрэй гэж ард түмэндээ хэлье.

Эх сурвалж: С.Лхамсүрэн, ӨДРИЙН СОНИН