Д.Пүрэвдаваа: Өрхийн орлогыг нэмэгдүүлбэл олон ажил цэгцэрнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Пүрэвдаваатай ярилцлаа.
-Баянзүрх дүүрэгт төрж, өсөөд, дараа нь энэ дүүргээ удирдаж ажилласан, басхүү олон өөрчлөлт хийж чадсан хүн гэж таныг иргэд дүгнэдэг. Одоо бидний сууж байгаа танхим бол танай дүүргийн номын сан. Яагаад дүүрэг өөрийн гэсэн номын сантай байх ёстой гэж үзсэн бэ?
-Дэлхийн хамгийн шилдэг хотоор удаа дараа шалгарч байсан Мельбурнд очиж туршлага судалсныхаа дараа буюу 2014 онд номын сан байгуулахаар шийдсэн. Тухайн үед Викториа муж болон Мельбурн хотын үйл ажиллагаатай танилцахад иргэдийн сэтгэлд хамгийн их хүрсэн үйлчилгээ нь номын сан байсан. Төрийн байгууллагаас гаргасан шийдвэрийг ямар ч хүлээлтгүй шууд үзэж, хувилж авах боломжтой ийм номын санг дүүрэгтээ байгуулах, бүр тусдаа 2-3 давхар барилгатай болгохыг хүссэн ч санхүүгийн боломж бүрдээгүй.
Дүүргээс үйлчилгээ авахаар ирсэн иргэн шаардлагатай хууль тогтоомж, дүрэм журмыг номын сангаас үзэж судлаад, хэрэгтэй мэдээллээ хувилж, бүрдүүлж аваад албан хаагчидтай уулзвал цаг хугацаа ч хэмнэнэ, хөдөлмөр хөнгөвчилж, аливаа хүнд суртал, магадгүй авлига хээл хахуулийн асуудлаас ч сэрэмжлэх юм. Тусад нь барилга барьж чадаагүй ч дүүрэг дотроо танхим гаргаж номын сангаа ажиллуулж байгаа. Анх 7000 номтой эхэлсэн. Цаашдаа улам өргөтгөөд явах байх. Бусад дүүрэг, орон нутгийн удирдлагын байгууллагад жишээ болох туршлага шүү.
-Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллах хугацаандаа олон ажил амжуулсныг нь дуулсан. Орон нутгийн хөрөнгөөр барьж, байгуулсан дөрвөн цэцэрлэгээс эхлээд сайн туршлага яригдана. Гэхдээ хийнэ гэж төлөвлөчхөөд амжаагүй ямар ажил байдаг вэ?
-Дүүргийн Засаг дарга хүн аж ахуйн ажилтай түлхүү зууралддаг гэх үү дээ. Манай дүүргийн иргэдийн 60 орчим хувь нь гэр хороололд амьдарч байна. Тэгэхээр дэд бүтэцжүүлэх асуудал чухал. Өнөөдөр бид гэр хорооллын иргэдийг нийгмийн давхарга болгож хараад байна. Жишээлбэл, Зайсан хавийн дундаж үнэтэй орон сууц 100-150 сая төгрөг байхад, БЗД-ийн 15 хороолол буюу Улаанхуарангийн хуучин байрнууд маш хямд өртөгтэй. Түүнчлэн байшин хорооллыг тусад нь салгаад гэр хорооллыг бүхэлд нь давхарга болгож хараад байгаа нь алдаа. Өнөөдөр хот төлөвлөлт шинжлэх ухаан болж хөгжөөд байна. Гэр хороололд баян, дундаж, зорилтот бүлгийнхэн гээд давхарга бүрээс л байх ёстой. Тэгж байж жижиг дунд бизнес, зах зээл, ажлын байр, ажиллах хүчний тухай ярина. Энэ чиглэлийг барьж дүүргээ хөгжүүлэхийг зорьж байсан ч надад 2016 он хүртэл ажиллах боломж ногдсон. Дээр нь дүүргийн Засаг дарга тэр хэмжээний эрх мэдэл байхгүй. Цаашдаа дүүрэг бүрийг онцлогийнх нь дагуу хөгжүүлэх хэрэгтэй.
Нийслэлээс ерөнхий төлөвлөгөө хийдэг ч дүүрэгт тусдаа алба, хэлтэс байх ёстой юм. Тэр чиглэлийн дагуу дүүргийн иргэдийн хурал нь тухайн дүүргийн ерөнхий төлөвлөгөөгөө батлаад явбал зүгээр санагддаг. Бүгдийг нийслэл дээр төвлөрүүлэхээр өөрсдөө ч хүртэхгүй, өрөөлийн ажлыг ч уядаг сул талтай. Хотын төвийн албан тасалгааны цонхоор харагдаж байгаа зүйл захын хорооллын Шархадныхаас өөр. Тэгэхээр хот төлөвлөлтөө зөв хийх ёстой.
-Цагдаагийн гуравдугаар хэлтэс Улиастайд байдаг. Хүн амын тоонд дүйцүүлж, Цагдаагийн хэлтэс байгуулах ёстой ч энэ хавь бас л орхигдсон байсныг та олж харсан юм билээ. Цаашид гэмт хэргийг бууруулах, Цагдаагийн байгууллагын ачааллыг багасгахад ямар чухал ажил хийвэл нөлөөлөх бол?
-Цагдаагийн байгууллагын ачаалалд маш их жин дардаг зүйл нь ахуйн хулгай. Баянзүрх дүүрэг хамгийн их хүн амтай засаг захиргааны нэгж. Энэ том айлд шийдэх ёстой чухал асуудлын нэг нь хулгайн гэмт хэрэг. Энэ гэмт хэргийг бууруулахын тулд шилэн кабелийн системтэй болох хэрэгтэй. Битүү шилэн кабелийн сүлжээтэй бол камерын хяналттай болж чадна. Өнөөдөр сүлжээний хурд хангалтгүй, камерын бичлэг нь нотлох баримтын хэмжээнд чанарын шаардлага хангаж чаддаггүй. Гэмт хэргийг бууруулъя гэвэл энэ том бүтээн байгуулалтыг заавал хийх ёстой. Иргэн хүн гэрээсээ гараад ажилдаа очоод ирэхдээ бүрэн хяналттай ар гэртээ санаа зовохгүй, хулгайд утсаа алдах вий гэж эмээхгүй л явдаг болбол сайхан. Лондон хотын нэг иргэн өглөөнөөс орой болтол 300 хяналтын камерт өртдөг гэсэн судалгаа бий.
-Төрийн үйлчилгээг хүнд сурталтай байна гэж иргэд шүүмжилдэг. Үүнтэй та санал нийлэх үү?
-Асар том байсан компьютерийн дэлгэц, процессорын үүргийг одоо таны гартаа атгаж байгаа гар утас гүйцэтгэж байна. Тэгэхээр төр ч гэсэн хэт данхар том биш аль болох ухаалаг, авсаархан байх ёстой. Программ хангамж руу хөрвүүлж энэ данхар бүтцийг сайжруулж болно. Тухайлбал, ТҮЦ машин нэг жишээ нь. Бүртгэлийн газарт дугаарлахаа больж, хурууны хээгээ уншуулаад Төрийн үйлчилгээг авчхаж байна. Түүнтэй ижил дүүргээс олгодог үйлчилгээг ухаалаг систем рүү хурдан шилжүүлэх хэрэгтэй. Ингэж чадвал иргэдийн зардал, цаг хугацааг хэмнэнэ.
-Өнгөрсөн хугацаанд та бас Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллалаа. Аж ахуйн ажил хийдэг байсан дүүргийн Засаг даргын ажлаас мэдээж ялгаатай. Нэлээн олон салбарыг хамтатган хариуцдаг юм байна, тийм үү?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот хөдөөгийн бодлого, агаарын бохирдол хариуцсан зөвлөхөөр гурван жил ажиллаж байна. Ерөнхийлөгчийн зөвлөх нь мэдээлэлд анализ хийж, бичиг цаастай ажилладаг. Маш олон хуралд сууж, гаргасан санаачилгаа Тамгын газарт өгдөг.
Энэ хугацаанд улсын хэмжээний зөв туршлага, мэдээлэлтэй болж, хөдөө орон нутагт хүрч ажилласандаа баяртай байдаг. Баруун аймгуудаас уул уурхайн асуудлаар Ерөнхийлөгчид хандаж маш олон өргөдөл гомдол ирүүлдэг. Түүний дагуу ажлын хэсэг ахлаад байгаль орчинд ээлгүй уул уурхайн үйл ажиллагаанд хяналт тавьж, газар дээр нь шийдвэр гаргаж ажилласан. Манай улс их өргөн уудам нутагтай, маш их баялагтай ч түүндээ хяналт тавьж чаддаггүй. Нэг аймагт хэдэн арван уул уурхайн компани үйл ажиллагаа явуулж байхад байгаль орчны ганц, хоёрхон байцаагчтай байх жишээтэй. Тэдэнд уулын мухарт, даваа нугачааг гатлан хүрэх унаа, шатахуун байхгүй.
Ажлын хэсэг гаргаад олон байгууллага зэрэгцэж очоод мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөөд ажиллахад орон нутгийн иргэд таашаалтай хүлээн авсан. Ус, бэлчээрийн хомсдол, байгалийн нөхөн сэргээлтийн асуудал, хариуцлагагүй уул уурхайн дүр төрх тод бий болчихжээ.
Хот хариуцсан зөвлөх гэдэг утгаар хүн амынхаа 47 хувийг газар нутгийнхаа 0.3 хувьд хашчихсан Улаанбаатар хотын хөгжлийн тухай бас судалж, санал боловсруулж ажиллалаа. Соёл, хүн ам, худалдаа үйлчилгээний хэт төвлөрөл бий болчихсон энэ хотод хүн хүссэн үйлчилгээгээ сэтгэл ханамжтай хүлээн авах боломж бага байна. Үүнийг богино хугацаанд шийдэх арга нь дагуул хот хөгжүүлэх явдал. Тухайлбал, Налайх хүрэх зам сайхан болчихлоо. Тэгэхээр Богд уулаа тойруулаад дагуул хотуудаа хөгжүүлж болно. Налайх, Майдар хот, Зуунмод хот Шинэ нисэх, Өлзийт хороолол, Хуучин нисэх гээд тойроод дагуул хоттой болох боломжтой. Үүнтэй зэрэгцүүлэн Хөдөө аж ахуйн яамыг их дээд сургуультай хамт Зуунмод хот руу шилжүүлдэг ч юм уу, өөрчлөн зохион байгуулах арга бий. Хот төлөвлөлт, хотыг шинэчлэн зохион байгуулахтай холбоотой ажлын үр дүн тийм ч хурдан гарахгүй, наанадаж 7-8 жил хэрэгтэй.
Агаарын бохирдлын хувьд Ерөнхийлөгчийн байр суурь утаагүй түлш зуухыг хязгаарлах нь зөв гэсэн өнцөгтэй байгаа. Нэг удаагийн шийдвэрээр татвар төлөгчдийн мөнгийг үрэх нь буруу. Утаагүй гэсэн болгоныг нийлүүлснээрээ гэр хорооллын айлын нийгмийн асуудал шийдэгддэггүй. Зүгээр л том гэмтчихсэн өвдөг дээр шархны лент нааж байгаатай л ижил. Учир шалтгаан, уг гарвалтай нь бодлоготой шийдэх ёстой л доо. Ядуурал, хөрсний бохирдол гээд зэрэгцээд оршсоор байгаа асуудал олон байна. Ер нь дөрвөн жил гэдэг асар хурдан өнгөрдөг. Маш шуурхай, төлөвлөгөөтэй ажиллах ёстой. Ингэхийн тулд туршлагажсан байх нь чухал. Засаг даргаар ажиллаж байхдаа бодит амьдрал дээр юу тохиолддог вэ гэдгийг мэдэрсэн бол Ерөнхийлөгчийн зөвлөхийн хувьд их мэдээллээс анализ хийж, оновчтой дүгнэлт гаргаж, хэрэгтэй бодлогыг нь барих талдаа илүү ажилласан юм байна.
-Өнөөгийн Ардчилсан нам боловсрол, мэдлэгтэй залуусаараа хүч түрж, гарч ирж байна. Энэ бас их сайн дэвшил шүү?
-Төрийн данхар бүтцээс татгалзаж, ардчиллын замаар хөгжих нь зөв гэсэн үзэл баримтлал манай намд баттай бий. Хүний мэдлэг, эдийн засгийн эрх чөлөө, хууль тэгш хэрэгждэг орчинг бий болгох нь ардчилал юм. Өнгөрсөн хугацаанд бид ололтоосоо ухарч, зарим нэг улсын хүсээд ч эдэлж чадаагүй ардчиллын үнэ цэнийг бүрэн ухаарахгүй яваа нь харамсалтай. “Та хаашаа аялахыг хүсч байна вэ” гэж асуувал олонх нь Англи, Америк, Европыг нэрлэх байх. Яагаад тэр вэ. Тэдгээр улсад ардчилал гэдэг зүйл бүрэн утгаараа бий болж, иргэд нь эрхтэй, эрдэм мэдлэгтэй, улсад нь хүний эрхийг дээдэлсэн хууль хэрэгждэг.
Чин шударгаар шүүмжилмээр санагдаж байгаа зүйлээ энд онцолмоор байна. Эх орноо хөгжүүлэхгүй хэрнээ үр хүүхдээ тэр өндөр хөгжилтэй орон руу явуулчихдаг дарга нарыг л гайхах юм. Ам, ажлын зөрүү гэж энэ.
-Ардчилсан хувьсгалаа амжилттай хийсэн ч өдий хүртэл хангалттай хөгжиж чадахгүй л явна. Алдаа нь юундаа байна вэ?
-Алдаа гарч болох ч үндсэн зарчмаасаа хазайх учиргүй. Нийт хадгаламжийнх нь 90 хувь хэдхэн хүний гарт төвлөрч, баян ядуугийн ялгаа асар их болсон энэ улсын алдаа нь Ардчилсан хувьсгалын дараа бүгд ижил гараанаас гарч чадаагүйтэй холбоотой. Нэг нам нь эд хөрөнгө, албан тушаал, намын гишүүнчлэлтэйгээ үлдээд шинэ намуудтай өрсөлдсөн. Шилжилтийн үед эрх мэдэл албан тушаалтай байсан тэр хүмүүс өөрсдөдөө давуу байдал бий болгосон. Тэд илүү эрх мэдэл, албан тушаалтай байсан болохоор төрийн гэсэн авч болох бүх зүйлийг түрүүлж авсан.
Өнгөрсөн 30 жилийн гажуудлыг ардчилал руу тохож байгаа нь буруу. Залруулахад амаргүй ч болдог бол олон жил нам дагаж, төрд шургалсан нөхдийн оролцоог багасгаж төрийг ухаалаг, цомхон болгоод аль болохоор ил тод, шударга зарчмаар ажилламаар байна.
Төр ерөөсөө бизнес рүү орж болохгүй. Жам ёсоороо хөгжих ёстой салбар луу төр орж самардаг. Төрд буруутай хүн олддоггүй. Уулын горхины аман дээр бүтээн байгуулалт хийвэл нэг л өдөр үер аваад явдагтай ижилхэн буруу зарчмаар ажиллавал гор нь гарна.
-Тэгвэл энэ өөрчлөлтөд нөлөөлөх эхний алхам нь юу юм бол?
-Анхны оролцоо ил тод байдал. Бүх зүйл ил тод байхыг шаарддаг иргэдтэй байх ёстой. Иргэдийн төлсөн татварыг илүү үр өгөөжтэй зүйлд зориулах ёстой. Ямар ч хүн татвар төлөхдөө сургууль, цэцэрлэг, зам болоосой, аюулгүй байдал бий болгоосой гэж хүсдэг. Түүнээс биш хэн нэгний сонгуулийн сурталчилгаа болчхоосой гэж өгөхгүй. Нийгмийн эмзэг хэсгийг халамжлах ёстой ч нийтээр нь хавтгайруулж “халамжлаад” эрүүл иргэдээ хөдөлмөрлөх, өрсөлдөх чадваргүй болгож болохгүй. Зөвхөн сонгуульд ялахын төлөө амлалт биелүүлж ажилладаг төр засагтай баймааргүй байна.
-Юу ч хийхгүйгээр амьдрах нь жаргал мэт боловч мөхөлд хөтөлж байгаа зам юм даа.
-Хамгийн сайн мэдэх жишээ нь Манж улс. Тэнгэр заяат Манж хүн юу ч хийх ёсгүй гэж явсаар Хятадад хэрхэн эзлэгдлээ дээ. Дэлхий даяар тийм түүх бий. Үйлдвэрлэдэггүй хэрнээ хэрэглээд байвал мөхдөг. Харамсалтай нь манай улс 30 жилийн хугацаанд 30 тэрбум ам.долларын гадаад өртэй болжээ. Өр тавиад мөнгө тараагаад л байдаг.
-Ядуурал гэдэг үг иргэдийн маань хагастай нэр холбогдчих шахуу л зүйл болчхоод байна даа.
-Улаанбаатар хотын ядуурлын түвшин 2014 онд 14 рүү бууж байсан. Хамгийн сүүлийн судалгаагаар хотод 28, хөдөөд 31-тэй гарсан. Коронагийн үеийн нөхцөл байдал нэмэгдээд бүр хүндэрсэн.
Тэгвэл 2014 онд ядуурал буурсан нь орон сууцжуулах хөтөлбөртэй шууд холбогддог. Барилгын салбар эрчимтэй хөгжсөнөөр иргэд ажилтай болж, аж ахуй нэгжүүдийн орлого нэмэгдсэн. Үүнээс ажиглахад, Төрийн бодлого жаахан зөв явбал ядуурал буурч болдог. Ядуурлын түвшинг бууруулахын тулд цалинг бий болгодог, орлого нэмэгдүүлдэг эх үүсвэрээ анхаараад явах ёстой.
Төр хэзээ ашгаа олох нь бүү мэд концесс гаргаж зам тавиад л байвал яаж хөгжих юм бэ. Тэр зам нь УИХ-ын гишүүдийн ажиллуулдаг компанийг чиглээд, хэзээ ашгаа өгөх нь тодорхойгүй уурхай руу дэд бүтэц, тог цахилгаанаа чиглүүлээд байхаар яах юм бэ. Жинхэнэ жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжиж байж л орлого нэмэгдэж, ажлын байр өсч, өрх гэр өнгөтэй өөдтэй явна. Өрхийн орлого сайн болбол барилга, байшин, цэцэрлэг сургуулийн асуудал дагаад шийдэгдэнэ. Зарим том улсын жишигтэй харицуулахад гуравхан сая хүн гэдэг тосгоных нь дайтай. Ухаалаг дотоод зохион байгуулалт хийвэл болчихмоор л санагддаг.
-Өрхийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлд өөр юу хийвэл дээр вэ. Бодитой жишээ хэлж өгнө үү?
-Би өөрийнхөө байр суурийг илэрхийлье. Ажилгүйдэл, ядуурал гэдэг зүйлийг тодорхой хэмжээнд үе шаттай цэгцлэх хэрэгтэй. Ядуу байх, ажилгүй байхаас үүдэлтэй үр дүнг өөрчлөх ёстой. Өрхийн орлого сайн байвал нүхэн жорлонд бие засаад орчноо бохирдуулаад байя гэж хэн ч бодохгүй. Гэрт амьдраад байя ч гэхгүй. Бушуухан нэг ёмкос булаад байшингаа барина. Хуримтлал байхгүй, тогтмол орлогогүй, мэдлэг чадварын хувьд дутагдалтай болоод ирэхээр л доголдол үүсч байгаа. Үүнийг засахын тулд олон хүчин зүйл хэрэгтэй. Ялангуяа хувь хүнээ хөгжүүлэх нь чухал. Монгол Улсын нийт хүн амын 60 хувь нь залуус. Ирээдүй болсон залуусаа мэргэжил мэдлэгтэй, өрсөлдөх чадвартай болгоё. Араас нь хууль эрх зүйн орчин нь бизнесээ хамгаалсан байх нөхцөлийг бий болгоё. Гэртээ суух биш бизнес хийх нь өгөөжтэй байх татварын таатай орчинг бий болгох ёстой.
-Улс төржилт гэдэг зүйл Монгол орон даяар хавтгайрчихлаа. Энэ нь сайн зүйл үү, муу зүйл үү?
-УИХ-ын гишүүн, Нийслэл, аймгийн ИТХ, дүүрэг, сумдын ИТХ-ын үүрэг тодорхой баймаар байна. УИХ-ын гишүүн нь сонгогдсон тойргийнхоо тамгын газрын барилгын дээврийн өнгийг ямар өнгөөр будахыг шийдээд явмааргүй байна. Манай парламент бодлогын чухал асуудлаа л хэлэлцдэг баймаар байна. Жалга, довны асуудал, цэцэрлэг сургуулийг УИХ биш тухайн нэгж нь ярих учиртай. Ажлын давхцалыг арилгаж, хэт улс төржилтийг багасгах ёстой. Сум, дүүрэг, аймаг, нийслэл гээд сонгогддог иргэдийн төлөөлөгч нарыг тоолоход 10 мянга хол давна. Үүний цаана бөөн улс төржилт явж байгаа. Цөөн тооны чанартай тогтолцоо руу шилжихгүй бол төрийн ажлыг хэтэрхий гажуудуулаад байна уу даа. Юун түрүүнд шат шатны шийдвэр гаргагч нар хэн хэнийхээ ажил руу хальж орж ирдгээ болих ёстой.
Дараагийн чухал асуудал нь, иргэдийн мэдлэг чадварыг дээшлүүлж, төр нь нээлттэй байх ёстой. Яг үнэндээ төрд хэн ямар оролцоотой, ямар үүрэгтэйг иргэд ойлгохгүй байна. Би дүүргийн Засаг дарга байлаа гэхэд цэцэрлэг, сургууль, эмнэлгийнх нь удирдлагыг нийслэлээс томилчихдог. Томилогдсон байгууллагадаа тэд ажлаа тайлагнадаг. Гэтэл Баянзүрх дүүргийн эмнэлэг ачаалалтай ажиллаж, иргэдийг чирэгдүүллээ гэхэд иргэн Засаг даргыгаа л буруутгаж, ханддаг. Тэгэхээр анхан шатны нэгждээ эрх мэдлээ өгч байж энэ гажуудлыг засна.
Эцэст нь хэлэхэд иргэд аливаа үйлчилгээг, тэр дундаа төрийн үйлчилгээг өөрт ойр байгаа цэгээсээ сэтгэл ханамж өндөртэй хүлээж авах ёстой юм шүү.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН
БАЙНГЫН ХОРОО: Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хэлэлцэнэ
Л.Мөнхбаясгалан: Баярлах эрт байжээ
З.Энхболд: 2015 онд "Эрдэнэс Тавантолгой"-г Хятадын компанид бэлэглэсэн бол юун жил бүр ногдол ашиг авах
Л.Энх-Амгалангийнх П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нарынхаас ч аюултай гэв үү
П.Сайнзориг: Цаг хугацаа тэгээд эцсийн шүүгч хийнэ ээ
Путин: Оросын тал зөвшилцөхөд бэлэн
"28 тэрбумаар 32 мянган зуух шинэчилнэ гэдэг дахиад л үр ашиггүй мөнгө гаргаж байгаа ажил"
ТОЙМ: “Үхлийн хөндий”-н өрөвдөм иргэд
А.Амартүвшин: Айл өрхүүдийг хий болон цахилгаан халаагуурт шилжүүлэх тооцоо судалгаа хийж байна
Үндэсний баялгийн санг “Чингис сан” гэж нэрлэв