Шинээр байгуулагдах Засгийн газрын бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа

Ц.Анударь / Улстөр

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинээр байгуулагдах Засгийн газрын гишүүдийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулав.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар Монгол Ардын нам Улсын Их Хуралд үнэмлэхүй олонх буюу 62 суудал авсан. Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулах тухай албан бичиг өчигдөр надад ирсэн байна.

Миний бие Засгийн газрын гишүүдийн анкет, ажилласан байдалтай танилцлаа. Цаашид Засгийн газартай хамтран ажиллахдаа сайд нартай нүүр тулан уулзаж, санал бодлоо илэрхийлж ажиллана” гээд зарим сайд нараас тухайлсан асуулт асууж, ярилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Нэгдүгээрт, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар олон жил төр, засагт ажиллалаа. Ардын намын тавьсан өр, Ардчилсан намын тавьсан өр гэж дэлхий даяар мэдэхгүй. Монгол Улсын өр л гэж бий. Энэ их өрийг дарах уран ухаан, арга залийг та мэргэжлийн хүний хувьд бодож шийднэ биз.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр салбартаа олон жил ажилласан тул чиг үүргээ, салбарын нөхцөл байдлаа мэдэж байгаа байх. Бид өнөөдөр армийнхаа сүр хүчийг харуулах тал дээр тодорхой ажлуудыг эхлүүлснийг үргэлжлүүлэн ажиллана гэж итгэж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан 180 мянган малчин өрхийн хамаарал бүхий салбарын сайд болж байна. Хөдөө аж ахуй бол Монголын онцлог салбар. Мөн энэ салбар эдийн засгийн хос морины нэг буюу хүнээр яривал хоёр хөлийнх нэг нь байх ёстой. Энэ тал дээр өөрөө туршлагатай учраас сайдад дэмжигдсэн болов уу гэж бодож байна. Жишээ нь, хүнсний ногоог дотооддоо тарих талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх байнга ярьдаг. Монгол Улсын жилийн хүнсний импортын үнийн дүнг мэдэж байна уу?

З.Мэндсайхан: ­Ерөнхий импортын харьцаагаа мэдэж байгаа. Үнийн дүнгийн мэдээлэл сайн аваагүй байна.

Х.Баттулга: Хөдөө аж ахуйн сайд болохоо хэзээ сонссон бэ? Энэ чинь маш тодорхой асуудал. Ерөнхий сайд хүнсний ногоо дотооддоо тариалах асуудлыг ярьдаг. Ном, сонин, судалгаа харахад л тодорхой байгаа. Монгол Улс жилдээ 400-500 сая ам.долларын хүнсний бараа импортоор авдаг. Үүнийг 100 хувь дотоодоосоо хангая гэж Ерөнхий сайд ярьдаг. Энэ бол 400-500 сая ам.долларын бараа гаднаас оруулж ирдгийг болино гэсэн санаа юм. Монгол Улс газар нутгийнхаа хэдэн хувьд газар тариалан эрхэлдэг вэ?

З.Мэндсайхан: 21 орчим хувьд.

Х.Баттулга: Газар нутгийнхаа нэг орчим хувьд газар тариалан эрхэлдэг. Бид үр тарианыхаа хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангах боломжтой. Бид жилд хэдэн сая арьс боловсруулдаг вэ?

З.Мэндсайхан: Жилдээ бид 15 орчим сая арьс боловсруулах нөөцтэй.

Х.Баттулга: Жилд 15-20 сая ширхэг арьс боловсруулдаг, үүний 80 хувь нь бог малын арьс байдаг. Бог малын арьс хэдэн төгрөгийн үнэтэй байгаа вэ, малчдынхаа орлогыг яах вэ, жилд хэдэн тонн ноос, ноолуур хураадаг, үүний үнийн дүн хэд байдаг, хэдэн хувийг нь гадагш гаргадаг гэх мэтчилэн асуултуудыг өөртөө тавьж, хэрэгжүүлэх ажилд өнөөдрөөс эхлэн ханцуй шамлан ороорой.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар салбартаа олон жил ажилласан давуу талтай. Хэдэн онд төмөр замын бодлого батлагдсан бэ?

Л.Халтар: 2010 онд батлагдсан. Одоо 10 гаруй жил боллоо. Гол нь төмөр замын салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон. Хөрөнгө мөнгө, царигийн гол асуудлууд байсан. Сая өмнөх УИХ-ын отгон чуулганаар царигийн асуудлыг нэг мөр шийдсэн. Одоо бид нарт ажлаа явуулахад харьцангуй амар боллоо.

Х.Баттулга: 2010 онд батлагдсан бодлого яагаад яваагүй вэ?

Л.Халтар: Одоо үндсэндээ 10 жил болжээ. Мөн хөрөнгө мөнгө, царигийн маргаантай асуудлууд байсан. Ер нь өргөн, нарийн царигийн асуудал улстөржсөн асуудал байсан.

Х.Баттулга: Бид 2010 онд “Нэг улс-Нэг цариг” гэдэг бодлого баталсан шүү дээ. Одоо төмөр замын ажил хэр явж байна вэ?

Л.Халтар: Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын далангийн ажил 93 хувьтай явж байна гэсэн мэдээллийг өчигдөр авлаа.

Х.Баттулга: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажил ямар явцтай байгаа вэ?

Л.Халтар: Тохирсон ёсоор төмөр замаа гар аргаар тавиад үндсэндээ ажил эхэлсэн. Зүтгүүрүүдээ аваачсан байна.

Х.Баттулга: Зүүнбаян-Тавантолгой, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд нийт 800 орчим км төмөр замыг монголчууд түүхэндээ анх удаа тавьж эхлээд, жил хүрэхгүй хугацаа өнгөрч байна. Далайд гарцгүй орны хувьд төмөр зам барих нь маш шаардлагатай ажил гэдгийг эдийн засгийн талаас нь мэдэж байгаа гэж итгэж байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон уул уурхайн салбар, төмөр замынхаа уялдааг ойлгож байгаа юу. Төмөр зам барьж, ложистикийг нь улс шийдээд өгөхөөр олборлолтыг нь хийж, нэмүү өртөг шингээж, экспортод гаргах боломж бүрдэж байгаа. Үүнийг ойлгож ажиллана гэдэгт итгэж байна.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар дэд сайдаар ажиллаж байсан туршлагатай учир өнөөдрийн нөхцөл байдлыг маш сайн мэдэж байгаа байх. Бид өмнө нь хамтарч ажиллаж байсан. Одоо хот төлөвлөлтийн асуудлуудаа жигдлэх хэрэгтэй. Нийслэл дээр болон Барилга, хот байгуулалтын яаман дээр тус бүр хот төлөвлөлтийн асуудал ярьцгааж, хүнд суртлын бүтэц бий болсон. Энэ асуудлыг жигдлэхгүй бол хот төлөвлөлт олон удирдлагатай, нүсэр бүтэцтэй яваад байна. Өнөөдөр гал усны, газар хөдлөлтийн аюул болоход ямархуу нөхцөл байдал үүсэхийг өөрөө мэдэж байгаа. Зургаан баллын газар хөдлөлт болоход нийт барилга, байшингийн 60-70 хувь нь нурахад бэлэн байдалтай болсон. Мөн дагуул хот байгуулах ажилд ханцуй шамлан ороорой. Саяхан УИХ-аар Хот байгуулах тухай тогтоол батлагдсан. Энэ чиглэлд ажиллана гэж ойлгож байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга байсан. УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдлоо. Энэ салбарын сайдаар Ц.Нямдорж олон жил ажилласан. Тэр хүний хэмжээнд хүрч ажиллахгүй бол салбарынхан чинь хүлээж авахгүй шүү гэдгийг өөрт чинь хэлье.

Д.Сарангэрэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллахаар болсон уу. Байгаль орчин, цөлжилт, усны асуудал зэрэг олон ажил хамаарч байгаа юм билээ. Аялал жуулчлалын бодлого өнгөрсөн онд Н.Цэрэнбат сайдын үед Засгийн газраар батлагдсан. Энэ бодлого дээр Н.Цэрэнбат сайдтай хамтарч ажилласан. Энэ салбарт нэг зовлон байна. Дархан цаазат газарт аялал жуулчлалын зориулалт нэрээр газар олгож, түүн дээр нь хаус бариад зардаг шүү. Иймэрхүү асуудлаар эрүүгийн залилангийн хэрэг үүсчихсэн явж байгаа юм билээ.

Шадар сайдаар Я.Содбаатар ажиллахаар болж байгаа юм байна. Олон жил төрд ажилласан, ноён нуруутай сайд гэж бодож байна. Хамтарч ажиллана.

Миний хувьд улстөрчөөсөө илүү эдийн засгийг сэргээх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах зэргээр аж ахуйн асуудлаар та бүхэнтэй илүү хамтран ажиллана. Бүгдээрээ Монгол Улсын Засгийн газрын өрийг төлж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, гурван сая монголчууддаа өгсөн амлалтаа биелүүлэхийн төлөө хамтран ажиллах хэрэгтэй байна. Евразийн дунд өндөр хөгжсөн ардчилсан Монгол Улс бий болох платформыг тавихад сэтгэл шулуудан хамтарч ажиллахыг хүсэж байна. Та бүхэнд амжилт хүсье” гэлээ.

Уулзалтад, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, шинээр томилогдох Шадар сайд Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Соёлын сайд С.Чулуун нар оролцлоо.


Сэтгэгдэл

Зочин [50.7.93.27] 2020-07-17 13:31:43

Said nar odoo yaamduud bvh gazar heltec agentlgiin darga naraa soliood shineer bagaa bvrdvvlen erch hvchteigeer ajilaaaa ehleerei

toli [213.162.72.190] 2020-07-09 04:45:41

mongolin eronhiilogch huuli durminhaa uudnees said nartai ter jarj baigaaraa "hamtran ajillaj" cadahgui.

toli [213.162.72.190] 2020-07-09 04:41:25

ene asuult hariultiig orchuulaad gadaadiin sonin setguuld ogno. humuus mongolin uls torchid eronhiilogch said narin h talaar jaal setgelee hantal ineeg. hahaha

toli [213.162.72.190] 2020-07-09 04:37:06

hahaha...eronhiilogchin asuult. "zaliaar" or darj boldog jum uu?

toli [213.162.72.190] 2020-07-09 04:34:38

eronhiilogchid hariulah jamarch hereg baihgui. mongol uls erpnhiilogchin zasaglalgui. huuli durmee barimtlaach

toli [213.162.72.190] 2020-07-09 04:33:09

Ter emegtei hun jagaad owdgon deeree hagas suusan jum. ingej emegtei huntei harzaj boldog jum uu. edgeer said boloh himuusin jos surtahuun n haachsan jum. ethik gedeg ug er sonsoj baigaagui baih

2 ergelzee bna [202.126.90.124] 2020-07-09 01:17:34

Huduu aj ahiun saidtai malchid tarialanchid geed hunsnii aduudal ulsin bodligotoi uyaldah yostoi malin garaltai tuuhii ed unegui bolsontoi holbootoi yaduural ih bna uuniig yaj zasahiin harjil baiy, za baigalin orchni said bas umnuh saiddaa hurch ajillah hun boluu daa..

Зочин [192.82.70.31] 2020-07-09 00:05:38

Khan uul duuregt Hotgor shanagiin uurhaig zarsan munguur barisan 16 davkhar oron suutsuudiig zarj Bukhmuruni irgeded huvaaj ogohiig Hurelbaatar luivirchinaas shaardaj bna.

Зочин [203.91.115.53] 2020-07-08 23:55:55

Таван толгой гашуун сухайт чиглэлийн төмөр зам яагаад явахгүй байгаа вэ гэсэн асуултанд тохирох хариулт бол "танаас болсон шүү дээ" юм.

Зочин [66.181.177.95] 2020-07-08 21:46:34

Ajilaa avaad neg ch honooguu baihad neeh mundag tsarailj ene

үүү [202.126.89.170] 2020-07-08 21:40:43

Хотгор шанаг зайлаа.

Зочин [103.229.123.220] 2020-07-08 19:06:20

sangiin saidaas zeeliin huug yaraltaa buulgaj ogohiig husej baina hadgalamjiin huug buulgaj baga eh uusvertee mongo bosgoj ondor huutee mongo huulegchdees salgaj ogooch

Zochin [66.181.176.162] 2020-07-08 17:11:12

Hunsnii said mash muu hariullaa


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.