Увсад төв зам сэтэрснээс 500 гаруй аялагч усанд боогджээ

Н.Баярмаа / Орон нутаг

Долдугаар сарын 13-ны 18:00 цагаас орж эхэлсэн аадар бороо гурван өдөр, гурван шөнө үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Увс аймгийн томоохон голууд үерлэж зам сэтэрч, гүүр эвдэрч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.

Увс аймгийн Улаангом сумын Гашууны гол болон, Түргэн, Сагил сумдын нутаг дэвсгэр Хархираа түргэний голууд үерлэж үерийн түвшин 10-43 см ихэссэн байдалтай байна. Үер буусны улмаас гүүр сэтэрч, зам хагарч тээврийн хэрэгсэл, ОХУ-аас ирэх ачаа тээвэр зорчих боломжгүй онцгой нөхцөл байдал үүсжээ.

Зам хаагдсаны улмаас Улаанбаатраас ирж Баян-Өлгий аймгаар аялж, амарч байсан 500 гаруй иргэд Сагил, Түргэн сумын нутаг дэвсгэрт усанд боогдсон байна.

Засаг дарга Д.Батсайхан “Өнгөрсөн хугацаанд 4000 гаруй тээврийн хэрэгслийг цагдаа, хилийн цэргийн алба хаагч нар нэвтрүүлж байна. Гашууны голын бүх машиныг ачиж, чирж, зам гаргаж нэвтрүүлсэн. Хойд чиглэлийн замд ОХУ-аас шатахуун, хүнсний барааны ачилтыг зогсоогоод байна. Долдугаар сарын 17-20-ны өдрүүдэд мөн аадар бороотой гэсэн анхааруулах мэдээ ирсэн тул эхний ээлжинд гацаад буй иргэдийг нэвтрүүлж, дараа нь ОХУ-аас ирэх шатахуун, хүнсний бараа ачааг түр нэвтрүүлэх гармыг сэргээх шаардлага үүсээд байна” гэдгийг хэллээ.

Өчигдрийн байдлаар голын ус үерлэж саваасаа хальж, хар замыг сэтэлж байгаа учраас алба хаагчид, техник оруулах боломжгүй болоод байгаа юм байна. Үерийн улмаас дөрвөн сумын малчид холбоогүй болжээ.

Аймгийн онцгой комисс шуурхай хуралдаж

  • гүүрүүдийн эвдрэл гэмтлийг тогтоох, хохирлын тооцоог гаргах, үерийн аюулд ажилласан зардлын тооцооог гаргаж танилцуулж, шийдвэрлүүлэх,
  • цаашид эвдэрсэн гүүрийг сэргээн босгох ажилд гарах зардлын тооцоог гаргах,
  • Улаангом сумын үерийн ус зайлуулах суваг шуудууны тооцоо судалгааг гаргах,
  • Зам хаасан чиглэлийн Бөхмөрөн, Давст, Сагил, Түргэн зэрэг сумдаас татаж авах жирэмсэн болон хүнд өвчтэй иргэдийн судалгааг гаргах, нэн шаардлагатай тохиолдолд Улсын Онцгой комисст санал хүргүүлж нисдэг тэргээр татаж авах ажлыг зохион байгуулах,
  • Увс аймгийн Боршоо боомтоор орох хөдөлгөөнийг түр хязгаарлах саналыг Улсын Онцгой комисс, Засгийн газарт тавьж шийдвэрлүүлэх,
  • Эвдэрсэн гүүрийг засварлах хугацаанд тээврийн хэрэгслийг саадгүй нэвтрүүлэх түр гарам гаргаж, шаардагдах зардлын тооцоо гаргах,
  • Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх ажлыг эрчимжүүлэх, аялал зугаалгаар явж байгаа иргэдэд үерийн ус татартал хөдөлгөөн үйлдэхгүй, аюулгүй байдлаа хангаж ажиллах талаар ухуулга сурталчилгаа зохион байгуулж ажиллах,
  • Үер, усны болон болзошгүй байгал цаг уурын аюулт үзэгдлийн эрсдэлээс урьдчилан сэргийлж сум, албан газар аж ахуйн нэгж байгууллагуудыг ажлын тусгай горимоор ажиллуулж, эргүүл, жижүүр томилж ажиллах зэрэг шийдвэрүүдийг тус тус гарган ажиллаж байна гэж Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [103.212.118.29] 2020-07-16 06:46:37

Юм л бол гадаадад дотоодод бооглоо гэж ярих хэрэггүй төр засагт хамаагүй явганаар явна бүз


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.